Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 оны шинэ жилээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн ард түмэндээ илгээсэн мэндчилгээ ихээхэн дуулиан тарьсан юм. Тэрээр шинэ оны өмнө мэндчилгээ дэвшүүлэхдээ "ирэх жил шинэ сонголтын жил байх болно" гэсэн агуулгатай үг хэлсэн юм. Тэр үед МАН парламентад үнэмлэхүй олонхи байлаа. МАН-ын даргаар буюу Ерөнхий сайдаар Н.Энхбаяр ажиллаж байсан үе. Н.Багабанди МАН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон юм.
Ийм үед Н.Багабанди "шинэ сонголт"-ын тухай ярьсан нь асуудал үүсгэсэн билээ. Учир нь МАН-ынхан "шинэ сонголт" гэсэн үгэнд ихээхэн эмзэглэж Ерөнхийлөгч Н.Багабандийг яагаад "шинэ сонголт" гэсэн үг хэлэх болсон талаараа тайлбар шаардах болсон юм. УИХ-ын олон доржуудын нэг Ж.Бямбадорж л гэхэд Н.Багабандийг ийм мэндчилгээ дэвшүүлснийхээ төлөө уучлал гуйхыг шаардаж байлаа.
Үүнтэй зэрэгцээд сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн "Шинэ сонголт" гэсэн үгэн дээр сайн тоглолт хийсэн. Шинэ сонголт гэдэг нь эрх баригч МАН-ыг биш АН-ыг сонго гэсэн үг юм. Ерөнхийлөгч АН-ыг сонгохыг уриалсан шинэ мессежийг ард түмэндээ илгээлээ гээд олон янзаар тайлбарласан даа.
Тийм ч учраас 2004 оны АН-ын нэг уриа бол "Шинэ сонголт" байлаа. "Шинээр сонгож, өөрөөр сэтгэнэ" гээд явж өгсөн дөө. "Энэхүү "шинэ сонголт" гэсэн үгнийхээ дараа Н.Багабанди "урт шар дээлтээс сэрэмжлэх тухай" ярьсан нь бас л ээлжит дуулиан болоод өнгөрсөн. Ямар ч гэсэн Н.Багабандийн "Шинэ сонголт" гэсэн үг 2004 оны сонгуульд нөлөөллөө үзүүлсэн юм.