Хэдхэн долоо хоногийн өмнө ертөнц дахины гоо бүсгүйг тодруулах ёслолын үеэр хөтлөгч Стев Харвей алдаа гаргаж, ялагчийн нэрийг эндүү зарлан олны анхаарлыг татаад байсан билээ. Энэ хэргийн дараа алдарт хөтлөгч уучлалт гуйж, Колумб болон Филиппиний миссүүдэд амжилт хүссэн юм. Тэгвэл энэ хэрэг явдлын дараа Филиппиний гоо бүсгүй анх удаа хэвлэлд яриа өгсөн байна. Бүсгүй "Тухайн үед бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Тэмцээн дуусах үед би хэвлэлүүдэд ярилцлага өгч байсан ч тухайн үед гайхшралаасаа гарч чадахгүй байсан юм. Миний оролцсон тэмцээн уралдаанд ийм алдаа гарсан нь үнэхээр сонин хэрэг. Колумбийн миссийн санаа сэтгэл ямар байгаа бол гэдэгт санаа минь маш ихээр зовж байсан. Гэхдээ Колумбийн мисс авъяаслаг, дотоод гоо үзэсгэлэнтэй нэгэн учир бүх зүйлийг эерэгээр хүлээн авсан гэдэгт итгэлтэй байна.
Одоогоор би хэд хэдэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөчихсөн байгаа. Ертөнц дахины миссийн титмийг хүртсэн үүрэг хариуцлагаа ухамсарлах болно”гэжээ.
Филиппин улсын гоо бүсгүйн хувьд жүжигчин мөн загвар өмсөгчөөр ажиллаж ирсэн бөгөөд 11 настайдаа кинонд дүр бүтээж байжээ.
Харин хэдхэн хором миссийн титмийн эзэн болоод эргүүлэн алдсан Колумбийн гоо бүсгүй Ариадна сэтгэл дундуур үлдсэнээ орон нутгийн радиод өгсөн ярилцлагадаа дурджээ.
Би тухайн үед үнэндээ юу болоод байгааг ойлгохгүй байсан. Тэмцээний дараа маш цөөхөн хүн надтай утсаар ярьж, надад ямар байгааг асуусан. Үүнд л би маш ихээр гомдсон. Надад үнэхээр хэцүү байсан. Би хүсч мөрөөдөж, хөдөлмөрлөж, тэмцэж байсан зүйлээ үнэхээр сонин байдалтайгаар алдсан. Миссийн тэмцээнийг зохион байгуулагчид хэвлэлийн хурал ч хийгээгүй. Болсон үйл явдлын талаар олон нийтэд ойлгуулах хэрэгтэй шүү дээ" гэлээ."Miss Universe" тэмцээнд Колумб улсыг төлөөлөн оролцсон Ариадна Гутиеррез нь 2014 онд Колумбийн миссийн титмийг хүртсэн юм. Өдгөө 22 настай тэрээр телевизийн хөтлөгчөөр ажилладаг байна.
Болд-Эрдэнэ Тэргэл /UBS/