Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны 10/39 тогтоолоор баталсан иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар шинээр өмчлүүлэх 52 байршлын хоёрдугаар ээлжийн цахим бүртгэл өнөөдрөөс эхэлж байна.
-Энэ удаад иргэд аль байршлуудад газар өмчлөх хүсэлт гаргах эрхтэй вэ?
-Таван байршилд иргэдийн хүсэлтийг хүлээн авахаар болсон. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт уулын баруун хоолой, Баянзүрх дүүргийн Улиастай дахь Их цуурай болон Бага цуурайн ам, Багануур дүүргийн Тариан булагийн II хэсэг, Баганхангай дүүргийн Хангайн хөндийн I хэсэг зэрэг таван байршилд нийт 12 мянга 388 иргэнд цахимаар газар өмчлүүлнэ. Дээрх байршлуудаас сонголтоо хийж, газар өмчлөх хүсэлтээ цахимаар илгээнэ
-Газар өмчлөх иргэдийн хүсэлтийг хэд хоногийн хугацаанд хүлээн авах вэ?
-Журмын дагуу иргэдээс газар өмчлөх хүсэлтийг өнөөдрийн 12.00 цагаас эхлэн 15 хоногийн турш 24 цагаар хүлээн авна.
-Өмнөх бүртгэлээс өмчлөөгүй гурван байршил үлдсэн гэсэн. Эдгээр байршилд иргэдийн хүсэлтийг дахин хүлээн авах уу. Олон хүн газар өмчлөх хүсэлт гаргасан. Гэтэл яагаад дээрх байршлуудад иргэд газар өмчилсөнгүй вэ?
-Өмнөх таван байршлаас Сонгино хайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булгийн I хэсэг, Багахангай дүүр гийн Бор-Үзүүр гэсэн гурван байршил үлдсэн. Энэ удаад эдгээр байршилд 1443 иргэний хүсэлтийг хүлээж авна. Өөрөөр хэлбэл, нийт найман байршилд 13 мянга 831 иргэн газар өмчлөх хүсэлт гаргах бүрэн боломжтой гэсэн үг. Яагаад гурван байршил үлдсэн гэхээр зарим иргэд цахимаар сонгогдсон хэрнээ заасан хугацаанд өргөдлөө өгч газраа баталгаажуулаагүй. Тиймээс бид тэдгээр иргэнд боломж олгож 14 хоногоор дахин хугацааг нь сунгасан. Гэвч энэ хугацаанд тэдгээр иргэн бас л өргөдлөө өгөөгүй. Тийм болохоор энэ удаагийн газар өмчлөлд оруулж байна.
-Газар өмчлөлийн бүртгэл хүлээн авдаг цахим программ өмнөх бүртгэлийн үеэр гацсан тохиолдол бий. Түүнээс болж зарим иргэн баталгаажуулалтын кодоо мартах асуудал гарсан. Энэ удаад программын хүчин чадлыг нь хэр сайжруулсан бэ?
-Өмнөх таван байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт явуулахад бага зэргийн гацах асуудал гарсан. Учир нь, Мэдээлэл технологийн газраас бэлтгэсэн цахим программ. Түүнийг дөнгөж эхлүүлж байсан болохоор ачааллаа дийлэхгүй гацах, доголдох зэрэг асуудал үүссэн. Гэхдээ тухайн доголдлыг манай инженерүүд цаг алдалгүй түргэн шуурхай засч залруулсан. Харин энэ удаад ийм асуудал гарахгүй. Систем болон програм хангамжийн хүчин чадлыг сайжруулсан. Тиймээс иргэд цахимаар хүсэлтээ илгээхэд ямар нэг хүндрэл гарахгүй. Үүнээс гадна өмнөх бүртгэлийн үед иргэдээс "Цахимаар бүртгэл хийх гэхээр ойлгохгүй байна” гэсэн гомдол ирж байсан. Тиймээс энэ удаад газар өмчлөлийн цахим бүртгэл иргэдэд илүү ойлгомжтой болсон. Хоёр дахь удаагийн бэлтгэл ажлын хүрээнд системийг бүрэн шинэчилсэн.
-Өмнөх таван байршилд сонгогдсон иргэд заасан хугацаанд яагаад өргөдлөө өгч, баталгаажуулахгүй байна вэ. Тэд газар өмчлөх эрхтэй болсон гэдгээ мэдсэнгүй юу. Танай байгууллагын зүгээс иргэдэд өгөх мэдээлэл дутмаг байна уу?
-Бид хангалттай мэдээлэл өгч байгаа. Газар өмчлөх хүсэлт гаргаад сонгогдсон болон сонгогдоогүй тохиолдолд тухайн иргэний гар утас эсвэл e-mail хаягт мэдээлэл явуулдаг. Тэдэн сарын тэднээс тэдний хооронд өргөдлөө өгнө үү гэсэн мэдээллийн илгээдэг. Мөн зарим тохиолдолд утсаар хэлдэг. Гэтэл тэдгээр иргэн ямар нэгэн шалтгаанаар өргөдлөө өгөхгүй, хоцорсон. Ингэснээр эрхээ хүчингүй болгуулсан. Тухайлбал, өөрсдийнхөө хайнга байдлаас эсвэл гадаадад явж байгаад мэдээгүй ч гэдэг юм уу иймэрхүү шалтгаантай байх жишээтэй.
-Цахим системээр газар өмчлүүлэх ажил тодорхой хэмжээний дүрэм журамтай. Энэ удаад түүнд нэмэлт өөрчлөлт орсон уу?
-Тухайн журамд өөрчлөлт ороогүй. Тухайлбал, урьд өмнө нь нийслэлд болон хөдөө орон нутагт газар өмчилж аваагүй байх, Нийслэлийн өмчийн харилцааны газраас хөдөө орон нутагт газар өмчлөх тухай лавлагаа аваагүй байх, 2013 оны тавдугаар сарын 30- наас хойш нийслэл хотод шилжин суурьшсан байх ёстой. Эдгээр шаардлагыг хангаж буй иргэд газар өмчлөх хүсэлт илгээх бүрэн боломжтой. Өмнө нь эцэг эх нь 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш нийслэд шилжин ирж, бүртгүүлсний дараа хүүхэд нь төрсөн тохиолдолд аль аль нь газар өмчлөх хүсэлт гаргах боломжгүй байсан. Тэгвэл энэ удаад эцэг эх тухайн өдрөөс хойш хотод шилжин ирсний дараа төрсөн хүүхэд газар өмчлөх хүсэлт гаргах бүрэн боломжтой болсон. Жишээлбэл, 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш хэзээ ч төрсөн байж болно. Энэ онд төрсөн хүүхэд ч хамрагдах бүрэн боломжтой.
-Өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүд зэрэг өөрсдөө газар өмчлөх хүсэлт гаргах боломжгүй хүмүүс хэрхэн бүртгүүлэх вэ?
-Газар өмчлөх хүсэлтэй боловч иргэний эрх үүргээ биечлэн хэрэг жүүлэх боломжгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүд, интернэт сүлжээнд холбогдоогүй иргэд итгэмжлэгдсэн төлөөллөөр дамжуулан хүсэлт гаргах боломжтой.
-Газар өмчлөх хүсэлт өмнө нь гаргаад сонгогдоогүй болон сонгогдсон хэрнээ өргөдлөө өгч, баталгаажуулаагүй иргэд энэ удаад дахин оролцох боломжтой юу?
-Өмнө нь хүсэлт гаргаад сонгогдсон хэрнээ өргөдлөө өгөөгүй болон огт сонгогдоогүй хүмүүс оролцох боломжтой. Гэхдээ хүсэлт гаргаад огт сонгогдоогүй иргэд энэ удаагийн газар өмчлөлд өмнөх кодоороо хамрагдах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, кодоо хийж баталгаажуулахад л болно. Учир нь, өмнө нь цахимаар хүсэлт гаргаж байсан болохоор тухайн хүний мэдээлэл манайд байдаг. Тиймээс автоматаар бүртгэгдэнэ гэсэн үг. Нэгдүгээр ээлжийн газар өмчлүүлэх ажлын хүрээнд 281 мянга 440 хүн хүсэлт илгээсэн. Үүнээс өргөдөл өгсөн боловч баталгаажуулаагүй 16943, зөвшөөрөл олгосон 14954, зөвшөөрөл олгогдоогүй 249543, хүчингүй өргөдөл 411 байсан. Мөн 2013 оны тавдугаар сарын 30-наас хойш төрсөн боловч сонгогдсон хүүхэд 365 байсан.
-Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га газар бүхий нийт 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж байна. Эдгээр байршил дууссаны дараа иргэдэд шинээр газар өмчлүүлэх үү?
-Энэ бол хоёрдугаар ээлжийн газар өмчлүүлэх ажил. Цаашид нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн зургаан дүүргийн 44 байршилд үе шаттай зохион байгуулна. Үүний дараа газрын нөөцийн судалгааг үндэслэн нийслэл дэх газар өмчлөх ажлыг тасралтгүй эрчимжүүлж ажиллахаар төлөвлөж байна. Нийслэлд 2003 оноос газар өмчлөлийн ажлыг зохион байгуулснаар 11 жилийн хугацаанд нийт 110 мянган иргэнд газар өмчлүүлсэн. Үүний 90 хувь нь тухайн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа зөвхөн эзэмшиж байсан. Харин үлдсэн 15 мянга орчим нэгж талбарыг иргэдэд шууд өмчлүүлсэн.
С.ЮМСҮРЭН