Хүний хүчин зүйлээс үүдэлтэйгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт жил ирэх тусам хүн төрөлхтөний санааг зовоож байгаа билээ. Тэгвэл энэ өвөл уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан цочир хүйтрэл явагдаж байна. АНУ-д урьд өмнө тэмдэглэгдээгүй их хэмжээний цас орсны улмаас олон хүний амь эрсдэж, зам харилцаа боогдож, онц байдал зарлаад байгаа бол Ази тивд ч мөн хүйтний эрч чангарсаар байна.
Тухайлбал Зүүн Өмнөд Азийн орнуудад цаг агаар огцом хүйтэрсний улмаас зарим дулаан уур амьсгалтай оронд хүйтний улмаас иргэд амиа алдах тохиолдол ч гарчээ. Одоогоор хүйтнээс болж 50 гаруй хүн амь насаа алдаад байгаа тухай мэдээлэл цацагдлаа. Ялангуяа Солонгосын хойгт хүйтний эрч ихээхэн нэмэгдэж Өмнөд Солонгосын Чэжү аралд л гэхэд сүүлийн 30 жилд ороогүй их цас орсон байна. Үүнээс болж олон зуун нислэг цуцлагджээ. Манай урд хөрш ч мөн цаг агаарын таагүй байдлаас болж зарим хотуудад онц байдал зарлаж эхэлжээ. Хонконгт сүүлийн 60 орчим жил ажиглагдаагүй хүйтэн болж, агаарын хэм цельсийн гурван хэм хүрч буурсан байна. Түүнчлэн Хятадын Гуанжоу хотноо 1929 оноос хойш анх удаа цас орсон талаар "Weibo” сайтад мэдээлжээ.
Японд огцом хүйтэрч, цас их орсноос болж осол гэмтлийн улмаас таван хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртээд байна. Мөн дулаан уур амьсгалтай Тайвань аралд ч их хэмжээний цас орж температур цельсийн таван хэмд хүрч иргэдийг цочирдолд оруулжээ.
Өмнөд Азийн халуун дулаан орнуудаас бусад төв Ази, Зүүн Өмнөд Азийн орнуудад энэ хүйтрэл явагдаж байгаа юм. Казакстан, Киргизстан зэрэг орнууд ч мөн хүйтний эрч нэмэгдсэн байна. Манай оронд ч мөн энэ өвлийн хүйтний эрч урьд урьдынхаас их байгаа билээ.
Үүнээс үндэслэн цаг уурчид Ази тивд энэ өвөл цаг агаараас шалтгаалан илүүтэй хүнд өвөлжиж магадгүй, дагаад эдийн засаг нийгмийн байдал ч хувиран өөрчлөгдөж болзошгүй хэмээн мэдээлж байгаа аж.