|

“Эрдэнэт транспорт” компанийн нийтийн тээврийн салбарт ажиллах гэрээг цуцалжээ

saikhnaa 2016/01/29 881 0

“Эрдэнэт транспорт” компанийн нийтийн тээврийн салбарт ажиллах гэрээг цуцалжээ

 

Манай аймгийн нийтийн тээврийн салбарт 7 ААН үйл ажиллагаа явуулж байснаас нэгийнх нь гэрээг цуцалжээ. Тодруулбал, Холбогдох стандартын шаардлагыг хангаагүй буюу тохирлын үнэлгээнд тэнцээгүй шалтгаанаар "Эрдэнэт транспорт” компанийн гэрээг цуцалсан байна. Түүнчлэн тус компани сүүлийн хоёр жилийн турш холбогдох байгууллагатай гэрээ байгуулаагүй юм байна.

Тухайн компанийн харьяанд 113 тээврийн хэрэгсэл ажиллаж байсан. Эдгээр нь хот доторх зургаан маршрут болон Булган, Дархан-Уул аймгийн чиглэлд зорчигч тээвэрлэдэг байжээ. Ийнхүү "Эрдэнэт транспорт” компанийн гэрээг цуцалснаар 113 жолооч ажлын байргүй болох асуудал хөндөгдсөн байна. Тиймээс Авто тээврийн төвөөс дээрх жолооч нарыг бусад компаниудад шилжүүлсэн байна.

Тодруулбал, Хотын доторх такси үйлчилгээнд ажиллаж байсан тээврийн хэрэгслүүдийг "Авто мастер төв” компанид шилжүүлсэн бол "ББ-ОД” компанид Дархан-Уул аймгийн чиглэлд зорчигч тээвэрлэж байсан тээврийн хэрэгслүүдийг шилжүүлжээ. Харин Булган аймгийн чиглэлд ажиллаж байсан тээврийн хэрэгслүүдийг "Эрдэнэт Арслан” компанид шилжүүлэхээр болсон байна.

Аймгийн Авто тээврийн төвийн даргын тушаалд дурдсанаар дээрх зохион байгуулалтыг түр хугацаанд хийж байгаа юм байна. Учир нь "Эрдэнэт транспорт” компанийн оронд ажиллах ААН-ийг удахгүй сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Erdenetinfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top