Орхон аймгийнхаа нийт иргэд та бүхэндээ XYII жарны Гал бичин жилийн сар шинийн баярын мэнд дэвшүүлье. Улиран одож буй хөхөгчин хонин жил Эрдэнэтийнхэн бидний хувьд итгэл сэтгэл дүүрэн, амжилт ололт арвин, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, урлаг соёл, спорт гээд нийгмийн амьдралын бүх л салаа мөчирт үр жимсээ харамгүй хайрласан өнтэй сайхан жил байлаа.
Хэдийгээр
улс орны эдийн засаг хямралтай, Монгол Улсын гадаад зах зээлд гаргадаг
уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй сул байсан ч орон нутгийн
хурал, захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагууд чармайн ажиллаж, түмэн
олон маань хичээн зүтгэсний үр дүнд аймгийн хэмжээнд өмнөх оноос
үйлдвэрлэлт боловсруулах аж үйлдвэрийн салбарт 29.6 хувиар, цахилгаан
дулааны үйлдвэрлэлийн салбарт 17.7 хувиар өссөн дүн гарсныг тэмдэглэн
хэлэхэд таатай байна.
Манай
Орхон аймаг 2015 онд гадаад худалдаагаар 1.6 их наяд төгрөгийн бараа
эргэлт хийж, аж үйлдвэрийн салбарт 1.3 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэн борлууллаа. Малчид маань мал сүргийнхээ чанарыг сайжруулж,
тариаланчид маань газар тариалангийн эрчимт хөгжлийн гол үзүүлэлт болсон
га-гаас авсан ургацын хэмжээгээр улсдаа тэргүүлсээр байна.
Гал
бичин жилийн босгон дээр Хөхөгчин хонин жилийн Улсын сайн малчнаар
Баян-Өндөр сумын Баянцагаан багийн малчин С.Магсар, Улсын тэргүүний
тариаланчаар Жаргалант сумын тариаланч Д.Батболд, Баян-Өндөр сумын
тариаланч Б.Оюун нарыг, Улсын тэргүүний тариаланч хамт олноор Жаргалант
сумын "Бүтлийн Ундарга” ХХК , "Орхон тариа” ХХК-ний хамт шалгарсан бол
Орхон аймгийн сайн малчнаар Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин
Б.Золбоо, тэргүүний тариаланчаар Жаргалант сумын Улаантолгой багийн
тариаланч Ц.Хасгаа, С.Амартүвшин нарыг, тэргүүний тариаланч хамт олноор
Баян-Өндөр сумын "Сүмийн нуга” хоршоо, Жаргалант сумын "Хан угтаал
ХХК”-иуд шалгарсан нь амжилт ололтын зүй ёсны илэрхийлэл болж байна.
Аймгийн
Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт гурван жилийн
байдлаар өссөн дүнгээр 85.6 хувьтай гарч Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас
"Хангалттай” хэрэгжиж байна гэсэн үнэлгээ өглөө.
Аймаг,
хотын хэмжээнд хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын алдаа оноог
хэлж санал, хүсэлт, талархлаа байнга ирүүлж байгаа та бүхэндээ энэхүү
завшааныг ашиглан амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.
Та
бүхэндээ аймаг, хотоороо амар амгалан, айл хотлоороо сэтгэл тэнэгэр
байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД ЭРДЭНЭТ
ХОТЫН ЗАХИРАГЧ С.ДАНГААСҮРЭН