Жил бүр шинэ жил, цагаан сар, наадам, хичээлийн шинэ жилийн үеэр валютын ханш өсдөг нь бичигдээгүй хууль бас мөчлөг гэлцдэг. Гэвч өнгөрсөн 2013 оноос эрчимтэй өссөн ноён ногооны ханшийг хазаарлаж чадаагүй юм. 2013 оны хоёрдугаар сарын 14-нд Монголбанкны албан ханшаар ам.доллар 1391 төгрөгтэй тэнцэж байв. Гэтэл энэ сарын 9-нд албан ханш 1949 төгрөг байсан бол арилжааны банкууд 2023 төгрөгөөр зарж байлаа.
Төсөв хүндэрч, данс улайвал нэн түрүүнд төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй. Мөн тэтгэвэр, тэтгэмж олгогдохгүй. Хэдийгээр макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд тогтворжсон хэмээн албаныхан сайрхаж байгаа ч сар шинийн баярыг тэмдэглэхийн тулд орон сууц, хашаа байшин болон бусад зээлээ төлж чадаагүй хүмүүс олон байгаа аж. Мэдээж энэ нь хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээлийн бүртгэлд орчихно. Үүний хор уршгийг зээлдэгч этгээд буюу монголчууд бултаараа л үүрч таараа. Учир нь өр зээлгүй, лизинггүй нэгээхэн ч хүн байхгүй биз ээ. Хавь ойрын таньдаг мэддэг бүх л хүн их бага хэмжээгээр өр зээл тавьсан байх юм. Адаглаад л цалингийн зээлтэй байна.
Аалзны тор шиг хэрсэн өр зээл айл өрхөөс эхлээд улсыг минь ч тойрсонгүй дайрчихсан. "Чингис”, "Самурай” бонд, Хөгжлийн банкны зээлийг даравч далдайж, булавч бултайх нь тодорхой. Эдгээр нь мэдээж бидний халаглаад байдаг өнөөх л ноён ногооноор тооцогдоно. Улс нь валютын зээлтэй, ард түмэн нь ч валютын зээлтэй.
Гадаад валютаар зээл авсныхаа горыг сүүлийн жилүүдэд амсч суугаагаа халаглах хүн тун цөөнгүй байгаа аж. Сар шинийн баяраар ах дүүстэйгээ золгож, мэнд мэдэх зуур "Ам.долларын ханш буурах уу, өсөх үү” гэж асуусан нэлээд хэдэн хүнтэй таарав. Тухайлбал, 2013 онд Сүхбаатар дүүргийн иргэн Д.Жамц ам.доллараар хашаа байшингийн зээл авчээ. Тэрээр сард 317 мянган төгрөг төлж байсан аж. Гэтэл өдгөө 475 мянган төгрөг төлж буй. Мэдээж зөрүү нь жил бүр өссөн нь анх төлөвлөж байснаас 150-160 мянган төгрөгийн зөрүүтэй. Энэ нь тэр гэр бүлийн өрхийн амьжиргаанд шууд нөлөөлж байгааг гэрийн эзэгтэй хэлсэн юм.
2014 оноос эрчээ аван өссөн ам.долларын ханшийг хэрхэн хазаарлах вэ. Хүмүүсийн амьдралд хүнд ачаа болж байна хэмээн шаагилдаж байсан нь саяхан. Гэтэл 2000-ын босгыг аль хэдийн давсан ногоон мөнгийг тоохоо ч байсан мэт хэн ч ам үл нээнэ. Магадгүй валютын ханшийн өсөлтөд хүчээр нөлөөлөх боломжгүй гэх биз.
Учир мэдэх зарим нэг нь энэ жилдээ багтан ноён ногоон гурван мянгад дөхөж очих тухай хэлж байна. Хэрэв энэ үнэн бол валютын зээлтэй хүмүүс хэрхэн ёстой вэ. Эдийн засаг нь хямарсан энэ цаг үед зээлээ төлөхийн тулд хоногийн хоолоо хугаслан бүсээ эцэст нь тултал чангалаад ч нэмэргүй болох нь уу.
Магадгүй энэ нь дэлхийд Монгол Улсыг хүнд байдалд оруулж, дефольт зарлах хэмжээнд тулгах вий гэх болгоомжлол ч бас байна.
Мэдээж ханшийг хүчээр буулгахаас илүү макро эдийн засгийн зохистой бодлого явуулах нь зүйтэй гэх биз. Үүний тулд хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх замаар валютын ханшийн дунд, урт хугацааны тэнцвэрт эергээр нөлөөлөх бодлого баримталж байгааг албаныхан хэлж байсан. Гэвч ханшинд нөлөөлөх бас нэг хүчин зүйл бий. Энэ нь инфляц. Инфляц хэт буурах нь ханшийг хөөрөгдөх талтай гэдгийг эдийн засагчид хэллээ. Бид инфляциа хазаарлаж нэг оронтой тоонд хүргэсэн хэмээн бардамнаж буй. Тиймээс орон сууцны зээлийн хүүг таван хувьд хүргэх боломж бүрдсэн гэдэг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд мөнгө хэвлэхээс гарцаагүй хэмээн зарим нэг нь хардаж буй. Хэрэв мөнгө хэвлэвэл ам.долларын ханш өсөх нь дамжиггүй хэмээн эдийн засагч, судлаачид онцолсон. Учир нь ипотекийн зээлийн хүүг таван хувьд хүргэх сургаар ам.долларын ханш аль хэдийн 20 гаруй төгрөгөөр нэмэгдсэн юм. Төвбанкны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино гэж заасан байдаг. Гэтэл Төвбанк нь үндсэн зорилтоосоо хазайж бизнест хутгалдах нь хэр зохистой вэ хэмээн бизнесийнхэн гайхширсаар. Тэд төгрөгийн ханш хамгийн тогтворгүй болсныг төлөөсийг иргэд, бизнес эрхлэгчид төлнө хэмээж буй. Хатуу ч гэсэн үнэний ортой л үг.
Өр 1000 хүрэхээр цайрдаг юм хэмээн дээр үед хошигнодог байсансан. Харин ноён ногооны ханш 2000 давахаар хэн ч, юу ч хэлэлгүй, дуугүй өнгөрөх нь дасал болсны шинж гэлтэй. Бага багаар өсгөж, хүмүүсийг дасгасан ноён ногоон хаа хүрч зогсохыг таашгүй. Учир мэдэх зарим нэгний хэлж буйгаар сонгуулиас өмнө 2500 хүрч зогсвол зол болох сурагтай. Бид ч сургийг баталгаажуулж, түүндээ дарлуулсаар хэдэн жилийн нүүр үзсэн улс. Магадгүй ноён ногоонд дарлуулсан монголчууд халаглахаа ч болих бололтой. Ногоон мөнгөнд биш төгрөгт дарлуулахсан.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин