Их өр гэж бидэнд байлаа. Их гэж тодотгох нь нэг талдаа "хур өр” гэсэнтэй адил сонсогдоно. Цаг хугацааны хувьд их удааж царцаасан өр юм даа. Зөвхөн хойд хөрш буюу ОХУ талд төлөх, хуучин ЗХУ-аас дамжсан өр. Монгол хүн бүрт хуваахад л хангалттай дарамттай сонсогддог энэ өрийн түүх урт. Энэ мөнгөөр хийсэн бүтээсэн, босгосон ч юм их. Гэхдээ энд их өр хэрхэн бий болсон ба юу үлдээсэн талаар ярих гэвэл улсынхаа 50 жилийн бүтээн босголтын түүхийг ярих болно. Тиймээс энд өрийг манай улс хэрхэн барагдуулсан ба яагаад дахин дахин Их өр босч ирээд байсан талаар товч авч үзлээ.
Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр нь 1949-1991 оны хооронд ОХУ /ЗХУ-аас/ авсан зээлээс үүдэлтэй өр байлаа. Учир мэдэх хүний тодруулж хэлснээр бол үүний 9.6 тэрбум төгрөг нь үндсэн өр, 2.2 тэрбум төгрөг нь хүү байсан аж.
2003 оны 12-р сард Монголчууд маань олноороо нэг их баярлах хэрэгтэй болсон нь ОХУ-д төлөх Их өрийг тэглэсэн талаарх мэдээ байлаа. ОХУ-ын Элчин сайдын яамны өрөөнөөс шууд эфир гарч мөнгөө шилжүүлж дууслаа. Өрөө тэглүүлсэн гэж магнай тэнийсэн улстөрчид эфирт нүүр дүүрэн гарч байлаа.
Арай ч олимпийн аварга төрсөн шиг иргэд талбай дээрээ гарч төрийн түшээд халамцуу гар барилцаж индэр дээрээс уухайлсангүй. Гэхдээ "ИХ ӨР” гэсэн үг ард үлдлээ. Улс маань өргүй боллоо гэж нийтээрээ сайшаан хэлэлцсэн. Оросууд хоншоортой гэж зарим нь ах нараа магтсан. Бодит хэрэг дээрээ ямар гэрээ хэлцэл явагдаад 50 орчим жилд бөөгнөрсөн 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр цайрав гэдгийг мэдээлэл багатай олон нийт сайн ойлгоогүй үлдсэн.
2000 оны сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАХН, түүний Засгийн газар Мянганы зам зэрэг дуулиантай ажлууд эхлүүлээд байсан. Үүнийхээ залгаа болгож Их өрийн асуудлыг шийдвэрлэж сонгуульд сюрприз барих чиглэл гарган ажиллаж эхэлжээ. Энэ зорилгоор 2003 онд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд асан С.Касьяновтой хэлэлцээр хийн, улмаар харилцан ойлголцлын санамж бичиг үйлдэж, 11.4 тэрбум төгрөгийн шилжих рублийн өрийг шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ энэ дотроосоо "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой 260.3 сая шилжих рублийн өрийг шууд чөлөөлсөн бол бусдыг 97.8 хувиар хөнгөлж, үлдэх 2.2 хувийг шууд шилжүүлж төлсөн байдаг. Үүгээр харах юм бол ИХ ӨР энэ цагт тэглэгджээ. Тохирсон ёсоор үлдэгдэл 250 сая ам.долларыг манай Засгийн газар он дуусахын өмнө ёстой чардайж байж хоёр удаагийн гүйлгээгээр Оросын талд шилжүүлсэн тухай дурсамж яриа байдаг.
Тэр үед буюу 2003 онд 250 сая ам.долларыг нөөцнөөсөө гаргаад өгчих хуримтлалтай хэмжээнд манай эдийн засаг хүрээгүй байсан гэдэг. Тиймээс УИХ-д хандаж, улсын валютын нөөцөөсөө дэмжлэг авах тухай асуудлыг шийдүүлжээ. Мөн өөрийн нөөц бололцоогоор нийт төлбөрийн 20 орчим хувийг Засгийн газар бэлнээр нөөцөлж чадсан гэдэг. Саалийн ганц үнээ "Эрдэнэт” үйлдвэрээс тодорхой гэрээ хэлцлүүдийг хийж татварын урьдчилгаа авч. Мөн Засгийн газрын хатуу тохиролцоотойгоор уул уурхайд ажиллаж байсан компанитай тохиролцон богино хугацааны зээл хүртэл авч нэмэрлэжээ.
Ингээд ямар ч байсан гэрээнд тогтсон хугацаандаа Монгол Улс төлбөрөө бүрэн барагдуулж чадсан тухай дурсамж яриа байдаг. Энэ нь тухайн үед Монгол Улсад хийгдэж байгаагүй санхүүгийн том үйл ажиллагаа байсан ба энэ ажлыг тухайн үеийн сангийн сайд Ч.Улаан гардаж байсан болов уу. Монгол Улс нэг дор 250 сая ам.долларын гүйлгээ хийж байсан тохиолдол өмнө нь байгаагүй гэдгийг энд онцлон хэлдэг.
2003 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монголын талаас Их өрийг тэглэх хэлэлцээрийн сүүлчийн төлбөр хийгджээ. Түүний дараа өр дарагдлаа, Их өр тэглэгдлээ, Монгол Улс үүргээ биелүүлсэн байна гэсэн дүгнэлт гарсан гэж байгаа.
Дараагийн жилүүдэд бүхнийг тэр дундаа Их өр дарсныг ч улс төржүүлэх үед дээрх 230 сая ам.долларыг бүрэн шилжүүлээгүй гэж хэвлэлээр яригдсан. Гэвч 230 сая ам.доллар хоёр удаагийн гүйлгээрээр хийгдэж энэ асуудал дууссан гэдгийг тухайн үеийн сангийн сайд байсан Их хурлын гишүүн Ч.Улаан хэвлэлд удаа дараа мэдэгдсэн байдаг.
Гэтэл яагаад бараг 16 жилийн дараа их өр тэглэгдсэн "баяр”-ыг бид дахин хийх хэрэгтэй болов. Энэ өрийг дарахад түүхэн гавьяа байгуулсан ба оройлон оролцсон гэсэн улстөрчид тодрон ярилцлага өгөөд эхлэв.
Дээр дурдсан 2003 онд ОХУ-ын талтай гэрээ хэлэлцэл хийх үед
"Монголросцветмэт нэгдэл”-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг
хүүгийн хамт 2003 онд багтаан төлж дуусгах ёстой байжээ. Энэ өр нь бий
болсон цаг хугацааны хувьд 1970-аад онд хамаарах тул үүнийг Их өр гэдэгт
хамруулж ойлгон Их өр дарагдаагүй гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс
байдаг.
Манайх "Монголросцветмет” хамтарсан нэгдлийн дүрмийн санд мөнгө оруулахдаа /1973 онд/ Оросын талаас тодорхой хэмжээний зээллэг авсан ба энэ нь эргэн төлөгдөөгүй асуудал боссон бололтой юм. Оюутолгойн 34 хувьд оруулах мөнгөгүй тул өөрсдөөс нь зээлээд хувь эзэмшигч болсонтой л төстэй асуудал бий болсон байж. Их өр шийдэгдэх 2003 онд "Монголросцветмэт нэгдэл” нь хугацаа хэтэрсэн зээлийн төлөлттэй хэвээр байсан ба энэ нь дараа нь улстөрчдийн чихийг халууцуулсан бололтой. Ингээд дахин нэг өрийн асуудал босч ирсэн ба Оросууд ирээдүйгээ харж дараа сөхөхөөр нөөцөнд үлдээсэн бололтой.
Хожим Стамбул хотод болсон Дэлхийн банк, ОУВС-ийн жилийн уулзалтын үеэр ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин Монгол Улс ОХУ-д 180 сая шилжих рублийн өртэй гэж улалзтал мэдэгдсэн бөгөөд өрөө төлөхгүй бол Парисын клуб-ээр өрийн асуудлыг шийдүүлнэ гэж олон улсын өмнө шууд зарлажээ. Энэ нь ОюуТолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хойд хөршөөс холуур өнгөрсний дараа цочир хийсэн мэдэгдэл байлаа.
Ингээд дарагддаггүй өрийн асуудлаар дахин хэлэлцээ эхэлжээ.
Жил гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд нь Монголросцветмэттэй холбоотой 162 сая ам.долларын өр, клирингийн өр болох 10 сая ам.доллар, нийт 174.2 сая ам долларын өрийг "Их өр”-ийн зарчмаар буюу 97.8 хувийг хүчингүй болгуулж чадсан. Энд байгаа их өрийн зарчмаар гэдгийг онцлон харах ёстой юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг 2003 онд шийдэгдсэн Их өрөөс ялгаж салгаж ойлгох ёстойг харуулж байна.
Ингээд Монголросцветмэттэй холбоотой өрийн 97.8 хувийг хүчингүй болгуулж харин үлдсэн 3.8 сая ам.долларын өрийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлөхөөр болжээ. Энэ тохиролцоог хадгалсан гэрээнд ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хоёр талын төлөөлөл гарын үсэг зуржээ.
Эндээс харахад 1949-1991 оны хооронд бий болсон Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр нь 2003 оны гэрээгээр бүрэн шийдэгдсэн ба Монголросцветмэттэй холбоотой өрийг тэглэх талаарх хэлэлцээр тусдаа явагдаж. 2010 онд мөн Их өрийн зарчмаар 97.8 хувийг хүчингүй болгож үзэглэгдсэн байна. Энэ гэрээ дээд түвшинд буюу Оросын хууль тогтоох дээд байгууллага болох Төрийн Думаар соёрхогдон батлагдсан нөхцөлд 30 хоногийн дотор манай тал 3.8 сая ам долларыг төлөх ёстой болжээ.
Үүнээс хойш гадаад нөхцөл байдал, ОХУ-ын улстөрчдийн өр тэглэсэн талаарх зөрүүтэй хандлагаас хамаарч өнөөх сүүлийн өрийг тэглэсэн гэрээ хүчин төгөлдөр батламжлагдахгүй байсаар даруй 6 жил өнгөрчээ. Ингээд 2016 он гарахад нэг юм баталгаажин соёрхогдож Их өр ёстой дууслаа гэж зарлагдлаа. Үүгээр бид хоёр дахь удаагаа ИХ ӨР дарсны баяр хийх дөхөв.
Яагаад бид 6 жил хүлээх болов.
2003 онд манай засгийн газар 250 сая ам.долларыг хоёр удаагийн гүйлгээгээр хийснээр "ТЭГ” болсон их өрийн ард манай Оросууд яагаад дахин өр үлдээгээд байсан юм бол. Их өрийн асуудал яагаад дахин босоод байгаа талаар ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийг 2009 оны 8-р сард манай улсад айлчлахад сэтгүүлчид асуусан байдаг.
...Стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна... гэж ноён Ерөнхий сайд онцолж хэлсэн байдаг. Манай улстөрчид стратегийн төслийн ямар ашигтай шийдлийг Оросын талд бий болгосон бэ. Ямар байдал нөлөөлж 6 жил гацсан асуудал Путиний үзгийг хөдөлгөв гэдэг асуулт таавар хэвээр үлдлээ.
Ээлжит өрийн энэ урт түүхийг эцэслэж Оросын Дум өнгөрсөн сарын 27-ны өдөр Монголын талын өрийг цуцлах хуулийг соёрхон баталлаа. Ерөнхийлөгч В.Путин хоёрдугаар сарын 1-нд уг хуульд гарын үсэг зурснаар Монголросцветмэттэй холбоотой Монголын өрийг тэглэх гэрээ баталгаажсан. Энэ нь 2003 онд шийдсэн Их өрөөс тусдаа өрийг шийдсэн гэрээ гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой байх.
Гэрээ албан ёсоор батламжлагдсан нөхцөлд үлдсэн 2.2 хувь буюу 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор багтаан төлөх үүрэгтэй. 2003 оны засгийн газар шахуу зайнд 230 сая ам.доллар төлж байсан бол энэ Засгийн газар 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон.
Энэ төлбөр хийгдсэний дараа л бид хоёр дахь Их өрөө тэглэлээ гэж хэлэх ёстой. Гэрээний заасан хугацаанд 3.8 сая ам.долларын төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд 174.2 сая ам.долларыг төлөх гэрээний заалт эргэн үйлчилнэ.
Төсвийн нөхцөл байдал хүндхэн байгаа хүүхдийн 20 мянгаа ямар нөөцөөс гаргах уу гэж байгаа Засгийн газарт 7 тэрбум орчим төгрөг гаргана гэдэг чанга л байгаа. Путин энэ оны 2-р сарын 1-нд гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлэгдсэн. Үүгээр тооцвол ойролцоогоор 2 долоо хоногийн дараа Засгийн газар гэрээний үүргээр хүлээсэн 3 сая ам.долларыг Оросын талд шилжүүлсэн талаар зарлах ёстой болно. Энэ үед л бид ОХУ-д өрөө дарсны жинхэнэ баяраа хийх буюу эргэн дурсахуй болгоно доо.
Үүний араас сүүлийн 3 жилд бий болсон гэх ДНБ-ий 70 хувьд хүрсэн гээд байгаа ШИНЭ ӨР-ийн асуудал босчихоод байгаа. Энэ бол жич ярих асуудал.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/