|

Мэтгэлцээнд дуудах мода

saikhnaa 2016/03/01 379 0

Мэтгэлцээнд дуудах мода

 

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудав. Шалтгаан нь гишүүний санаачилсан хуулийн төслийг Засгийн газар шаардлагагүй зүйл хэмээн нам дараад байгаатай холбоотой. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд хууль санаачлах, батлуулах эрхтэй. Харин энэ эрхийг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар эдлүүлэхгүй, санаачилсан хуулийн төслийг хэрэгсэхгүй байгаа учраас халз мэтгэлцээний аргаар асуудлыг шийдэхийг хүссэнээ гишүүн хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн. Харин энэ мэтгэлцээнд Ерөнхий сайд илт давуугаар ялах юм бол О.Баасанхүү УИХ-ын гишүүнээс татгалзана хэмээн том дуугарчихсан. Энэ сарын 12-нд болох учиртай мэтгэлцээнд Ерөнхий сайд очих эсэх нь одоогоор тодорхойгүй. Засгийн газрын зөв бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гишүүн О.Баасанхүүг нам дарж, амыг нь асуух боломж гэсэн үг.

 

Харин өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдыг мэтгэлцээнд дууджээ. Түүнтэй Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар ширээний араас маргалдаж, мэтгэлцэх хүсэлтэй байгаа гэнэ. Сэдэв нь "Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн цэц". Эцэг хуулийг хамгаалж, дэнсэлдэг хүмүүсээр багагүй "оролдсон” нь ардчиллын хямрал гэж үзэж байгаа юмдаг уу даа. Ямартай ч асуудлын гарцыг мөн л мэтгэлцээн гэж үзэж. Гэхдээ спикер дуудлагыг хүлээн авах, авахгүй нь тодорхойгүй.

 

Энэ мэтээр мэтгэлцээнд дууддаг мода сүүлийн үед нэлээд газар авчээ. Асуудал гарч ирэнгүүт нэгнээ мэтгэлцээнд дууддаг. Харамсалтай нь дуудлагыг хүлээж аваад, олны өмнө үнэн мөнийг тунгаасан тохиолдол бараг л байхгүй. Нэг нь дуудаж, нөгөө нь дуудагдаад л өнгөрдөг.

 

Дуучин С.Жавхлан төрийн өндөрлөгүүдийг мэтгэлцээнд дуудлаа л гэнэ. М.Энхсайхан Х.Баттулгатай халз тулахыг хүссэн л гэнэ. Өмгөөлөгч Г.Батбаяр сайд Р.Бурмааг олны өмнө "дарж авах”-ыг хүссэн л гэнэ. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай албан тушаалын асуудлаар маргалдах хүслээ илэрхийлсэн л гэх. Сайд С.Эрдэнэ Баянгол дүүргийн МАН, МАХН-ын удирдлагуудтай халз үзэхээ мэдээлсэн л гэх. Ерөнхийлөгчийг хүртэл төрийн бус байгууллагынхан халз мэтгэлцээнд дуудсан байх. Энэ мэтээр халз мэтгэлцэж,  хачин сүртэй маргахыг хүсэгчдийн тухай мэдээлэл их мэдэгч гүүглэд 300 гаруй илэрц гарч байна.

 

Дуудаж, дуудагдсан нөхөд мэтгэж, маргасан бол цөөнгүй асуудлын бодит мэдээлэл ил болж, гарц шийдэлд ч тодрох байж. Гэвч дуудаж байгаагаа хэвлэлийн хурал хүртэл хийж зарлаж, сүржигнэхээс цааш хэтэрдэггүй. Дуудагдаж байгаа нь ч айж хулчийсан, асуудлаа мэдэхгүй байгаагийн алин болох нь тодорхойгүй байсаар нам дарагддаг.

 

Санаж байгаагаар хамгийн сүүлд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, С.Баярцогт нар Оюутолгойн асуудлаар мэтгэлцсэн. Сангийн сайд асан С.Баярцогтын 20 мянган хувьсагчийн онигоо мэтгэлцээнд оролцогчдод болгоомжлол төрүүлсэн ч байж болох.

 

Гэвч бид, олон нийт мэтгэлцээнийг үзмээр байна. Тухайлбал, Ерөнхий сайдыг, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй хэрхэн мэтгэлцэх, Засгийн газар яагаад түүний санаачилсан хуулийн төсөлд нь санал өгөхөөс татгалздагийг мэдмээр байна. Хэрвээ Ч.Сайханбилэгийн зөв бол О.Баасанхүүг гишүүний суудлаасаа татгалзаж, хэлсэн үгэндээ хүрэх эсэхийг хармаар байна. Бас Үндсэн хуулийн цэцийн асуудлаар З.Энхболд, Г.Занданшатар нарыг ярилцахыг сонсох сонирхолтой биз дээ. АН-ын фракцын асуудал Үндсэн хуулийн цэцийн даргын суудлыг өнцөгдүүлэхэд хүргэсэн нь үнэн эсэх гээд олон нийтийн сонирхож буй зүйл цөөнгүй бий.

 

Дуудаж, дуудагдсан хий хоосон сүржигнэл бус асуудлыг ярьж, хэлэлцсэн бодит мэтгэлцээнийг бид хүсч байна.

 

В.Хэрлэн

Санал болгох

Сэтгэгдэл

top