Төв аймгийн Аргалант сумын "Сод монгол” шатахуун түгээх станцыг машинтай таван залуу дээрэмдээд зугтсаныг баривчилсан билээ. Тэгвэл нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах шатахуун түгээх станцын түгээгчийг айлган сүрдүүлж орлогыг дээрэмдсэн хэрэг энэ сарын 5-нд гарсан байна.
Тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэй Д-г ажлын байран дээрээ ганцаараа байхад нь үл таних дөрвөн залуу орж ирж, нүдийг нь дарж орлогын 200 мянган төгрөг болон гар утсыг нь дээрэмдэн зугтаажээ. Уг гэмт хэргийг 18-22 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Х, Ө, М, Б нар үйлдсэнийг илрүүлэн, сэжигтэй этгээдүүдийг баривчлан Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 ангиар эрүүгийн хэрэг үүсгэн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна.
О.Сайхан