Энэ жилийн замын өргөтгөл, шинэчлэлт, засварын ажил ирэх сарын 15-нд орон даяар эхэлнэ. 2016 онд Хөгжлийн банк, улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийт 14 чиглэлийн 1033.15 км авто замын ажил хийгдэнэ. Мөн гурван байршилд 912.4 метр урт гүүр барихаар төлөвлөжээ.
Үүнээс 11 чиглэлийн 760.25 км зам, гурван гүүрийн барилгын ажил он дамжин хэрэгжих аж.
Харин шинээр гурван чиглэлд 272.9 км замын барилгын ажил хийгдэнэ. Тухайлбал, Ховд-Өлгийн чиглэлийн 189.7 км замыг гадаадын зээл тусламжаар барих бол улсын төсвийн хөрөнгөөр Эрдэнэтийн Дэнж-Говил багийн 5.62 км, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын гүүр 217.2 метр урт төмөр бетон гүүр, Улаанбаатар Хөшгийн хөндийн Олон улсын нисэх буудал чиглэлийн 21 км хурдны зам, Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай авто замыг бүтээн байгуулах аж.
Энэ бүхнээс Булган-Үенчийн 60 км, Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 77 км, Цахир-Тосонцэнгэлийн 127 км, Өндөрхаан-Чойбалсангийн 143 км, Дорноговь аймгийн Өргөн сумын 18.25 км хатуу хучилттай замын ажлуудыг наадмаас өмнө дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна.
В.Бат