Хөвсгөл аймгийн Рашаант сум, Сэлэнгэ мөрний Сацын булангийн 253.3 у/м шинэ гүүрийн ажилтай ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс танилцлаа. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Өмнөговь, Хөвсгөл, Дорнод аймгийг нийслэл Улаанбаатартай холбох зорилгын дагуу Сацын булангийн гүүрийн ажлыг эхлүүлсэн. Хэдийгээр санхүүжилтийн хувьд асуудалтай байсан ч, гүүрийн ажлыг гүйцэтгэсэн "Эрдэнэ суварга” ХК-ийнхан ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өглөө. Хөгжлийн банкны санхүүжилтээр энэхүү гүүрийн ажлыг дуусгасан байна. Гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээний дүн нь 5.86 тэрбум төгрөг аж.
Энэхүү гүүр ашиглалтад орсноор Дашинчилэн-Өлзийт-Хайрхан-Рашаант чиглэлийн хатуу хучилттай автозам дээрх гүүртэй холбогдож Хөвсгөл аймаг хоёр маршрутаар Улаанбаатартай шууд холбогдох боломжтой болж буй юм. Гүйцэтгэгч компани болох "Эрдэнэ суварга” ХК нь гүүрийн чанарыг гурван жил хариуцан баталгаат хугацаа өгч байгаа аж. Тэд гүүрийн ажлыг хийхдээ ажилчдынхаа 80 гаруй хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлжээ. Орон нутгийнхны хувьд ч гүүр чанартай, сайхан болсон хэмээн ам сайтай байлаа. ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гүүрийн ашиглалтыг орон нутгийнхны анхааралд оруулж, хариуцуулах хэрэгтэй юм байна гэх саналыг гаргаж байсан юм.
"Эрдэнэ суварга” ХК-ийн ерөнхий инженер, тэргүүний замчин Н.Эрдэнэсүмбээтэй гүүрийн чанар, ажлын гүйцэтгэлийн талаар ярилцлаа.
-Хөвсгөл аймагт цоо шинэ гүүрийг хүлээлгэж өгөхөөр бэлэн болжээ. Ажлыг хэдий хэр хугацаанд гүйцэтгэв?
-Манай компани гүүрийн ажлыг анх 2013 онд авч, төсөвт суулгуулсан. Өнгөрсөн жил төсвөөс санхүүжүүлэх боломжгүй, царцаагдсан ч, бидний зүгээс өөрсдийн санхүүжилтээр хийж, энэ жил хүлээлгэн өгч байна. Гүүрийн чанарын хувьд хяналт сайтай учир сайн хийгдсэн.
-Гүүрийг хэдэн төгрөгөөр босгосон бэ?
-Гүүрийн барилгын ажлын төсөв нь 5.8 тэрбум төгрөг. Гэхдээ 7.5-10 тэрбум төгрөгөөр босож байгаа. Бид өөрсдөө Хөвсгөл нутгийн хүүхдүүд. Тийм ч учраас нутагтаа нэг шинэ гүүр барьж өгөхийн төлөө л зорьсон. Үр хүүхэд, хойч үеийнхэндээ зориулж шүү дээ.
-Гүүрийн даацын тухайд. Мөн ямар технологиор гүүрийн ажлыг хийж дуусгав?
-Гүүр найман метр өргөнтэй. Даацын хувьд нэг тэнхлэг дээр 20 тонн байгаа. Хэрэв гурван тэнхлэгтэй машин явбал 60 тонн болно гэсэн үг. Тиймээс даацын хувьд сайн, чанартай гүүр болсон гэж хэлэх байна.
-Танай компанийн зүгээс гүүр барихад хэчнээн хүн хүчээр ажилласан бэ?
-Манай компанид зөвхөн монголчууд ажиллаж, шинэ гүүрийг барилаа. Нийт давхардсан тоогоор 200-аад хүн гүүр барих ажилд оролцсон юм.
-Гүүр ашиглалтад орсноор эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй гэж хэлэх вэ?
-Хэрэв хэвтээ тэнхлэгээс босоо тэнхлэгийг холбосон автозам орж ирвэл их ач холбогдолтой болно. Өвөрхангай, Архангай, Хөвсгөлийн байгалийн үзэсгэлэнт газруудыг үзэх дотоодын болон гадаад жуулчид 400-800 км замыг дөтлөх юм шүү. Ингээд бодохоор энэ гүүрээр зорчиж буй иргэдийн эдийн засагт ямар чухал нөлөө үзүүлж болох нь харагдаж байна.
Хөвсгөл аймгийн Рашаант сум, Сэлэнгэ мөрний Сацын булангийн 253.3 у/м шинэ гүүрийн ажилд Зам, тээврийн хөгжлийн төвийн Хяналтын инженер Д.Наранхүү хяналт тавин ажилласан юм. Ингээд түүнээс хяналтын ажлын талаар тодрууллаа.
-Шинэ гүүрийн барилгын ажилд хяналт хэрхэн тавьж ажиллав. Гүйцэтгэгч компанийн хувьд хэр ажилласан гэж та дүгнэх вэ?
- Хөвсгөл аймгийн Рашаант сум, Сэлэнгэ мөрний Сацын булангийн 253.3 у/м шинэ гүүрийн ажил хоёр жилийн өмнө гэрээ хийгдээд ажил нь эхэлсэн. Гүүрийн бэлтгэл ажил 2013 ондоо хийгдсэн. Анх удаа гүүр барьж байгаа боловч ажлын гүйцэтгэл хангалттай сайн байлаа гэж дүгнэж байгаа.
-Ер нь хяналтыг ямархуу байдлаар тавьж ажилладаг юм бол?
-Хяналтыг объектод нь байнга хийдэг. Бетонын орц норм хуваарийн дагуу явж байна уу, багаж хэрэгсэл байна уу гэхчлэн өдөр бүр ажлыг нь хянадаг.
-Таны хувьд хэдэн жил хяналтын инженерээр ажиллаж байгаа вэ?
-Би хяналтын инженерээр 1994 онд Авто замын газар байхад орсон. Тухайн үедээ захиалагчийн инженер байлаа. Түүнээс хойш олон аймагт гүүрийн, замын ажлын хяналтын инженерийг хийгээд явж байна. Анх 1994-2002 онуудад зүүн аймгуудад тэр дундаа Хэнтий аймгийн Ононгийн 240 метр гүүр, Норовлин сумын Улз гол дээрх хоёр гүүрт хяналт хийж бариулсан. Хөлөнбуйр сумын нутаг, Хэрлэн гол дээр анх 176 у/м модон гүүрийг мөн хяналт хийж бариулж байлаа.
-Хяналтын инженер хийж байхад тухайн гүйцэтгэгч байгууллагын зүгээс асуудал гаргадаг, дутагдал юу байдаг вэ?
-Миний хувьд хяналтын инженер хийгээд явахад хүндрэлтэй зүйл байдаггүй. Харин гүйцэтгэгч компаниудын хувьд янз бүр байдаг. Тэдний хувьд санхүүжилтийн асуудал л хамгийн том проблем байдаг даа. Сүүлийн гурван жил гэхэд би Сацын булангийн Сэлэнгэ мөрний гүүр, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 326 урт метр ган төмөр гадаргуутай гүүр, Завхан аймгийн Идэрийн гол дээрх 169 урт метр гүүрийн ажилд хяналт тавилаа. Цагаан-Үүр сумын гүүрийг улсын комисст хүлээлгэж өгөхөөр хүлээж байгаа. Харин бусад хоёр гүүрийг ашиглалтад өгсөн. Харин одоо Мөрөнд 9.8 км хатуу хучилттай замын ажилд хяналт тавиад ажиллаж байна.
tsenzurgui.mn