АСЕМ болно, дэлхийн 52 орны төрийн тэргүүн ирнэ гээд манайхан дээр доргүй хөл болж байгаа. Гэтэл урдаа барьдаг ганц нисэх буудал нь хар тамхи, хутга мэс, буу зэвсэг, тэсрэх бодис ямар ч хяналтгүй нэвтэрч байдаг бараг л "терроризмын бааз” аятай болчихоод байгаа нь ТЕГ-ын шалгалтаар илэрлээ. Муу дээр муу гэгчээр нисэхийн салбарт ажлын байрны бэлгийн дарамт үзүүлдэг албан тушаалтнууд мэр сэр байдаг нь хууль, шүүхийн байгууллагаар шалгагдаж дуулиан шуугиан дагуулж байна.
Тухайлбал, Хөвсгөл аймгийн нисэх буудлын албан тушаалтан ажилтандаа ажлын байрны бэлгийн дарамт учруулсан хэргээр цагдаад шалгагдаж байгаа аж. Хохирогч ИНЕГ-т гомдол гаргасан ч газрын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваа хэргийг дарагдуулснаас яам, тамгын газартаа тулсан сурагтай. Мөн ИНЕГ-ынхан хэргийг нуугаад өнгөрсөн учир хохирогч өөрөө цагдаад гомдол гаргасан гэсэн мэдээлэл ч байгаа юм. Энэ талаар ИНЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Пүрэвсүрэнгээс тодруулахад "Хөвсгөлийн нисэх буудлын албан тушаалтны асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Юунаас шалтгаалсан, хэнд хариуцлага тооцох вэ гэдгийг шалгасны дараа эрх бүхий байгууллагаас мэдээлэл өгнө” гэснээс үзэхэд хэрэг газар авсныг харуулж байна.
Энэ хэрэг хуулийн байгууллагаар шийдэгдэх байх гэж үзэхэд хяналт, аюулгүй байдал, харуул хамгаалалт ямар байгааг шалгах зорилгоор тагнуулынхан зорчигчийн тээшинд хар тамхи, гарын гипсэнд нь буу, сум нууж оруулахад илрүүлж чадаагүй нь АСЕМ-ын өмнөх аймшиг дагуулсан хэрэг зөрчлийн тоонд зүй ёсоор орно. Гэтэл холбогдох албан тушаалтнууд, салбарын сайд, Ерөнхий сайд, Засгийн газар, таг чиг. Магадгүй "Шалгалт юм чинь” гээд өнгөрөхийг үгүйсгэхгүй. Гэтэл шалгалт, бодит байдал хоёр адилхан. Тэр өдөр бодит байдалд ийм зүйл болсон бол илрүүлж чадалгүй алдах байсан байна шүү дээ. Өмнө нь ч зөрчил, дутагдал бишгүй илэрч байсан. Тухайлбал, ИНЕГ-ын даргын дагуулж явсан албан тушаалтан том хутга цүнхэлж явсныг Чингис хаан олон улсын нисэх буудлынхан илрүүлж чадаагүй. Хонгконгт буух үед нь "барьсан”. Тэгээд шалгасан ажилтныг ажлаас халснаар чимээгүй өнгөрсөн байдаг. Бас нэг нөхрийн цүнхэнд шүдэнз байсныг илрүүлээгүй асуудал яригдаж л байсан. Тэгвэл өнөөдөр юу болов. Энэ юутай холбоотой вэ. Энэ салбар яагаад ингэтлээ уналтад орж, сахилга, хариуцлага гэгчийг умартана вэ. Энэ өнцгөөс харвал, иргэний нисэхийн салбар тэр чигээрээ мэргэжлийн бус хүмүүсээр дүүрчихсэн гэлцэж байна. Жишээ нь, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Нямдаваа, МИАТ-ын захирал Т.Тамир, Чингис хаан олон улсын нисэх буудлын дарга Б.Бадрал нар мэргэжлийн бус атлаа энэ салбарын толгойд сууж байна. Нисэхийн салбарын удирдан чиглүүлэгч, толгой болсон гурван том байгууллага байна.
Хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Чингис хаан нисэх буудлын байдалтай танилцахдаа нислэгийн онцгой бүсэд 100 төгрөгний сэтгүүлийг 160 ам.доллараар зарж байна. Алив сэтгүүлчид ээ, наашир, нисэх буудал "Нарантуул зах” шиг болчихсон байна” хэмээн халаглаж сүйд болсон. Сэтгүүлээс болж зургаан хүнийг тэр өдөрт нь ажлаас халж, хариуцлага тооцсон. Тэгвэл өнөөдөр "Нарантуул зах” шиг байдлаасаа хэтрээд бараг л "терроризмын бааз”-ын хэмжээнд оччихоод байгаа юм биш үү, Ерөнхий сайд аа. Ийм байхад Засгийн газар АСЕМ-ын бэлтгэлийг хангаж чадаж байна гэж үзэх үү? Тэгвэл манай хөршүүдэд байдал ямар байгаа билээ. Өнгөрсөн намар Оросын иргэний агаарын Когалымавиа компанийн Airbus A321 онгоц Египетийн Синайн хойгт осолдож сүйрэхэд ОХУ шалгалт, судалгааг нарийвчлан явуулсны дүнд дэлбэрэлт гэдгийг нь олж тогтоосон. Тодруулбал, Нисэх буудлын хамгаалалтын ажилтнууд хоорондоо юм ярьж, шалгалт хийх зуур "Сoca cola”-ны лааз тавьчихаад гарсан нь дотроо дэлбэрэх бодистой байсныг илрүүлсэн. Эцэст нь, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Египет рүү аялал, жуулчлал хийхийг хаасан нь тус улсын эдийн засагт хүндхэн туссан нь лавтай. Үүнийг яагаад дурдаж байгаа юм бэ гэвэл, манай нисэх буудлын ажилтнууд ч гэсэн магадгүй мөнгөтэй нэгэнд худалдагдаж, дэлбэрэх бодис байтугайг оруулахад бэлэн болчихоод байгаа юм биш үү. Энэ байдалдаа дүгнэлт хийж, хариуцлагажуулахгүй хаагуур яваад байна аа, М.Зоригт сайд аа.
П.Хэрлэн
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин