Харин, итгэл найдвар төрүүлсэн: "Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг" гэж хэлээд ерөнхий сайд болсон Сайханбилэг юу бодож суугаа бол? Арай " Нэгдүгээрт зээл, хоёрдугаарт зээл, гуравдугаарт зээл" гээд сууж байгаа юм биш биз дээ. Ард иргэд нь ядуугаас гадна, улс орон өрөнд баригдсан. Бонд авсныг буруутгахгүй боловч, хэдэн зам, хэдхэн замын уулзвар, ганц нэгхэн үйлдвэрт тэр хөрөнгөө зарцуулсныг эдийн засагчид хэлж байна. Мөнгийг маш буруу зарсан гэж шулуухан хэлж байна.
Бас нэг боломжоо гээсэн гэж Хашчулуун доктор цухуйлгаад авлаа. WALL STREET JOURNAL-д "Боломжоо алдсан улс" гэж цоллосон нийтлэл хэвлэгдсэн байна. Тус нийтлэлд " Илэрч байгаа баялгаараа MONGOLIA гэхээс илүү MINEGOLIA гэж нэрлэх болсныг ч дурдсан байна. 2011 он бол Монгол улсын хувьд төдийгүй, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд Монгол улс тэргүүлсэн. 17 хувийн өсөлт.
Тухайн үеийн ерөнхий сайд Сү.Батболд "Энэ явц дахиад ч арван жил үргэлжилнэ" гэж хэлж байжээ. 2013-2015 оны хооронд газрын баялгаар баян зарим улс орны эдийн засаг уналтад орсон. Өмнөд Судан, Сиерра Леоне, Украйн зэргийг нэрлэж болно. Эдгээр оронд улс төрийн мөргөлдөөн, халдварт өвчин тархсантай уялдаж эдийн засаг нь огцом унасан гэсэн дүгнэлтийг олон улсын шинжээчид гаргасан.
Монголын хувьд өвчин ч дэлгэрээгүй, мөргөлдөөн ч гараагүй хэрнээ огцом унасан орны тоонд багтсан байна. Энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлт 0,8% хувь гэж тогтоожээ. Уул нь 2 жилийн өмнө 2016 оны эдийн засгийн өсөлтийг 7,7% байхаар тооцоолж байсантай харьцуулбал 10 дахин унасан байна. Ажилгүйдэл, 2015 оны 6,3%-иас 2016 онд 8,3% болтлоо өссөн байна. Монгол орны эдийн засаг нурснаас хамаарч дийлэнх монголчууд ядуу, нэн ядуу гэсэн бүс рүү унах аюул тулгарчээ. Ийм нийтлэлийг АНУ-ын төвийн хэвлэлд нийтэлжээ. Энэ дүгнэлт монголын эрдэмтдийн судалгаа, үнэлгээтэй яв цав нийлж байна. Энэ харангын дохио биш гэж үү?
Ерөнхий сайд нь зээл хөөцөлдөхөөс цаашгүй байгаа бол, ерөнхийлөгч нь бодох ёстой биш үү. Монголчууд зовж зүдэрч байгаа нь, төрийн тэргүүнд хамааралтай л байж таармаар.
Саяхан ерөнхийлөгч, залуучуудтай, сошиал ертөнцийнхэнтэй уулзахдаа энэ тухай ганц ч үг хэлсэнгүй. Асуулт ч гарсангүй. Сайн зохион байгуулсан уулзалт байсан юм биш биз? гэж бодоход хүрэв. Одоо нэг дунд үеийнхэнтэй уулзаад үзээсэй билээ. Одоо бидэнд хэн нэгнийг, тэр тусмаа ерөнхийлөгчийг шүүмжлээд байх хэрэг шаардлага алга. Улс орноо л өөд нь татмаар байна. Хэн хэн юу хийж чадахаа үзмээр байх юм. Ерөнхийлөгчид ч хийх ажил бас бий. Байх ч ёстой. Бас хариуцлага ч үүрч таарна. Миний хариуцах салбар шүүх, прокурор, гадаад бодлого гээд хойшоо суухгүй байлгүй дээ. Ард иргэдэд хэн дарга цэрэг байх нь чухал биш. Зөв бодлого хэрэгжиж, улс орон хөгжиж,ард иргэдийн амьдрал дээшилж байх нь чухал.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ