|

Эдийн засагт “тээглэсэн” популизм

saikhnaa 2016/04/04 633 0

Эдийн засагт “тээглэсэн” популизм

 

Гадаадын хөрөнгө оруулагчид татарсан, Монголын бизнесмэнүүд тун бухимдалтай Төрийн ордны их танхим ч дундуур дүүрэн биш төлөөлөлтэй хоёр өдөр зохион байгуулагдсан Монголын эдийн засгийн ээлжит чуулганаас шийдэл, гарц хайхад тун бэрх байлаа.  Хэрвээ том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулаад явсан бол өнөөдөр нийгмийн амьдрал дордохгүй байх байсныг форумд үг хэлсэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд санал  нэгтэй дурдаж байна лээ.

 

Сорил, сургамж, шийдэл уриан дор явагдсан Эдийн засгийн форумыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж хэлсэн үгэндээ "Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюутолгойн 2 дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа” гэдгийг онцолсон. Олсноо хураасан бол, тараахын оронд хадгалсан бол гэхээ больё. Нүүрсний үнэ хаданд гарч байсан 2011 онд Тавантолгойгоо хөдөлгөсөн бол тэр үед Төмөр замаа  бариад эхэлчихсэн бол 2013 онд түүнийг төр булааж авалгүй хувийн хэвшлээр нь үргэлжлүүлээд бариулчихсан бол өнөөдөр нүүрсний экспорт өөр өнгө төрхтэй байх байлаа” хэмээн өнгөрсөн цаг хугацааг сөхөн ямар сургамж үлдсэнийг Засгийн газрын тэргүүн дурдахаа мартсангүй. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Хэрэв бид том төслүүдээ цаг хугацаанд нь хөдөлгөөд, эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан. Би энэ тухай 4-5 жилийн өмнө хэлж л байсан. Бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ төслүүдээ хурдан эргэлтэд оруулах хэрэгтэй”-г чухалчлав. Ер нь Монголын эдийн засгийн хямрал эдийн засгаасаа болоогүй, улс төрөөс болсон гэдгийг ч Төрийн тэргүүн хатуухан хэлнэ лээ.

 

Харин УИХ-ын дарга  З.Энхболд эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон төслүүд яагаад гацаад байгаа талаар форумыг хааж хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрбээр "Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Тавантолгойн төслийг УИХ зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй. Зүйрлэн хэлэх юм бол "Рио Тинто”-гоос асуулгүйгээр "Оюутолгой”-н ашиглалтын лицензийг Шенхуа компанид 60 жилийн хугацаагаар 2-хон хувийн роялтитайгаар өгөх шийдвэрийг УИХ гаргах гэсэнтэй агаар нэг, хууль бус үйлдэл юм.

 

Авахыг оролдож байсан хоёр компанийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Тухайлбал, Шенхуа компанийн удирдлагууд авилгын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Тавантолгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, 2-хон хувийн роялтитайгаар зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн УИХ  зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн. Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм” хэмээн парламентаа хамгаалав.

 

Монгол Улс 21 тэрбум долларын, хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэх яриа газар авсан. Харин эдийн засгийн форумын үеэр Ерөнхий сайд "Өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4.9 тэрбум долларын зээл байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2.3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ” гэсэн хариу тайлбар хийсэн юм.

 

Зарим эдийн засагчид, улстөрчид ч ялгаагүй зээл бол өр биш гэж тайлбарладаг. Харин улсын өр нэмэгдүүлсэн болсон тооны үлэмж хэсэг нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн "Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын "Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн "НИК”, "Петровис” компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл цохиж яваа юм билээ шүү.  Зээлээ битгий өр болгоорой улстөрчид өө.

 

Сонгуулийн циклийн жил  таарсан энэ удаагийн эдийн засгийн форумоор хямралаас хайх гарц, шийдэл хайхаас улстөржилт явагдсаныг УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидсэнээр бататгаж болно.

 

Н.Энхлэн

Санал болгох

Сэтгэгдэл

top