|

ЭРДЭНЭТИЙНХЭН УИХ-ЫН ДАРГЫГ ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛТАЙ ХҮЛЭЭН АВЧЭЭ

saikhnaa 2016/04/05 369 0

ЭРДЭНЭТИЙНХЭН УИХ-ЫН ДАРГЫГ ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛТАЙ ХҮЛЭЭН АВЧЭЭ

 

УИХ-ын  дарга З.Энхболд чуулган завсарлангуут орон нутаг дахь томилолтоо эхлүүлсэн. Нэлээд хэдэн аймгаар явсан  З.Энхболд Орхон аймагт ажилласан. Тэрбээр энэ сарын 1-ний өдөр Эрдэнэт хотод очиж, иргэд хөдөлмөрчидтэй уулзжээ. Түүнийг Эрдэнэтчүүд  бусад  аймгууд шиг тийм ч таатай хүлээж аваагүй сурагтай.Тодруулбал УИХ-ын эрхэм даргыг очих үед уриа лоозон барьсан иргэд багахан хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.




Харин З.Энхболд иргэдтэй хийх уулзалтдаа иргэдийг ялгаварлаж оруулсан нь Эрдэнэтчүүдийн дургүйцлийг бүр их бадраасан байна. Учир нь цагдаагаар хамгаалуулж зарим хөгшчүүлийг үүдэндээ саатуулжээ. Харин өөрөө Уурхайчин ордны  арын хаалгаар албатуудаараа хамгаалуулан орж, гарч байгаа нь түүний  томилолтын зорилго иргэдийн ахуй амьдрал, аж байдалтай танилцах бус өөр зүйл байсныг харуулах шиг хэмээн нутгийн иргэд ихэд бухимдангуй байна. Энэ талаар Орхон аймгийн иргэн өөрийн цахим хуудсандаа дараах зүйлийг бичжээ. 

""Зи" даргын Эрдэнэт дэх "айлчлал" "4-р сарын 1"-нд таарав. Зол уу, эз үү, зорилготой юу, санаандгүй юу. Маниусыгаа "молиго" үмхүүлэх гэж, "мад" "дуг" болбол буцаад "дөрвөн сарын нэгээн" гэх гэж энэ өдрийг сонгож, эртнээс онилоод буучихав уу яачихав. Аймгуудаар тойроод байгаа дуулдсан, амьтан айлгаж, хөгшид цочоож, хүүхэд уйлуулж яваа чимээ гараад удсан, ингээд хөөрхий Эрдэнэтчүүдийн ээлж ирдэг юм байжээ. "Тансаг сайхан" амьдарч буйгаа, "таатай сайхан" жаргаж байгаагаа Зи даргаараа загнуулж ойлгодог үгүй мөн азтай, "үйлтэй" улс аа бид.

Өнгөтэй тарган дарга маань үнэхээр гоё машинаасаа буухаар үнэндээ хавар ирж, цас хайлах шиг, өвөл давагдаж өнө ирэх шиг үнэн гоё болж байна таминь. Үзүүлэн болохоор амьдралтай, өнгө болохоор нүүртэй ийм хэдэн дарга байхад энгийн иргэдээр нээрээ тэр "АСЕМ" ч яах юм билээ. Бүгдийг нь хотоос хөөж гаргаад төрийн гурван "өндөрлөг"-өө, түүнээ дагасан хэдээ гадныхны өмнө "зоочихвол"... Монголын нүүр тахлагдаж, морьтны заяа дархлагдах юм биз ээ...

Ингэхэд бас эрхэм дарга маань их "гого" болчихоороо "борлочих гээд" борчуудын нүүр хардаггүй, ухаан нь ихдэж, уураг тархи нь хөгжчихөөрөө "уруудчих гээд" уриа лоозон, шүүмж санамж хүлээж авдаггүй бололтой юм. Төв хаалган дээр цугласан иргэдээс "зугтаж", "Уурхайчин"-д "нэвтрэх"-дээ хүртэл "арын хаалга" "ашиглаж" "аальгүйтэв". Үгүй бүр элдвийг ярьж магадгүй гээд "нам бус" эмээ өвөө, "нарийн мэдлэг"-тэй эгэл иргэдийг хүртэл цагдаагаар ялгуулж, цаанаа "учир жанцан"-тай уулзалтад оруулж "ичингүйрэв".

"-Төрийн "өндөрлөг" ирээ юу, төрөөд удаагүй хүүхэн айлчлаа юу" гэж ялгагдаж хоцорсон, яггүй егзөр хөгшид үг дайж, үзүүр гаргаж байна лээ. Аальгүй хүүхэн "болзох" гэж ирсэн биш, амьтан хүнээс "горьдчихно" гэж эмээсэн бус ард түмнээ алаглаж ялгаад, амарчилж "уулзаад" үр дүн гарна гэж санаж яваа бол... Ёстой талий цаашаа. Долдой нараараа "долоолгож", долоон уулын дээгүүр мандаж байгаад буцахын төлөө амьтны ажил үрж, улсын төсөв сүйтгэж маяглаж явсан дормоо төрийн ордондоо түмнээ "молигдсон" шигээ, ирсэн уулзсан хүмүүсээсээ амьдралын сайхныг мэдэрсэн шиг суувал... Ядаж арай гай нь бага юм даа... Тиймээ...”


Б.Сансар

Санал болгох

Сэтгэгдэл

top