Эрдэнэтчүүдийн итгэлийг 2008-2012 онд хүлээж, МАН-аас УИХ-д сонгогдож байсан Д.Дамба-Очир ирэх сонгуульд дахин хүч үзэхээ илэрхийлсэн байна. Эрдэнэтийн овооны дэргэдээс ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1990-ээд оны эхэн үед "Очир төв” компанийг үүсгэн байгуулсан энэ эрхэм одоог хүртэл Эрдэнэтдээ данстай, Орхон аймгийн татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлдэг томоохон аж ахуйгаа өөд нь татсаар яваа. Өнгөрсөн УИХ-ын сонгуульд 100 гаруйхан хүнээр өвдөг шороодсон түүнийг өрсөлдөгч намынх нь лидерүүд хүртэл иргэдийн дунд нэр сайтай байгааг нь хүлээн зөвшөөрдөг. Харин 2016 оны УИХ-ын сонгуулийн чимээ эрт эхэлсэн Орхон аймагт нэр дэвшихээр горилж яваа зарим нэг хүмүүсийн зүгээс "Д.Дамба-Очир энэ сонгуульд өрсөлдөхгүй” гэсэн бор шувуу нисгэж, түүний өмнөөс иргэдтэй гар барьж мэндэлсэн гэнэ. Иймд 2016 оны сонгуульд нэр дэвшихэд намайг иргэд хэр хүлээж авах вэ гэж судалж мэдэхээр тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд МАН-ын зарим нэг анхан шатны үүрээр орж, иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. "Эрдэнэтчүүдийн төлөө би бодитой зүйл хийх ёстой өртэй хүн” гэж өөрийгөө тодорхойлдог Д.Дамба-Очир Эрдэнэтийнхэнтэйгээ уулзаад, ирэх сонгуульд өрсөлдөхөд бэлэн байгаагаа илэрхийлээд орон нутгийн телевизүүдэд ярилцлага өгөөд буцжээ. Гаднаас чемодантай ирж, ард иргэдэд хайр зарлаад эхэлсэн олон горилогч нарт Д.Дамба-Очир хатуу самар болох нь тодорхой.