1963 оноос Чех Монголын геологчид Эрдэнэт уулын нөөцийг тогтоосноор Баян-ӨНдөр уулын хормойд Эрдэнэт гэх багахан энэ цэвэрхэн хот суурь нь тавигдсан гэж хэлж болно. 1970-аад оны үеэс залуу насны зүрх сэтгэлийн дуудлагаараа ирж Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээж босголцож байсан залуус эмээ өвөө болж Эрдэнэтэд төрсөн хүүхэд 38 нас хүрчээ. Тиймдээ ч Эрдэнэтчүүд биднийг Монголын Америкчүүд, Монголын оюуны уурхай, Монголын уул уурхайн загвар түүнчлэн хотын соёл болгож хардаг бизээ. Бид Эрдэнэт гэх том нэг гэрт багтах хэдий ч молекул адил дотроо хэдэн хэсэгт хуваагддаг нь үнэхээр харамсалтай. Үүнийг батлахын тулд эрхэм уншигч таньд доорх үйл явдалуудыг сануулах нь зүйн хэрэг гэж үзэж байна.
Бид УИХ-ын сонгуулиар л гэхэд:
1992 он Ж.Дэлгэрцэцэг, н.Чунаг
1996 он Д.Энхтайван, Л.Лувсан-Очир
2000 он Ё.Баярсайхан, Ц.Ням-Осор
2004 он Д.Одхүү, Г.Адъяа
2008 он Д.Одхүү, Б.Дамба-Очир
2012 он Л.Цог, О.Содбилэг.
Эдгээр хүмүүсийг сонгосон байх юм. Дээрх хүмүүсээс хэд нь Эрдэнэтэд амьдарч байсан, бас хотод маань юу хийж бүтээсэн талаар өөрөөсөө нэг асуугаарай.
Орон нутгийн хувьд ч улс төрийн намууд нь өнөөг хүртэл Эрдэнэтдээ дархлаа тогтоож чадаагүйг бас л доорх үйл явдалууд гэрчилнэ.
2008 онд орон нутагт ялалт байгуулсан МАН-ыг 2007 онд Эрдэнэтэд ирсэн Эрдэнэт Үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын хөгжил хариуцсан орлогч Ц.Бат-Энх нар хор найруулж Аймгийн Засаг дарга Б.Оюунбатыг унагаж МАНамыг 2 хуваасан. Үүний үр дүнд 2012 онд ялагдал хүлээж өнөөг хүртэл нам дотроо 2 хуваагдан ноцолдсоор байгаа нь нууц биш юм. Харин Ч.Ганзориг. Ц.Бат-Энх нарыг дагаж ирсэн ноходууд нь эздээ дагаад буцсан гашуун түүх байсаар байтал 2014 оны 12 сарын 25-нд орон нутгийн Ардчилсан намын хороо хуралдаж бас л гаднаас намынхаа даргыг тавьснаар зодоон болж эхэллээ. Эрдэнэтчүүд биднийг оюуны уурхай Монголыг хөдөлгөх гол хүч гэж харах хүн олон байдагт санал нийлэх биз ээ. Гэвч харамсалтай нь бид нүүдлийн шувуудыг дагаж нисэх нь олширч хүн байх мөн чанараа гээсээр байх шиг санагдах юм. "Явуулын хүнээр хашаа бүү уяул, үлдэх хүнээр ачаа бүү татуул” гэсэн сайхан зүйр үг байдаг даа.