|

Аймгийн АН-ын бодлогыг ГОК дээр зангиддаг гэв үү

magnai 2015/09/28 691 0

 Аймгийн АН-ын бодлогыг ГОК дээр зангиддаг гэв үү

 

Энэ үгийг аймгийн АН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэг саяхан Эрдэнэт хотод ажиллахдаа намынхандаа хаяглан хэлжээ. Тэрбээр энэ сарын дундуур Эрдэнэт хотод ажиллахдаа намын гишүүн дэмжигчид болон орон нутгийн иргэдтэй уулзалт хийсэн юм. Тухайлбал, "Уурхайчин” соёлын ордонд болсон иргэдтэй хийсэн уулзалтад 200 орчим хүн цугласан аж. Энэхүү уулзалтад иргэдийг оролцуулан ирц бүрдүүлж, танхим дүүргэхийг эрхэм гишүүний зүгээс орон нутгийн удирдлагад лүндэн буулгасан уу аль эсвэл манайхан л болсон хойно дарга даамлуудад тал засч таалагдах гэж өөрсдөө санаачилсан уу ямар ч байсан төрийн албан хаагчдыг аймгийн АН-ын даргатай хийх уулзалтад бүрэн оролцуулахыг байгууллагын дарга нарт үүрэгдсэн байх юм. Эндээс харвал төрийн албан хаагчид намаас ангид байх ёстой гэсэн төрийн бодлого цаасан дээр л буужээ. Зарим нэг төрийн байгууллагын дарга нар ажилчдаа дээрх уулзалтад нэг ч хүн үлдээлгүй оруулах тухай үүрэгдсэн байна. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нь ажилчдаа хамгийн идэвхтэйгээр ирц дүүрэн оролцуулсан бололтой. Эндээс харвал манай аймгийн төрийн албанд АН-ын гишүүд ажилладаг болсон уу гэх хардлага төрж байх шиг.

 

Мөн үүнээс гадна М.Батчимэг даргын хувьд аймгийн АН-ын дэргэдэх МоАХ-ны партизануудтай хүсэлтийнх нь дагуу уулзсан сураг байна. Энэ мэт олон уулзалт, ганцаарчилсан хүлээн авалт зэргээс нь харвал аймгийн АН-ын хувьд дүрэмгүй тоглолт хийдэг хэсэг бүлэг "сайн дурын уран сайханчид”-ын цуглуулга болсон газар болоо юу гэх сэдлийг төрүүлсэн. АН-ын дарга З.Энхболд намын тамга тэмдгийг гартаа оруулангуутаа "Манай нам фракцгүй нам боллоо” хэмээн мэдэгдэж зарим нэг улс төрийн шантаажчингуудыг хүртэл өрөөнөөсөө хөөж гаргасан тухай үлгэр домог шиг яриа дуулдаж байсан. Гэтэл хөрсөн дээрээ манай аймгийн АН-ын хувьд аанай л МоАХ, ШАК, Шонхор, UBS, бүр сүүлдээ ГОК энэ тэр гээд фракцийн дүрмээр тоглодог, улс төрийн шийдвэр гаргадаг байдал нь улам бат бөх байдлаар оршиж байгаа нь харагдсан. Намын даргын хувьд ч намын гишүүн, дэмжигчдээ нэг гарт зангидсан эрх баригч хүчний хувьд Эрдэнэтийн иргэдэд чиглэсэн, өдрөөс өдөрт доошилж байгаа амьдралын баталгааг нь сайжруулах чиглэлээр дорвитойхон үг цухуйлгалгүй үхрийн бөөр шиг алагласан бүлэг, фракциудынхаа үгийг сонсохоос нэг их хэтэрсэнгүй гэж иргэд төдийгүй намын гишүүд нь ч толгой сэгсэрч байна. Намын дарга М.Батчимэгийг орон нутагт ажиллаж байх тэр өдрүүдэд аймгийн удирдлагаас Санхүү, төрийн сангийн хэлтэст цалингаас өөр гүйлгээ хийхгүй байхыг үүрэгдсэн байдаг нь аймгийн бодит нөхцөл байдал хүндэрсэнийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэлтэй. Эсвэл намын дарга нь одооноос эхлэн цалингаас өөр, дарга нарын унадаг машины бензин шатахуунаас ондоо зардал гаргахгүй байх тухай зөвлөмж өгсөн юм болов уу гэж харахад хүргэж байна.

Намын дарга М.Батчимэг 2014 оны арванхоёрдугаар сард Орхон аймгийн намын хорооны тамга, тэмдгийг гартаа авсан. Тэр цагаас хойш аймгийн намын хорооны хурал, Зөвлөлдөх зөвлөлийн хуралдааныг нэг ч удаа хийлгээгүй. Эвлэлдэн нэгдэж асуудлыг шийдэх гэхээсээ илүүтэй бүлэг, фракцын зарчмаар ажиллахыг илүү үзэж тэдний удирдлагатай нь тулж ажилладаг бололтой. Саяхан түүний туслахыг тойрсон асуудал үүсээд түүнээс болж аймгийн АН-ын хорооны 60 гаруй гишүүн намын дарга М.Батчимэгийг огцруулах бичигт гарын үсэг зурж шаардлага хүргүүлсэн. Энэ намын дүрмээр бол аймгийн намын хорооны 89 гишүүний гуравны нэг нь буюу 30 хүн намын даргаа өөрчлөх шаардлага хүргүүлбэл уг асуудлыг 10 хоногийн дотор хуралдаж шийдвэрлэх ёстой ажээ. Гэтэл асуудлыг ардчиллын зарчмаар шийддэг хэмээн цээжээ дэлддэг АН-ын одоогийн удирдлага даргаа огцруулах тухай гишүүдийнхээ гаргасан саналд мөн л бүлэг фракцийн зарчмаар хандаж хариулт өгч байх шиг. М.Батчимэг дарга намын гишүүдтэй хийсэн уулзалт дээр " Намайг намын даргаас огцруулах асуудлыг намын хорооны гишүүдээс гаргаагүй. Харин ГОК-ын Боловсон хүчний хэлтсийн дарга Д.Батдэлгэр гэдэг хүн ийм ажил хийж байна. Одоо энэ хүн аймгийн намын бодлогыг ГОК дээр зангиддаг болж. Эндээс харвал намын даргыг өөрчлөх асуудлыг ГОК-ын нөхдүүд хийж байна” хэмээн ярьсан бололтой. ГОК-ын Боловсон хүчний хэлтсийн дарга Д.Батдэлгэрийг намынх нь нөхдүүд "Зэ” даргын хүн хэмээдэг. Эндээс харвал намын дарга М.Батчимэгийн хэлсэн дээрх үг хэнд хаяглагдсан нь тодорхой болов уу. Боловсон хүчний дарга Д.Батдэлгэрийн Эрдэнэтэд ирсэн учир шалтгаан, хэний хүн болох тухай бид тусад нь хүргэх болно.

Өнөөдөр Орхон аймгийн намын хороо гишүүд ,дэмжигчдийнхээ эрх ашгийг хамгаалах улс төрийн байгууллага гэхээсээ илүүтэй дарга нарын төлөө ажилладаг газар болсон ажээ. М.Батчимэг даргын хувьд ч өмнө нь намын анхан шатны нэгж удирдан ажиллаж үзээгүй учраас хүндрэлтэй байдаг бололтой. Түүний хувьд ямар ч байсан ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймгийн намын хорооны дарга нэрээр нэр дэвших эрхээ авах нь л хамгийн гол зорилт болсон. Түүнээс биш бусад асуудалд түүний хувьд толгой өвтгөх шаардлага байхгүй. Тухайлбал, МАН Засгаас хөөгдсөн тэр өдрөөс эхлэн АН-ын хувьд сайд, дэд сайдад горилогчдоо уралдуулж эхэлсэн. АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс УИХ-д төлөөлөлгүй аймгуудын удирдлагаас дэд сайдуудыг томилох санаачлага гарган хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд УИХ-д төлөөлөлгүй Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл аймгийн АН-ын дарга нарыг дэд сайдаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлсэн. Орхоны хувьд ч дээрх аймгуудаас ялгаа байхгүй. УИХ-д АН-ын төлөөлөл байхгүй. Гэтэл манай аймгийн АН-ын удирдлагыг энэ удаад Гүйцэтгэх зөвлөл нь яагаад гадуурхав гэдэг асуудал анхаарал татаж байна. Дээрх гурван аймгийн АН-ын дарга нар дэд сайд болох нөхцөл бүрдсэн. Гэтэл манай аймгийн АН-ын гишүүдээс яагаад дэд сайдын суудалд нэгийгээ сойж, дэвшүүлж болохгүй гэж. Эсвэл Орхон аймгийн АН-ын дарга нь УИХ-ын гишүүн М.Батчимэг байсан учраас энэ асуудал хөндөгдсөнгүй юү. Аймгийн намын дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэг дэд сайд болох гэнэ гэвэл юу болох вэ. Эндээс харвал түүний хувьд Орхон аймгийн АН-ын гишүүн, залуу үедээ ёстой нэг шаврын хаалт болоод байх шиг. Түүнээс биш Ардчиллын анхны галын цучлыг тэртээ 1989 оны арванхоёрдугаар сарын 3-нд асааж байсан Эрдэнэтийн партизанууд, Орхоны АН-ын хороо, намын Гүйцэтгэх зөвлөлийнхөн нь Дархан-Уул, Дорнод, Хөвсгөлийнхөнөөс доогуур, дутуу үнэлнэ гэж баймгүй санагдана. Энэ удаагүй үйл явцаас харвал М.Батчимэг дарга аймгийн АН-ын залуу боловсон хүчнүүдээ дорд үзсэн, юм үзэж нүд тайлчихвал асуудал үүсгэж мэдэхээр нөхөд гэж үзээд асуудлыг нам дарсан уу аль эсвэл Эрдэнэтийн залуусыг үл тоосон уу гэдэг нь анхаарал татаж байна.

Энэ бүхэн бол М.Батчимэг даргын хувьд багийн тоглолт хийж чадахгүй хувийн тоглолтын дүрмээр тоглодог улстөрч гэдгийг харуулаад байх шиг. Адаглаад ИЗНН-ынхан өөрт олдсон хоёр дэд сайдын суудалд анхан шатны нэгжийн удирдлагад ажилладаг залуусаа зүтгүүлээд байхад.

Аймгийн АН-ын даргын хувьд Эрдэнэтэд барьж буй бодлого нь жирийн гишүүн дэмжигчид гэхээсээ илүүтэй намын Хэрэг эрхлэх газар дээрээ суурилсан бодлого барьж ажиллаж буйгаа энэ үеэр дуулгасан. Хэрэг эрхлэх газрын хувьд намд гишүүн элсүүлэх, намын гишүүдээ төрийн одон медальд тодорхойлох, намын үнэ хүндтэй, нэр нөлөөтэй гишүүдийнхээ гэр бүл, ах дүү, амраг саданг ажилд оруулахад нь зуучлах тал дээр илүүтэй ажиллаж байгаа шүү гэдгийг энэ үеэр намынхан нь даргадаа дуулгасан гэдэг. Үнэндээ 2012 оны УИХ, болон орон нутгийн сонгуулийн үеэр намын нэр дэвшигчдийнхээ төлөө гутлын улаа ханзартал, нохой шувуунд хөөгдөн туугдан алхсан намын эгэл жирийн олон арван гишүүн, дэмжигчдэд танил талгүй л бол ажилд орно гэдэг санасны гарз гэдэг нь харагддаг. Гэтэл танил талтай нэг хэсэг нь эхнэр хүүхдээсээ эхлээд бэр, хүргэнүүдээ хүртэл төрд оруулаад төрөөс зарладаг тендэрт ялаад байгааг Ардчиллын зарчим гэж зарим нэг хүн үг хэл үйлдлээрээ хэлээд байгаа. Энэ бүхнээс харвал аймгийн АН-ын удирдлага нь ирэх сонгуулийн сургийг тэсэн ядан хүлээж байгаа бол орон нутгийн удирдлагууд нь 2016 оны орон нутгийн сонгуульд нам ялна уу, байна уу ямар хамаатай. Довоо ногооруулж аваад гадагшаа гарна даа гэсэн хоноцын сэтгэл хоёрын дунд намын жирийн гишүүд нь тамирдаж байна. Бүр зарим нэг нь улс төрийн зарчмаар ажил албан тушаалд очсон хүмүүс намынхаа нэрийг бодооч, иргэдийнхээ төлөө сэтгэл гаргаач хэмээн мэдэгдээд эцэст нь аргаа бараад ажлаа өгнө хэмээн туйлж байхав. Ийм л нэг тоглоомын дүрэмгүй, багийн тоглолтгүй том толгойтой дарга нарын нүүдлийн хөлд шар нар бор хоногийг өнгөрөөж байгаа иргэдийн амьдрал өдөр ирэх бүрт өнгөгүй болж байна.

Н.ТӨР

 

  erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top