|

С.Дангаасүрэнгийн нэрийг аймгийн Засаг даргад дэвшүүлэхээр тогтов

bayaraa 2015/02/03 1431 0

С.Дангаасүрэнгийн нэрийг аймгийн Засаг даргад дэвшүүлэхээр тогтов

 

 Аймгийн АН-ын хороо хуралдаж аймгийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулсан байна. Ардчилсан намын хорооны ээлжит хурлаар гишүүд нь С.Дангаасүрэн, Р.Гантулга нарын нэрийг Орхон аймгийн Засаг даргад дэвшүүлжээ. Нэр дэвшигчдээс асуулт асуусаны эцэст санал хураахад С.Дангаасүрэн олонхийн буюу 53.6 хувийн санал авч, аймгийн Засаг даргад нэр дэвшихээр болсон байна. С.Дангаасүрэн нь аймгийн АН-ын "Шонхор” фракцын төлөөлөл бөгөөд одоо Жаргалант сумын Засаг даргаар ажилладаг. Ийнхүү манай аймгийн иргэдийн хувь заяаг С.Дангаасүрэн 2016 оны орон нутгийн сонгууль хүртэл удирдах юм байна. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан хоёрдугаар сарын 2-нд хуралдаж АН-ын дарга, УИХ-ын гишүүн М.Батчимэг С.Дангаасүрэнгийн нэрийг Засаг даргад сонгуулахаар хурлын төлөөлөгчдөд өргөн мэдүүлнэ. Хэрэв аймгийн ИТХ дахь АН-ын 19 төлөөлөгч ээлжит хуралдаан дээр нэг багц болж чадвал С.Дангаасүрэн Орхон аймгийн Засаг дарга болно. Засаг дарга асан Г.Зоригт "Шонхор” фракцынх гэгддэг, түүний үйл хэргийг журмынх нь нөхөр болох аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Монгол улсын начин С.Дангаасүрэн үргэлжлүүлэх боломж бүрдлээ. Намын хорооны хурлын дараа бид С.Дангаасүрэнгээс дараах тодруулгыг авсан юм.

С.Дангаасүрэн: Төр, засгийн ажил залгамж холбоотой байдаг

-Баяр хүргэе. Намын хорооны хурлын гишүүд таны нэрийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ. Ингэснээр таны хувьд Орхон аймгийн 8 дахь Засаг дарга болно гэсэн үг. Мэдээж ирэх сарын эхээр болох аймгийн ИТХ таныг Засаг даргад нэр дэвшүүлж Ерөнхий сайд батламжилсанаар бүрэн эрх тань хэрэгжинэ. Ажлаа юунаас эхлэхээр төлөвлөж байна, санаж сэдсэн зүйл байна уу?

-Баярлалаа, Юуны өмнө намын хорооны гишүүддээ талархаснаа илэрхийлэх нь зөв байх. Надад өндөр итгэл хүлээлгэн энэ цагт Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж чадна гэж намын хорооны гишүүд маань үзсэн. Тэднийхээ итгэлийг алдахгүй ажиллана гэдгээ эхлээд хэлэх хэрэгтэй. Төр, засгийн ажил ямагт залгамж, холбоотой байдаг. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2012-2017 он хүртэл Орхон аймгийг хөгжүүлэх Үйл ажиллагааны үндсэн чиглэлийг аймгийн ИТХ-аар хэлэлцэн батласнаас хойш олон томоохон ажил, бүтээн байгуулалт өрнөж байгаа. Мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэл бол АН-ын багийн дүрэм юм. Тиймээс өмнөх Засаг даргын хийж байсан ажлыг үргэлжлүүлэх, Үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөрт туссан ажлуудыг намын багийнхаа хамт, аймгийн ЗДТГ-ынханы хамтаар хийж бүтээнэ. Эндээс л ажлаа эхлэх болов уу гэж төлөвлөж байна.

-Засаг дарга бүр өөрийн гэсэн баг бүрдүүлж ажилладаг. Таны хувьд баг бүрдүүлэх тал дээр хийхээр төлөвлөсөн зүйл байна уу?

-Өнөөдөр Монголд улс төр бол багийн хамтын ажиллагаан дээр явагддаг гэдгийг бүгд мэддэг. Мэдээж ажлаа сайн хийх, намынхаа мөрийн хөтөлбөр, Үндсэн чиглэлд туссан ажлуудыг хийж гүйцэтгэхийн тулд өөрийн гэсэн баг байх хэрэгтэй. Гэхдээ яг өнөөдөр энэ цаг үед миний хувьд баг бүрдүүлэх тал дээр бодож амжаагүй явна. Хэрвээ баг бүрдүүлэх бол нам болон өөрийн багийнхантайгаа ярьж зөвшилцсөний үндсэн дээр хийнэ. Аймгийн ИТХ-д манай нам олонхийг бүрдүүлдэг. Б.Мягмарсүрэн даргатай аймгийн ИТХ, Ц.Батхуяг даргатай олонхийн бүлэгтэйгээ гар нийлж нэг баг болж Орхон аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэх болно.

эх сурвалж: erdenetnews.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top