Дорнод аймгийн Ардчилсан намын хорооныхон 30 гаруй хүн Улаанбаатар хотод намынхаа төв байранд суулт зарлаад байна.
Тодруулбал Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэгийн хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж намын хэсэг нөхөд Улаанбаатар хотноо намын төв байранд суулт зарлан удирдах зөвлөлдөө албан бичиг хүргүүлээд байгаа ажээ.
Намын дүрмэндээ Ардчилсан намын хороо нь жилд 2 удаа хуралдах ёстой ч Намын дарга Д.Цэрэнчимэг нь ганц ч удаа хуралдаан зарлаагүй төдийгүй, намын зөвлөлдөх зөвлөлийнхөн хурал хийдэггүй боловч хийсэн мэтээр тогтоол гаргаж тодорхойгүй шалтгаанаар 70 гаруй гишүүнээ намаасаа хөөсөн, хурал хийсэн ч хаана хэзээ хийх гэж байгаа нь тодорхой бус далд нууцаар хийдэг будилаантай асуудлууд их байна.
Үүнийг эсэргүүцэж намынхаа Дотоод сонгуулын хороо, Хяналтын хороо, Гүйцэтгэх удирдлагууддаа албан бичгээр хууль бус үйл ажиллагаагаа зогсоо хэмээн шаардлага хүргүүлсэн байна.
Мөн Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэгийг гурван удаа намын үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулсан ч дээрээс нь хамгаалж өмгөөлдөг, бидний шийдвэрийг хүлээж авдаггүй хэмээлээ.
Суулт нь намын удирдлагууд албан бичгийн хариуг өгөх хүртэл үргэлжлэнэ хэмээн суулт зарласан Дорнод аймгийн Ардчилсан намын гишүүд хэллээ.
эх сурвалж: bolod.mn сайт. сэтгүүлч чой