Эрдэнэтийн гэр хороолол өргөжсөний нэг сөрөг үр дагавар буюу утаа ихссэн байдал өвлийн улиралд иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг алдагдуулж эхэлсэн. Тиймээс Орхон аймаг өнгөрсөн 3 жилд "Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө”-тэй болсон. Энэхүү баримт бичгийн дагуу орон нутгийн төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 3895 сайжруулсан зуухыг Баян-Өндөр сумын Булаг, Баянбулаг Наран, Цагаанчулуут зэрэг багийн айлуудад хөнгөлөлттэй үнээр олгосон. Мөн 2015 оноос 800 гаруй өрхөд монгол гэрт зориулсан дулаан баригчийг хөнгөлөлттэй үнээр олголоо. Энэ мэт шат дараалсан арга хэмжээ авахгүй бол хэдхэн жилийн дараа Улаанбаатар шиг утаандаа дарагдахыг үгүйсгэх аргагүй. Өмнөх жилүүдэд утаа байсаар ирсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг "Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө” гаргаж, түүнийгээ баримтлан шат дараалсан арга хэмжээ авч байгаагүй юм. Мастер төлөвлөгөө хэрэгжиж дуусах үед Эрдэнэтийн утаа эрс буурах өндөр магадлалтай ажээ. Ээ дээ, утаагүй орчинд амьдрах нь Эрдэнэтийн иргэдийн бас нэг хүсэл шүү.
Н.Наран