|

Малчин, Б.Булган хоёр яагаад холбогдчихов?

saikhnaa 2016/04/26 1157 0

17 жилийн турш гэрч, хохирогч явсан С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдаагийнхан баривчилснаас хойш таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Б.Булганыг анх хар тамхины хэргээр баривчиллаа гэж цуурсан. Улмаар С.Зориг агсны хэрэгтэй холбоотой гэсэн. Явсаар уг хэргийн сэжигтэн, яллагдагч болж хувирчээ. Төв аймаг дахь Урьдчилан хорих төвд очиж Б.Булгантай "хальт” уулзаад ирсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийн ярьснаас харвал түүнийг маш чанд хяналтад хорьж шалгаж байгаа ажээ. Ц.Оюунгэрэл гишүүн Б.Булганы талаар энэ мэтийн мэдээллээ хэвлэлд ярихтай зэрэгцэн С.Зориг агсны хэргийн шалгалтын явцтай холбоотой барим тавим мэдээллүүд гэнэт цацагдаад эхэллээ. Энэ мэдээллээр Б.Булгантай хамт 2-3 хүнийг баривчилсан. Тэд хэргээ хүлээж эхэлсэн гэнэ. Тодруулбал зарим хэвлэлээр "...С.Зоригийн аллагад холбогдон баривчлагдсан хүмүүсийг Ш.Отгонбилэг агсны малчид байсан Арцмаагийн Ганхуяг, Жаагий хочит Содномдаржаа нар гэдгийг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон байна. Харин сүүлд нэмэгдэж ирсэн хэрэгт холбогдогч эмэгтэй, мөн тэдэнтэй хамт мал хариулдаг нэгэн бөгөөд хэргийн газраас үс нь олдсон. Үсний дээжийг Япон улсад шинжлүүлээд ДНК нь бүрэн нийлж байгааг баталжээ.

 

Одоогийн байдлаар сэжигтнүүд хэргээ хүлээчихсэн, С.Зоригийн эхнэр Б.Булгантай хамтарсан гэдгээ ч хэлээд байгаа гэнэ. Харин Б.Булганы тухайд өгсөн мэдүүлэг нь бусадтайгаа таарсан ч Их хурлын гишүүд ирэх тоолонд өөрчлөгдөөд байгаа” хэмээн бичиж байна.

 

Хачин юм шүү. Бүхэл бүтэн 17 жилийн турш сураггүй байсан алуурчид өнөө жил гэнэт гараад ирж. Алуурчин нь хөдөөний малчид байж. Тэд 1998 оны аравдугаар сарын 2-нд хөдөөнөөс орж ирээд С.Зориг агсныг онц хэрцгийгээр хөнөөчихөөд онц байдалтай ажиллаж байсан Монголын цагдаагийн суган доогуур чив чимээгүй гарч яваад мал дээрээ очоод хэвтчихсэн болж таарах нь. Бас хүн хөнөөсөн хутгаа өдийг хүртэл "хадгалж” байсан гэх.

 

Нөгөө талаар 1998 он гэдэг улс орон эдийн засгийн онцын өсөлт, эргэлтгүй ядруухан байсан үе. Тэр утгаараа малчид одоогийнх шиг том том жийп унаад хотоор зугаалж, байр сууц авч төвхнөөд байдаггүй байсан цаг.

 

Тэр тусмаа хотын төвд гэртэй, Монголын том улстөрчийг хөнөөх гээд гэрт нь отож суугаа малчид нэг л төсөөлөгдөхгүй байгаа юм. Бас нэг юм гэвэл тэр малчид яаж яваад С.Зоригийн эхнэр Б.Булгантай холбогдож, хань хамсаатан болж, үгсэж хуйвалдаад нөхрийг нь хөнөөнө гэж. Нөхрөө хөдөөний малчидтай нийлж хөнөөх ямар сэдэл Б.Булганд байх вэ? Энэ мэтийн логик муутай уялдаа ихтэй мэдээлэл олон нийтэд цацагдаад эхэллээ. Хэргийг илрүүлэх нь зүйн хэрэг. Монголын ард түмэн хүсч байгаа. Харин одоо бариад байгаа хүмүүс гэмт хэрэгтнүүд мөн болов уу.

 

Тэгээд ч Б.Булган саяхан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг очиж уулзахад "...Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад  өргөдөл бичсэн. Би хохирогч хүн. Намайг битгий золиослооч гэж хэлмээр байна. Намайг ингэж хэлж  байна гээд улчтөрчдөд дамжуулж өгөөч” гэсэн байгаа юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ОЧИР

Санал болгох

Сэтгэгдэл

top