Манай аймагт "инженер инновацийн төв” байгуулагдаж нээлтээ хийлээ. Тус төв нь шинжлэх ухаан технологийн хамгийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан үйлдвэрлэлийн чиглэлийн инновацийн тоног төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой.Тус төвийг санаачлан байгуулагч Г.Энхбаяр нь техникийн ухааны докторын зэрэг хамгаалсан, Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикт тохируулагч инженерээр ажилладаг бөгөөд төвийн үйл ажиллагаагаа 3 судлаач инженерийн бүрэлдэхүүнтэй эхлүүлж байна.
Манай аймгийн хэмжээнд Мэдлэгт суурилсан Эрдэнэт хөтөлбөр 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Хөтөлбөрийн гол зорилго бол Орхон аймаг Эрдэнэт хотыг мэдлэгийн эдийн засагт тулгуурласан инновацийн хот болгоход оршиж байна.
Энэ утгаараа аймгийн бодлого чиглэлтэй нийцсэн Инженер инновацийн төв байгуулагдсан явдал нь цагаа олсон үйл явдал гэдгийг онцолж байна. Инженер инновацийн төв нь жилд 2-3 бүтээл гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн чиглэлээр эхний ээлжид үйл ажиллагаагаа чиглүүлэх гэнэ. Цаашдаа инженерийн бүхий л салбарт ажиллахаар зорьж байна.
Эх сурвалж: Erdenetinfo.mn