|

Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног эхэллээ

saikhnaa 2016/04/27 995 0

Жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт ДЭМБ-аас "Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног”-ийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ тэмдэглэлт өдрийг тарилгатай халдварт өвчнөөс өөрийгөө болон үр хүүхдээ хамгаалах, вакцинжуулалтанд хоцрохгүй хамрагдахын ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулдаг.

 

Энэ жил "Дархлаажуулалтаас хоцрогдохыг арилгая” уриан дор зохион байгуулагдаж байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол улсад зохион байгуулагдах "Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын аян” –ыг улаанбурхан өвчин болон бусад тарилгатай халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж мэдээллийг олон нийтэд түгээх, вакцины ач холбогдлын талаарх иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоногийн хүрээнд Монгол Улс дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМСЯ, НЭМХ, ХӨСҮТ хамтран дархлаажуулалтын ач холбогдол болон дархлаажуулалтанд хамрагдаагүйгээс үүсэх эрүүл мэндийн эрсдэлийн талаар олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгуулж байна.   

 

Манай улсад 2012 оноос хойш улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд 2015 оны 3 дугаар сараас эхлэн дэгдэлт гарч одоог хүртэл буурахгүй байгаа учраас Засгийн газар, Эрүүл мэнд спортын яамнаас ирэх 5 дугаар сараас эхлэн орон даяар 18–30 насны залуучуудыг улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах шийдвэр гаргажээ. Нөхөн дархлаажуулалт өрх, дүүргийн эмнэлгүүдээр хийгдэнэ.

 

ИЙМЭЭС 18–30 НАСНЫ ЗАЛУУЧУУД, ОЮУТНУУДЫГ НӨХӨН ДАРХЛААЖУУЛАЛТАНД ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Санал болгох

Сэтгэгдэл

top