Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн удирдлаган дор (БНОУХ), Монгол Улсын нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс иргэдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар ажилгүйдэл, үнийн өсөлт ба авлигаас үүдэн Монгол Улсын иргэд гутранг үзэлд автаж буйг тодорхойлсон аж. Энэ талаар БНОУХ-ийн захирал Ашлэй Вэйлэн, тус хүрээлэнгийн санал, асуулга, судалгааны төвийн мэргэжилтэн Роберт Карпентер нар мэдээлэл хийлээ.
БНОУХ нь манай улсад 1992 оноос үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн насны иргэдийн санал өгөх хүсэлт нэмэгдсэн эсэх болон эдийн засгийн байдлын талаарх үзэл бодлыг тандалт судалгаа хэлбэрээр хийсээр иржээ.
Энэ удаагийн тандалт судалгааг энэ оны гуравдугаар сарын 1-нээс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон 13 аймагт явуулсан аж. Судалгаанд сонгуулийн насны 5000 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулсан аж. Судалгаанд оролцогчдын 61 хувь нь "Монгол Улсын хөгжил буруу чиглэлд явж байна” гэж хариулсан нь 2011 оны үзүүлэлтээс 23 хувиар өссөн байна. Мөн 92 хувь нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш муу хэмээн дүгнэж, 56 хувь нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдал улам доройтсон, 48 хувь нь ажилгүйдэл хамгийн том асуудал болоод байна хэмээн хариулжээ.
Энэ талаар БНОУХ-ийн захирал Ашлэй Вэйлэн "Монгол Улсын эдийн засгийн хэцүү байдал нь иргэдэд хүндээр нөлөөлж буй нь илт байна. Иргэд ажилгүйдэлтэй тулгарч, авлигын түвшин өндөр байна гэж үзэж буй тул бухимдах нь аргагүй. Тиймээс ч эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалж монголчууд сэтгэл гутралд автаж байна гэж судалгааны үр дүнг тодорхойллоо. Мөн судалгаанд оролцогчдын ихэнх буюу 83 хувь нь эрх барьж буй Засгийн газрыг муу болон маш муу ажиллаж байна гэж хариулсан. Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 82 хувь нь сонгууль өгөх хүсэлтэй байгаа бөгөөд үүнээс сонгуульд оролцогчдын идэвхи нэмэгдсэнийг харж болохоор байна. Тэдний 62 хувь нь эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих хүсэлтэй, дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс бид эмэгтэй улстөрчдийн байр суурийг нэмэгдүүлэх, тэднийг удирдлагын байр суурьтай болгох зорилгоор ажиллана” хэмээв.
Тус хүрээлэнгээс 2011 оны парламентын сонгуулийн үеэр дээрхи судалгааг анхлан явуулж байжээ. Цаашид Канад Улсын Загсийн газрын тусламжтайгаар энэ төрлийн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ хэлж байна.
Г.Тэгшсүрэн