|

Миний офшоор амьдрал

saikhnaa 2016/05/10 420 0
-фельетон-


Анхны офшоорыг илрүүлсэн гавъяа  хүүхнүүдэд ногдоно. Нөхрийнхээ цамцыг индүүдэж байгаад хармайнаас нь 100 цаас илрүүлсэн эхнэр нь "яадаг шаар вэ, овоо  муу шаар вэ” хэмээн бархирсаар гарч ирсэн гэдэг. Эхнэрийн хараал он цагийн эрхээр "Овоо шаар” болтлоо товчлогдсон агаад латинаар  галиглагдахдаа "оф шоор” гэгдэж эхэлжээ.  Офшоор үүссэн ёс тэр бөлгөө.

Мянга мянган жилийн турш, оёдолчид эр хүний госчоомны нууцгай хэсэгт  офшоор халаас гаргасаар… хүн төрөлхтөн офшоор хоёр хүйн холбоотойг гэрчилсээр... Харин имж бол байгалиас заяасан офшоор халаастай амьтан гэдгийг  зоологичид нэгэн дуугаар зөвшөөрдөг.

Орчин үеийн офшоорын  жишээ болсон Панама гэдэг нэр нь сийрсэн малгайныхаа хүрээнд 100 доллар хавчуулаад  жил  тойрон баригдалгүй   пяавдаж чадсан латин эрийн баатарлаг түүхтэй холбогдоно. Мөнгөө амжилттай офшоордож байсан панама хэмээх сийрсэн бүрхнийх нь нэр ийнхүү мөнхөрсөн бөлгөө.

Хүн төрөлхний түүх офшоороор баялаг. Монгол нутгаас эртний офшоорын үнэлж баршгүй олдвор нээгдсээр. Хадны хөндийд хичээнгүйлэн нуусан шаант чөмөг, Гурван цэнхэрийн агуйгаас олдсон  нь хүний түүхийн анхны  офшоор хүнст тооцогдож байна.

Тэнгэрлэг заяат монголчууд  тавьж хоносон хоолыг хүнсэндээ өргөн хэрэглэж байсан ба ялангуяа офшоор лавшааны амтанд орсон олигархиуд олноороо байсан гэдэг. Наадмын үеэр зарим болчимгүй этгээд олон хоносон офшоор хуушуур зарж, хүний гэдэс өвтгөсөн тохиолдол ч байдаг.

Социализмын жилүүдэд монгол малчид  олон тооны хонь ямаагаа офшоордон тооллогоос нууж байсан хэмээнэ. Тэр үеийн хотшсон монголчуудын  хамгийн  түгээмэл офшоор нь  хэдэн төгрөг хавчуулсан ном байжээ. Нэгэн монгол баян Панамын офшоор банкинд мөнгөө байршуулахдаа заавал номны завсар хавчуулж хадгалуулна гэж зүтгээд байсан гэдэг. 

Банкны хадгаламжийг ч энгийн ба офшоор  хэмээн хуваадаг. Эхнэртээ хэлсэн хадгаламжийг энгийн, харин цалингаасаа "жимийсэн” мөнгөөрөө авгайдаа хэлэлгүй бүрдүүлсэн бол яах аргагүй офшоор хадгаламж болно.

Томчууд нуудгайгаа "офшоор эхнэр” гэж нэрлэх болсон ба "Офшоорындоо хонолоо, офишиалынх руугаа гарлаа” гэхчлэн ярилцах болжээ. Хүний эрхийг хамгаалагчид "офшоор хүүхэд”-ийн эрхийг хамгаалах хууль гаргахыг шаардаж байна. Гэр бүлээ хаяж явсан хүнийг  "авгай хүүхдээ офшоор болгосон өөдгүй этгээд” хэмээн шүүмжлэх болсон ажгуу.

Ерөөсөө олон түмэнд дэлгэхгүй  байгаа зүйлийг офшоор гэдгээс хойш хүний зарим эрхтнийг ч офшоор эрхтэн гэж нэрлэх санал гарчээ. Гарч байгаа төдийгүй нийгмийн халдварт өвчнийг анагаадаг нэгэн эмнэлэг "Офшоор эрхтний эмнэлэг” гэсэн хаяг зүүсэн харагдана.  

Хууль зүйн яамны эротикийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжид "хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр хүний биеийн офшоор хэсгүүдийн зураг дүрсийг үзүүлэхгүй бөгөөд офшоор эрхтийг харуулах болбол сээтэг тавих юмуу, "+18” тэмдэглээ хийнэ” хэмээн зааварлажээ.

Нохой энд тэнд шороо ухаж, булууны яс нуух дуртай байдаг үзэгдлийг судалсан эрдэмтэд " хүний нөлөөгөөр гэрийн тэжээмэл амьтанд үүссэн офшоор инстинкт” хэмээн дүгнэжээ. Гэрийн муур баасаа нуудаг занг ч үүнтэй үүнтэй холбон тайлбарлаж байна.

Бидний эргэн тойронд "Цаадах чинь офшоор хадгалж чаддаггүй ам султай хүн”, "асуудлыг офшоор байдлаар энүүхэндээ ярилцъя” " төрийн офшоор задлаад асуудалд орсон гэнэ” гэхчлэнгийн яриа гарах болсон нь манай гариг офшоорлогдож байгаагийн жишээ гэлтэй.

Шинэ юм амархан ээнэгшдэг хойно, ачийнхаа шинэ дээлийг мялааж буй өвөө нь "Хойд хормойд  нь хоёр офшоор, дотоод хормойд нь долоон панаам…урт настай удаан офшоортой…”хэмээн ерөөж, цаад бацаан нь сэтгэл хангалуун толгой дохиж байсан гэдэг. Гэхдээ  энэ юу ч биш. Саяхны нэг шүүх хурал дээр гэрчийн этгээдийг дуудаж босгоод, Үндсэн хуулин дээр гараа тавьж байгаад "Би офшоордохоо, зөвхөн офшоордохоо  амлая” хэмээн андгайлахыг  шахсан гэж байгаа. За танилцах зар бол аль хэдийнэ "офшоортой хүнтэй, нас харгалзахгүй …” хэмээн эхэлдэг болоод удаж.

Офшоор ёсон шашныг ч тойрсонгүй. Тэдний номлодгоор бүрлээч болсон хүний сүнс 49 хоног офшоор зоонд байж байгаад дараа нь төрлөө олдог гэнэ.  Хий үзэгдэл, чөтгөр гэдэг бол офшоор хүн юм байна. Сая л дууллаа.

Офшоор судлаач миний бие энэ ажлын амтанд хар нялхаасаа орсон гэхэд болно. Эмээ маань айхавтар офшоорч нэгэн байсан ба миний дуртай чихрүүдийг орны хөндий, дэрийн ширгүү зэрэг офшоор зоонуудад байнга нуух боловч ард түмний хурц хараанаас мултарсан удаа нэгээхэн ч үгүй.  Нэг удаа аргалын бүтээлэг доогуур офшоордсон гялгар ууттай чихрийг илрүүлсэн нь санаанд үлджээ. Төрөлхийн антиофшоорч үзэлтэй төрсөн миний бие эд мөрийн баримтыг барьсаар үнээ сааж байсан ард түмэн дээр очиж,  эмээгээ илчлэн шударга гарын жаргалыг амсснаа сананам.  Эмээ маань эргэн тойрон байгаа үхрүүдийн нүдэн дээр намайг  яаж ч чадаагүй учир дэмий л хацар дээр үнсээд хоёр чихрээр авилгадсан бөлгөө.   Тэр цагаас хүний өөрийн ялгаагүй офшоорыг илчлэх нь ихээхэн унацтай ажил гэдгийг ухаарсан болно.

Сүүлийн үед шинжлэх ухааны салбаруудад офшоор аргачлал нэвтэрсээр. Монголын говиос олдож буй үлэг гүрвэлүүд бол нэг ёсондоо офшоор зоонд үлдсэн  амьтан гэх үзэл ихээхэн хүчтэй болов. Саяхан олдсон нэгэн үлэг гүрвэлийг Панамын дуулианыг бэлгэдэн Панамус офшоорзаврус хэмээн нэрлэх болсон байна.

Нээрээ, Панамын сүлд дуулал "Дархан манай офшоор улс…” гэж эхэлдэг,  хүмүүс нь офшоор эрхтэн дээрээ гараа тавьж байгаад дуулдаг гэж сонссноо хэллүү яалаа, хэлээгүй дээ ч яахав дээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top