Нэвтрүүлэгч П.Анужинг үзэл бодол, ёс суртахууны хувьд төлөвшсөн нэгэн гэлцэх хүмүүс бий. Тэгвэл түүнийг эгдүүцүүлсэн үйл явдал найз нөхдийнх нь хүрээнд болсон бололтой.
П.Анужин энэ талаар цахим хуудасны найзуудтайгаа хуваалцсан нь залууст нэгийг бодогдуулж байна.
П.Анужин: "Өрөөлийн төлөө үнэнийг бус өөрийн төлөө нялууныг хэлэх цөвүүн цаг"
Хэлэх, бичих ч юм биш дээ… Миний нэг танил ээжийгээ "п” гэж хараан, үзэн ядаж буруутгахыг нилээдгүй сонслоо. Өөрийгөө л өмөөрөөд байгаа өчүүхэн ярианаас хэтэрч сонсогдсонгүй ээ надад. Дотно найз нөхөд нь ч сонсоод сурчихсан байдгийг харж мэл гайхаж, цэл хөхрөв. Тэр танил өөрийгөө боловсролтой л хүн гэж боддог шиг байна бил ээ. Бас ч үгүй этик, моральтай хүн гэж өрөөл бас түүнийг боддог. Эцэг эхээ ингэж арай боломгүй, хэлээч та нар хэмээн найз нөхдөд нь хэлэхэд, энэ хүний л эрх чөлөө ш дээ хэмээн их л "баруунжсан” маягтай хандах. Нэг л сүрхий cool улс болох гээд зүрх сэтгэлийн дулаанаа алдаад байна уу даа?!!
Тогтож сонсохын аргагүй, эх хүний тухай муухай яриаг хээв нэг сонсонхон суух, ярих "боловсролтой” хэмээх хэсэг залуусд: ” ээжийгээ энэ хорвоогоос явахад нь л худлаа битгий уйлаарай даа” гэж хэлээд үүд хаалгыг нь үүрд орхин гарав аа. Тэдгээр залуус улсын хөгжил, бусдын амьдрал ахуй хүүрнээд үлдсэн. Бие биеийнхээ эрх чөлөө, бодох сэтгэх, ярих хэлэхэд оролцдоггүй гэх хүйтэн малгай тархиндаа тавьж, сүйд майд болцгоох ч гагцхүү үнэн үгийг хэлэх найз, нөхөр, хань ч бараг ховордоо юу даа.
Хатуу үг хэллээ гээд танил минь надад эгдүүцэж байгаа ч эрдэнэт сайхан ижийгээ алдаад зогсоход нулимс, харуусал нь бага байхыг бодож, өөрийгөө золин үнэнийг хэллээ. Хатуу үгэнд минь халирч эгдүүцэх танил минь хожмын ганцаардах өдрөө найз болон ирэх биз ээ, мэдэрч байна.
Найз хэмээх хуруунд багтах хэддээ, дотно улсдаа үргэлж үнэн байдаг болохоор би "хатуу”…. Үнэн өөрөө зөөлөн биш ээ.” гэжээ.