Төр захиргааны дээрээ төрийн далбаа, сүлдээ залсан ордон дотроо ингэж байгаа улс өөр газар бол бүүр үзүүлээд өгнө гэдэг ч үнэн л дээ...
Орхон аймгийн АН-ынхан Сонгуулийн хорооны үүдэнд зодолдов
Орхон аймгийн АН-ын хороо "хүчинтэй” "хүчингүй” хоёр хуралдаж, "тамгатай” "тамгагүй” хоёр даргатай болчихоод байгаа. Сонгуулийн босгон дээр өрнөж эхэлсэн энэ зөрчилдөөн ширүүсч, нэр дэвшигчдийнхээ материалыг Сонгуулийн хороонд хүлээлгэн өгөх үйл явц зодооноор төгсөв. УИХ-ын гишүүн М.Батчимэгээс тамга гардан авсан Г.Батмөнх даргатай АН-ын "МоАХ”, "ШАК” фракцын төлөөлөл нэр дэвшигчдийнхээ бүрдүүлсэн материалыг хуульд заасан сүүлийн хугацаа 17 цагаас арай өмнө авчирч өгсний дараа нэр дэвшилтийн гадна үлдсэн "Шонхор” фракцынхан намын дарга З.Энхболдынхоо итгэмжлэлээр түрээ барин мөн л өөрсдийн тодруулсан 33 нэр дэвшигчээ бүртгүүлэхээр ирсэн юм. Цаг хугацаа тулгамдсан мөчид ирсэн тэднийг "МоАХ”, "ШАК”-ынхан Сонгуулийн хороо руу нэвтрүүлээгүйгээс АЗДТГ дотор байрлах Сонгуулийн хорооны үүдэнд бие биеэ заамдалцан түлхэлцэж, гар зөрүүлэхэд хүрэв. Хэрвээ "Шонхор” фракцынхан нэр дэвшигчдийнхээ материалыг ийн сааталгүйгээр гардуулсан бол Орхон аймгийн АН аймгийн 33 тойрогт 66 хүн фракц, фракцаараа дэвшүүлж бас нэгэн шинэ "рекорд”-ын эзэд болох байлаа. Сонгуулийн хорооны үүдэнд бусад фракцууддаа шахуулан нэвтэрч чадаагүй "Шонхор”-ынхон аргагүй л "жигүүртэн” гэдгээ харуулж, нэр дэвшигчдийн бүртгэлийн материал хүлээн авах хуулийн хугацаа дууссаныг үл харгалзан Сонгуулийн хорооны цонхоор хавтастай зүйлээ шидэж тэнд ажиллагсдыг багагүй тэвдүүлээд авав. Хэдийгээр тэд ийнхүү авсан л бол "вандан тас” гэсэн ч Сонгуулийн хорооны дарга хүлээн аваагүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж баталгаажуулсан юм. Орхон аймгийн хувьд "нүүдлийн шувуу”, зөвхөн энэ орон нутгаар "дөрөөлж” УИХ-д суух сонирхолтой М.Батчимэгийн дэглэсэн жүжиг бүхэл бүтэн намыг ийм байдалд хүртэл хагаралдуулж, их замынх нь эхэнд "мордохын хазгай” болгочихов. Саяхан журмын нөхөд байж нэгэн ширээний ард бялуу хувааж асан журмын нөхөд энгэр заамандаа хүрч байхыг харахад энэ удаагийн сонгууль нэлээд дуулиантай явагдах бололтой.
Эх сурвалж: Тунгалаг.мн