Аймгийн захиргааны дэргэдэх "Нэг цонхны үйлчилгээний цэг”-ийн хаалганы дэргэд мөн л тэргэнцэртэй хүмүүст зориулан налуу орц, гарцыг шинээр хийжээ. Төрийн байгууллагын нэлээн хэдэн үйлчилгээ төвлөрсөн, иргэдийн хөл татардаггүй эдгээр үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа хараагүй, тэргэнцэртэй иргэд өөрийн биеэр ирж авах боломж ийнхүү бүрдсэн байна.
Аймгийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, алжаал ядаргааг тайлах бас нэгэн ажлыг бүр орон нутгаа хөгжүүлэх үндсэн чиглэлд суулгаж, бодлогоор хийж гүйцэтгэснийг хараад бас л бахархах сэтгэл төрлөө. Тэд Орхон аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд "Нутгийн удирдлагын ордны спорт заалыг засварлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спорт, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмжөөр хангаж, хичээллэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн заалт оруулж, эдгээр ажлыг гүйцэтгэхэд Орон нутгийн төсвөөс 90 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ ажилд мэдээж тендер зарлаж, гүйцэтгэж чадах байгууллагаар нь уг ажлыг хийлгэсэн байна.
Аймгийн захиргаа, түүний ард байрлалтай спорт заалыг шинэ хүзүүвчээр холбож, түүний хаалганд тэргэнцэртэй хүмүүс орох налуу зам хийхээ бас мартсангүй. Тэрээр аймгийн захиргааны ар талын спорт зааланд 3 өрөөг шинэчлэн засч, чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Чийрэгжүүлэлтийн дасгал хөдөлгөөн хийсэн хүмүүсээс мэдээж хөлс гарна. Тиймээс дараа нь усанд орох нөхцлийг ханган шинэ шүршүүр ашиглалтанд оруулжээ. Энд тэргэнцэртэй хүмүүс болон бусад иргэдэд зориулсан хоёр ч ариун цэврийн өрөөг бүрэн тохижуулсан байна. Тэргэнцэртэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, угаалгын өрөө нь ханандаа бат бэх, өндөр нам бариултай. Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч, хүмүүн заяаг олж төрөөд, өсөж өндийгөөд, олны тоосон дунд тормолзон амьдарсаар яваа тэдгээр хүмүүсийн төлөө Эрдэнэт хотын өмнөх удирдлагууд ингэж халуун сэтгэл гаргаж, халамж үзүүлж байгаагүй юм. Үүнийг Эрдэнэтийн анхдагчид нотлоно.
Нийгмээс онцгой халамж шаарддаг ийм хүмүүсийн төлөө Орхон аймгийн төр, захиргааны байгууллагаас санаачлан хийсэн бүхнийг харсан нэгэн хөгжлийн бэрхшээлтэй залуугийн ээж "Эрдэнэтийн одоогийн дарга нар хүүхдийн маань төлөө хийж байгаа бүхнийг харахаар баярлаад самсаа шархирах юм” гэж билээ. Эвий дээ, ийм ээж, аав нар болон тэдний хүүхдүүдийн сэтгэлийн зовиурыг бие эрүүл хүмүүс ойлгох ч биш дээ. Өөрт нь зориулсан зам, заал гээд олон зүйл шинээр бий болж байгааг харсан тэдний магнай тэнийхээс ч яах билээ. Тэдэнд зориулан шинээр засварласан чийрэгжүүлэлтийн өрөөнүүдэд байрлуулах тоног төхөөрөмжийг 2015 оны орон нутгийн төсөвт суулгаж шийдвэрлүүлсэн. Тэдгээр тоног төхөөрөмж дээр өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд 7 хоног бүрийн Лхагва, Баасан гаригт 10.00-12.00 цагийн хооронд ирж чийрэгжүүлэлтийн дасгал сургуулилт хийсээр байна. Ингэхдээ тэд суугаа волейбол, сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг олон спортоор хичээллэж чөлөөт цагаа сонирхолтой, ашигтай өнгөрөөдөг болжээ. Орхон аймагт өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй 336 хүүхэд байна. 2015 оны 8-р сард монголын бүх аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай олимп зохион байгуулагдаж, Орхон аймгийн тэмцээнд онцгойрон түрүүлсэн нэг хүүхэд удахгүй болох зүүн хойд Азийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай олимпод оролцох эрх аваад байна.
Өнөөдөр Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 2588 иргэн амьдарч байна. Тэднээс 1600 гаруй нь нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг. Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ийнхүү шинэ өрөөний шинэ тоног төхөөрөмж дээр чийрэгжүүлэлтийн дасгал хөдөлгөөн байнга хийж, эрүүл мэндээ хамгаалан, гэртээ гуниж суух биш, хүмүүсийн дунд орж хөгжилтэй сайхан амьдрах нөхцөл бүрдээд байна.
Орхон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучуудад зориулан "Хөгжлийн төв” барьж байгуулах газрын асуудлыг аль эрт шийдвэрлэжээ. Үүний дагуу тус төвийг барих хөрөнгө оруулалтын асуудлыг удирдах дээд шатны байгууллагад санал болгосон. Орхон аймгийн өнөөгийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө ийнхүү анх удаа олон тулгамдсан асуудлыг нь шийдвэрлээд байна.
1998 онд Бээжин хотод болсон Олон улсын эмэгтэйчүүдийн 4-р бага хуралд дэлхийн 50 гаруй улс орноос нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс хуран цуглаж билээ. Газар газраас ирсэн тэргэнцэртэй хүмүүст зориулсан тусгай автобусанд тэд тэргэнцэртэйгээ хурдан орж, буугаад бага хурлын бүх үйл ажиллагаанд хөлтэй хүмүүсийн нэгэн адил оролцож амжиж байгааг хараад "Хүний төлөө жинхэнэ анхаарал халамж тавьдаг дэлхийн соёл гэдэг энэ байх даа” гэх бодол төрж билээ. Тэр автобусууд сандалгүй, өргөн зай талбайд нь тэргэнцэртэй иргэд орсон дарааллаараа байраа эзлэнэ. Бас хэний ч тусламжгүйгээр өөрсдөө буугаад явна. Зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээ хүртэх нөхцлийг нь бүрдүүлээд өгөхөөр ухаан саруул тэдгээр хүмүүс өөрсдийгөө удирдаад амьдардагийн жишээ энэ юм.
Хөгжлийн бэрхшээлтэй л болохоос, сайхан амьдрах, хөгжих, сурч боловсрох хүсэл тэмүүлэлтэй хүмүүс Эрдэнэтэд олон бий. Тэдний төлөө Орхон аймгийн өнөөгийн удирдлагуудын хийж бүтээсэн бүхэнд иргэд талархаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө Эрдэнэтийн дарга нар чухам юу хийж бүтээснийг дараахь гэрэл зургаас тольдоно уу.
Н.НАРАН