|

12 жилийн дараах жижиг тойрог

saikhnaa 2016/05/30 493 0

12 жилийн дараах жижиг тойрог

 

Нөхөддөө боломж олгосон МАН-ын Д.Дэмбэрэл гишүүн, эмэгтэйчүүдээ өөд нь татна гэсэн учирлалтай АН-ын Р.Амаржаргал нараас бусад ахмад гэж болох парламентч бараг бүгд дахин сойгдлоо. Р.Гончигдорж нутагтаа дэвшихээр шийджээ. Их хурлын дарга байхад нь түүнийг Архангайчууд алгасч байсан удаатай. Галтай л тойрог. Харин МАН энэ тойрогт дан залуусаа илгээжээ. Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл нартай энэ зэрэгцэх хуульч туршлагатай парламент ч Д.Лүндээжанцан харин хотын тойргийг сонгожээ. Ингэхдээ С.Эрдэнийн вант улс гэгдсэн Баянголд тавигдсан ба АН-ын дарга З.Энхболдтой халз үзэх болж. Энэ хоёр улстөрч 2008 оны сонгуульд томсгосон тойрогт тулж байсан. АН-ын хувьд бол Баянголыг бараг авчихна гэсэн бардамнал буй бол МАН-ынхны хувьд энэ дүүрэгт онцгой тактиктай шийдэмгий үзэлцэх хэрэгтэй болж байгаа.   

 

Цэнхэр тааварт байгаа нийслэлд найдлага тавьж буй хүн бол АН-ын Г.Батхүү гишүүн. Тэрбээр мөн Өвөрхангайгаа нэг мөр орхиж хотын тойрогт хулжжээ. Түүнтэй хамт 2012 оны сонгуульд бүдэрч орсон М.Зоригт мөн Дорнодын тойрог руу зүг гаргажээ.

 

МАН-ын хувьд урьд сонгуулийн сургамжаа санаж хотын тойргуудад танигдсан гэж болох гишүүдээ түлхүү татжээ. Завханы тойргоос Д.Оюунхоролыг татаж намын залуу төлөөлөл болох зөөлөн дуутай П.Анужин, засаг дарга асан М.Батзориг нарыг тавьж тэнцвэржүүлжээ. Хотод хүч нэмэгдүүлж хөдөөнөөс татагдсан МАН-ын нэг хүн бол Ө.Энхтүвшин. Дараалсан ялагдлын дараа намын дарга хийж явсан нуруутай улстөрч Чингэлтэй, Налайх дүүрэгт тавигдсан бол түүнтэй хамт хүнд үед намын гал тогоонд сууж байсан Г.Занданшатар Баянхонгортоо даагаа нэхэхээр үлджээ. Түүний өрсөлдөх хүн бол "бидон” гэж шар мэдээнд нэр цохогдсон Д.Ганбат гишүүн.

 

МАН-ын хувьд урьд сонгуулийн сургамжаа санаж хотын тойргуудад танигдсан гэж болох гишүүдээ түлхүү татсан нь харагдана. Зөрүүлээд улаарчих гээд байдаг хөдөөд АН-ынхан анхааралтай хандаж зарим талаар өвөрмөц нэр дэвшүүлэлт хийсэн нь харагдана. Увсын аль ч тойрогт хамаагүй  айхгүй бол хүрч ирээд халзагнаарай гэсэн Ч.Хүрэлбаатар гишүүний дуудлагад бодолтой хандсан бололтой. Б.Сүрэнжав /Баянмөнх аваргын охин/-ыг илгээсэн байна. Мөн нөгөө тойрогт нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг илгээжээ.

 

Өвөрхангайн хувьд АН-ынхан энэ тойргоос нэлээн дөлсөн гэмээр харагдана. Түрүү сонгуулиар ялсан боловч дайруулсан хоёрын нэг С.Чинзориг эргэн ирсэн ба түүнийг энэ удаа Өвөрхангайчууд баараггүйд нь хийж илт давуу ялуулж мэдэх талтай. Нутаг орноо сүрхий хөгжүүлсэн магтаалтай засаг дарга Д.Тогтохсүрэн бол нутгийнханд нэр хүндтэй төдийгүй олон удаа аймгийнхаа сонгуулийн төв штабыг удирдаж ялах ялагдахын давс чихэрийг амссан туршлагатай нэгэн. Жижиг тойрогт бол бүр ч хатуу самар. Я.Содбаатарын хувьд бол өнгөрсөн сонгуульд жагсаалт руу шилжиж Их хуралд суусан, 2008 оны сонгуульд ялагдал амсаж үзсэн нэгэн. Сонгуульд бол шинэ цэрэг биш. Түүний тойрогт АН-ынхан дагаар орогч М.Батцэрэгийг тавьсныг харахад Өвөрхангайг өнгөрсөн сонгуулийн өнгөө хувиргана гэдэгт АН-ынхан тийм ч их итгэлтэй бус байгаа бололтой. З.Энхболд даргын хувьд Их хурлын дарга болох хүртлээ явах замналаа зассан Өвөрхангайгаа сул хаяад өгөхийг хүсэээгүй нь тодорхой. Баялаг бүтээгчдийг дэмжих аянаар сүрхий танигдаад байгаа Ч.Даваабаярыг нэг тойрогт нь илгээжээ. С.Чинзоригийн өөдөөс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг гэх залууг тавьжээ. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд 35 хүртэлх насны залуу үеийг төлөөлөн АН-аас нэр дэвшсэн ганц дайчин гэсэн тодотголтой.  

 

МАН-ын хувьд Баянхонгорын тойрог нэлээн барзгар байж болохоор. Эндээс гараад сурчихсан Х.Баттулга гишүүн баруун гартаа олимпийн аварга Н.Түвшинбаярыг хөтөлжээ. АН-ын хувьд хөдөөд Төв аймаг тун бэрх харагдаж байна. Энэ тойрогт босоо болсон МАН-ын хоёр Энхболд байгаа ба ард түмний хайртай бөх А.Сүхбат аваргыг дундаа хийж хөтлөөд иржээ.

 

Ер нь МАН-ын хувьд аймгууд бараг хуучнаараа буюу тухайн нутггаасаа сугарч гарч ирээд сурчихсан элчүүд бараг байрандаа байна. Б.Бат-Эрдэнэ аварга дархлагдсан Хэнтийдээ байгаа бол МАХН-ын үнэмлэхээ МАН болгон сэргээсэн Ч.Улаан, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар өөр өөрийн тойргоо авч үлджээ.

 

МАН, АН урлагийн талынхныг гээсэнгүй АН дуучин Г.Эрдэнэтунгалагийг нэмж эмэгтэй 16 гишүүнээ битүүлсэн бол МАН яруу найрагч Г.Мөнхцэцэгийг 16 эмэгтэйдээ багтаажээ. Ер нь хоёр том нам хамаг нарийн ширийнээ муйхарлан тохирсон ба зөрөлдөж төөрөлдөж явсаар ядаж л тал тал суудалтай тэнцүү шахуу ороод ирэх магадлалаар сонгуулийг зурсан нь нэр дэвшилт, тойргийн оноолтоос харагдаж байна.

 

Гуравдагч хүчний хувьд УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөөр байсан ч энэ намын хувьд гомдолтой зүйл их байгаа тул улс төрийн тэмцэл эхлүүлээд байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр нь 75 дугаар тойрогт буюу мөн Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэж байгаа Ингэвэл АН-ын Ш.Түвдэндорж, МАН-аас нэр дэвшсэн Д.Ундармаа нартай өрсөлдөх болно. Гэвч түүний нэр дэвшихэд тээг хориг тавигдсаар. Хэрвээ МАХН-ын элч нар нэр дэвшүүлэх эрхээ олж авбал Сонгинохайрхан дүүрэг МАН, АН хоёрт хүнд тойрог болж ирнэ. Энд Н.Энхбаяр нэр дэвшвэл тойрогтоо өөрөө төдийгүй хамт байгаа нэгийгээ чирээд гараад ирж мэднэ. Мөн Г.Уянга гишүүнээр овоглоод байгаа намд сонирхолтой хүмүүс ч байна.

 

Нарантуулын босс Ч.Сайхансамбуу 2012 оны сонгуульд халз тулсан Д.Оюунхорол гишүүнтэй зөрөөд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас нэр дэвшин Завханаа чиглэсэн бол дүү Ш.Батсамбуу нь мөн Завханд АН-аас нэр дэвшжээ.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан 54 тойрог буюу Баянзүрхэд хүч үзэхээр болсон гэж байгаа. Энд нэр дэвшвэл Ардчилсан намын "Шонхор” фракцийн Д.Арвин, Ардын намаас нэр дэвшиж байгаа П.Анужин нартай халж тулахаар болж байгаа юм. Энэ тохиолдолд Д.Арвин гишүүн нэлээн шинэлэг үзэхгүй бол өнөө хоёр нь тун өвөрмөц увдисаар цөөхөн сонгогчдыг татчих магадлалтай.

 

Тун сонирхолтой буюу нэлээн хөлтэй болдог жижиг тойргийн нэр дэвшигчид тодорч сонгуульдаа шуударлаа. 2004 онд хэл амтай өрнөөд 2012 оны сонгуулийн шинэ хуулиар хаалтаа хийсэн гол усны найр наадамд өнгөө олчихдог жижиг тойрог, жалга довны сонгууль 12 жилийн дараа яаж хувирч, хэрхэн өрнөхийг харах үлдлээ.  

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Санал болгох

Сэтгэгдэл

top