2016 оны сонгуульд улс төрийн хүчин бүр том, бага зорилго өвөрлөн орно. Үүнд мэдээж хэрэг намын дарга нар манлайлах нь дамжиггүй. Харин ихэнх уншигч нар намын дарга нар жагсаалтын эхэнд бичигдэн сонгуульд өрсөлдөнө гэх бодолтой байгаа. Харин зарим бор шувуудын нисгэж байгаагаар бол улс төрийн томоохон хүчний удирдагч нарын хувьд тойрогт нэр дэвшиж өөрийнхөө үнэ хүндийг өргөнө гэх яриа. Үнэн эсэх нь өнөөдөртөө тодорхой биш ч тийм магадлал тун өндөр юм.
Ардчилсан нам: Намын дарга З.Энхболд. Улсын Их Хурлын даргаар 4 жил ажиллаж байна. Улс төрчийн хувьд Өвөрхангай, Дархан-Уул, Улаанбаатар гэсэн гурван газарт нэр дэвших тухай яриа гарч байна. Өвөрхангай аймгийн хувьд төрлөх нутаг нь. Мөн тус аймгаас Улсын Их хуралд сонгогдож байсан. Гэхдээ тус намын хувьд тухайн аймагт өөр нэр дэвшигчдийг сойх сураг дуулдаж байна. Харин Дархан-Уул аймагт нэр дэвших яриа эртнээс гарсан. Гэхдээ магадлал тийм ч өндөр биш. Улаанбаатар хотын хувьд нэр дэвшихээр болвол Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт дэвших магадлалтай гэсэн яриа бий. Хэрэв Ардчилсан намын дарга тойрогт нэр дэвших бол намын жагсаалтыг нь хэн манлайлах вэ? Гэсэн асуулт сонирхол татаж байна.
Монгол Ардын нам: Намын дарга М.Энхболд. Нэрээ мартах хүртлээ шадар сайд хийсэн нэгэн. Түүний хувьд тойрогт нэр дэвших бол зөвхөн Төв аймагт. Төв аймгаас хэдэнтээ сонгогдсон. Уг нь анх Улсын Их хуралд орохдоо Баянгол дүүргээс сонгогдож байсан. Гэвч дахиж тус дүүрэгт очиж нэр дэвшээгүй. Дандаа Төв аймагт нэр дэвшиж байгаа. М.Энхболд, Н.Энхболд нарыг аймагтаа нэр дэвшинэ гэсэн яриа өнөөдөр ч хүчтэй яригдаж байна. Хэрэв М.Энхболд тойрогт нэр дэвшихээр болбол намын жагсаалтыг нь Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын нэг тэргүүлнэ гэх яриа гараад байна.
МАХН: Намын дарга Н.Энхбаяр. Түүнийг улс төрд оролцох ч хүрд эргүүлэх боломжгүй гэдгийг нь АТГ хэлчихлээ. Шадар сайд болох гэсэн оролдого нь 2016 оны сонгуульд нүүр бардам орох боломжтой эсэхийг тодруулах гэсэн алхам нь байлаа. Гэвч бүтэлгүйтэв. Иймд тус эрхэмийн хувьд сонгуульд өрсөлдөх боломжгүй болчихлоо. Иймээс Н.Энхбаяр гэдэг хүн хэрхэн яах нь өнөөдөртөө бүрхэг байна.
ХҮН: Хөдөлмөрийн Үндэсний намын дарга С.Ганбаатарын хувьд Дархан-Уул аймагтаа нэр дэвшинэ. Өнгөрсөн 4 жилд сонгогдсон тойрогтоо очиж ажилласан гишүүдийн нэг. Иймд Дархан-Уул аймагтаа дахиж нэр дэвших биз. Харин намын жагсаалтыг нь хэн тэргүүлэх вэ? Гэдэг тун сонирхол татаж байна. Тус намын дотоодод өрнөж байгаа маргаан ч үүнтэй холбоотой. Тус намын хуучин дарга Боргил намын жагсаалтыг тэргүүлнэ гэх яриа байгаа ч хүлээн зөвшөөрөхгүй залуус бий. Иймд тус намынхан тойрогт намын даргаа явуулж, харин жагсаалт дээрээ үзэлцэх нь гарцаагүй ээ.
Бусад: ИЗНН, МҮАН-ын хувьд Ардчилсан намын туганд нэгдэх тухай яриа нэгэнт өндөр авчихсан. Бараг л тодорхой гэж ярьж байна. Иймд намын дарга нар нь тойрогт нэр дэвшихгүй гэдгийг хэлээд байх шиг. Бусад жижиг намуудын хувьд намын дарга нар нь бүгд л намын жагсаалтанд орохоор хичээж байна. Гэхдээ сонгуулийн хуулиар тойргоос заавал нэг хүн сонгогдох учиртай. Иймд Л.Гүндалай, Б.Жаргалсайхан мэтийн улс төрчид нэгдэж нийлэх талаар өөр хоорондоо зөвлөлдөж, хэнийгээ тойрогт сойх тухайгаа хэлэлцэж эхэлсэн сураг дуулдана.
Б.Ган