|

Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын дарга З.Энхболд дур мэдэн аашилж ”Бялуу”-гаа ганцаараа хувааж эхэллээ

zulaa 2015/04/03 916 0

Д.Мөнх-Эрдэнэ: АН-ын дарга З.Энхболд дур мэдэн аашилж ”Бялуу”-гаа ганцаараа хувааж эхэллээ

 

АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ болон ардчилсан намын залуу гишүүд дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж АН-ын Их Хурлыг хуралдуулах, ҮЗХ хуралдуулах болон АН-ын дарга З.Энхболдыг ард түмнээсээ уучлалт гуй гэх шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.

 

-АН-ын дарга З.Энхболд намынхаа дүрэм журмыг зөрчсөн гэх нэлээд ноцтой мэдэгдлийг хийлээ. АН-ын дарга үнэхээр тойргоо "бялуу хувааж” байгаа юм шиг хуваарилчихсан гэж үү?

 

-АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч З.Энхболд дарга бялуугаа хуваачихсан гэж би хувьдаа ойлгож байна. Яагаад гэвэл, гуравдугаар сарын 25-нд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдэд мессэж ирсэн. Мессежинд "2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй ҮЗХ-ны гишүүдтэй намын дарга 3 дугаар сарын 26-аас 27-ны хооронд өглөө 09-өөс 18.00 цагийн хооронд ганцаарчилж уулзана” гэсэн байсан. Үүний дагуу АН-ын ҮЗХ-ны гишүүд намын даргынхаа байр суурийг сонирхож орж уулзсан юм билээ. Зарим гишүүдийн тухайд нэр дэвших хүсэлгүй ч намын дарга юу гэхнэв, ямар байр суурь баримталж байгааг нь сонирхож уулзсан байсан. Гишүүдийг уулзахад манай намын дарга "Чиний нэр энэ судалгаан дээр алга. Чи дэвшихгүй. Танай аймгаас УИХ-ын гишүүнд чинь амлачихсан байгаа. Чи бол яваад гарахгүй. Чи бол өмнө нь дэвшээд унаж байсан” гэх зэргээр хэл амаар дайрч давшилсан байна лээ. "Даргаа Та яагаад ингэж байгаа юм бэ, ямар судалгаа вэ” гэх зэргээр тодруулахад нь "Чамтай хууч хөөрөх зав алга. Гар. Дараагийнх нь хурдал” гэх зэргээр айлгах, сүрдүүлэхийн алин болохыг мэдэхгүй, ямар ч байсан иймэрхүү ааш гаргасан байсан.  

 

-Хэвлэлийн хурал дээр Та ирсэн мессэжээ үзүүлж байсан. Та З.Энхболд даргатай уулзсан уу. Юу гэж байна?

 

-Уулзсаан. Яг л дээрхийн нэгэн адил харьцсан. Намайг хараад их гайхсан шинжтэйгээр "Чи яах гэж байгаа юм. Танай аймгаас сонгогдсон 2 гишүүнд би амалчихсан ш дээ” гэж байна лээ. Би Баянхонгор аймгаас ҮЗХ-д сонгогдсон гишүүний хувиар орсон. Гэтэл миний төрж өссөн, мянга мянган ардчилагчдын өлгий болсон нутгийн ард түмний өмнөөс манай намын дарга шийдвэр гаргаж мандатаа аль хэдий амлачихсан сууж байгааг юу гэх вэ?.

 

-Та УИХ-д нэр дэвших гэж орсон юм уу?

 

-Дэвших, дэвшихгүйдээ гол нь биш ээ. Би Баянхонгорынхоо ардчилагчдыг төлөөлж ҮЗХ-д суудгийнхаа хувьд аймгийн намын хорооны гишүүдтэйгээ зөвшилцсөн. Тэд намын даргатайгаа уулз, ямар байр суурьтай байна, мэдээллийг бидэнд өгөөрэй гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу орж уулзахад л дээрх яриа өрнөсөн.

 

-АН-ын дарга З.Энхболдтой уулзахдаа үг үйлдэл чинь дүрэм зөрчиж байна гэдгийг хэлсэн үү?

 

-Тэнд дүрэм журам ярих хугацаа, боломж байсангүй. Судалгаагаар хэн өндөр рейтингтэй явж байгааг нь өрсөлдүүлбэл яасан юм бэ, дүрмийн дагуу явах ёстой шүү дээ гэтэл "Гүйцээ, гар” гэсэн. 

 

-АН-ын Их хурлын тов 2014 оны 12 дугаар сарын 06-нд товлогдоод хойшилсон. Яагаад заавал тавдугаар сард хуралдуул гэсэн шаардлага тавьсан юм бэ?

 

-2016 онд сонгууль болно. Сонгууль хүртэл цаг хугацаа бага байна шүү дээ. Тавдугаар сард амжихгүй бол зуны найр наадам, их амралтын дараа намрын ажил залгаж, өвөлжилтөө хангах гэсээр байтал 2016 он чинь гарна. 2016 он гарсны дараа бол бид тэгсэн, ингэсэн гэж мянган сайхан зүйл яриад нэмэргүй. Муугаар хэлбэл сонгуулийн шоу л гэж ярина. Тиймээс дөрөвдүгээр сард бэлтгэл ажлаа хийгээд тавдугаар сард хурлаа хийх бүрэн боломжтой.

 

-Танай намын залуус даргынхаа өөдөөс тэр бүр "босоод” байдаггүй. Ноёнтой заргалдвал толгойгүй гэгч болно гээд байдаг шүү дээ. Та эмээхгүй байна уу?

 

-Миний хувьд хэлье гэснээ хэнээс ч эмээхгүй хэлчихдэг. Ардчилсан нийгэмд шударга үнэний төлөө үгээ хэлдэг, дуугардаг эгэл жирийн л залуусын нэг. Надад айж эмээгээд байх юм байхгүй.

 

-Үнэн үг хэлсэн хүн нэг бол тушаал дэвшдэг, нэг бол шалгуулдаг, хоригддог гэсэн жишиг тогтчихсон гэж нийгэм даяар ярьдаг?

 

-Миний хувьд тушаал горьдсон зүйл байхгүй. Хорьдог, шалгадаг асуудлын тухайд нийгэмд сайн муу зүйл зөндөө л сонсогддог. Харин миний тухайд хууль дүрэм зөрчөөд шалгуулаад, хориулаад байх зүйл хийгээгүй. Төрөөс өмч хувьчлалаар өнчин ишиг аваагүй. Гарын үсэг зурдаг дарга цэрэг явсангүй. Тендер мендер гэж яваад байдаггүй. Тэрэнд орж ч үзээгүй, үзэх  ч сонирхол байдаггүй. Ийм л байна.

 

-Та дээр АН-ын дарга З.Энхболдыг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэлээ. Яагаад?

 

-Миний санаж байгаагаар З.Энхболд дарга өөрөө л энэ үгийг хэлсэн. Яагаад гэвэл намын өмнөх даргыг намын их хурлаар батламжлуулаагүй байхад "Дүрмийн бус дарга” гэж удаа дараа хэлж, ярьж байсан. Одоо яг өөр дээр нь давтагдаж өөрөө дүрмийн бус дарга болчихлоо. Хэрэв дүрмийн бус дарга биш гэж үзвэл З.Энхболд дарга тухайн үед өөрөө дүрмийн бус зүйл ярьж байсан байх.

Санал болгох

Сэтгэгдэл

top