АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри өнөөдөр Монгол улсыг Орос, Хятад хэмээх хоёр хэцүү хөршийн дунд байрлах "ардчиллын баянбүрд” гэж нэрлэлээ.
Жон Керри Бээжинд болох АНУ-Хятадын жил бүрийн Стратеги, Эдийн засгийн найм дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Парисаас ирэх замдаа Монгол улсад айлчилж байна.
Улаанбаатар дахь АНУ-ын элчин сайдын яамны Америк, Монгол ажилтнуудтай уулзахдаа Керри "Та бүхэн үнэхээр агуу үлгэр жишээ үзүүлж байгаа” гээд "Нэг талд нь Орос, нөгөө талд нь Хятад улс оршиж асар их дарамт үзүүлдэг ч энд та бүхэн өөрийн ардчиллын баянбүрдэд өөрийн замаар хөгжихийн тулд тэмцэж байна” гэж хэлжээ.
Тэр цааш нь хэлэхдээ Монголын засгийн газар АНУ-тай байгуулсан ил тод байдлын гэрээг (transparency agreement) хэрэгжүүлэх нь гадаадын хөрөнгө оруулагчдад ихээхэн итгэл үнэмшил бий болгох чухал ач холбогдолтойг онцолсон байна.
Монгол улс болон АНУ-ын засгийн газрууд 2013 онд энэхүү гэрээг байгуулсан ч одоог хүртэл хэрэгжиж эхлээгүй, гацаанд ороод байгаа юм байна.
Уг гэрээ ёсоор Монгол улс бүх хууль дүрмийн тайлбаруудаа англи хэлээр гаргаж олон нийтийн санаа бодлыг тусгах боломж олгох үүрэг хүлээх юм.
"Уг гэрээг хэрэгжүүлж эхлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад маш чухал алхам болно” гэж Керри айлчлалынхаа үеэр хэлжээ.
Эх сурвалж: Reuters