|

МАН-ын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын төлөөллийг хүлээн авч уулзлаа

enkhbaatar 2015/09/17 704 0

УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд ОХУ-ын Холбооны дээд зөвлөлийн гадаад харилцааны байнгын хорооны дэд дарга, Нэгдсэн Орос намын гадаад харилцааны хорооны дарга А.Климовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Ардын намын дарга М.Энхболд хэлэхдээ "Нэгдсэн Орос намын зохион байгуулсан арга хэмжээнд Монгол Ардын нам идэвхитэй байр сууринаас  оролцож байсныг цохон тэмдэглэхэд таатай байна. Бид танай намтай бий болгосон уламжлалт харилцаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байна.

Монгол Улсад 2016 онд УИХ-ын сонгууль болно. Монгол Ардын нам найман сарын хугацаанд засагт хамтарч ажилласан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцорч шинэ Ерөнхий сайд гарч ирсэн. "Улс орны эдийн засаг хүндэрлээ.Ард түмний аж амьдрал хэцүү байна.

Танай намын туршлага бидэнд  хэрэгтэй байна"  гэж урилга ирүүлж бид хамтарсан ч эрх баригч нам  МАН-тай хамтрах шаардлагагүй гэж үзсэн учраас дахин сөрөг хүчний байр сууринд шилжсэн. Гадаад бодлогын хувьд манай нам олон жилийн турш барьж байсан байр сууриа хамгаалах ёстой гэж үзэж байгаа.

Бид хөрш орнуудтай харилцах харилцаагаа чухалчлан авч үздэг" гэсэн юм. Харин Нэгдсэн Орос намын гадаад харилцааны хорооны дарга А.Климов хоёр нам боловсон хүчин бэлтгэх чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг яриандаа онцолж байлаа. Ирэх сард Бээжинд болох Ази, номхон далайн бүс нутгийн удирдлагуудын уулзалтын үеэр Нэгдсэн Орос нам, Хятадын Коммунист намтай олон асуудлаар хэлэлцээ явуулахаар төлөвлөж байна гэсэн юм.

Тэр дундаа хоёр улс Талын зам төслийг энэ үеэр чухалчлан ярилцах талаар ч  А.Климов хэллээ. Түүнээс гадна Украйны асуудалд А.Климов  уулзалтын үеэр хөндөж ярьсан.  УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд Украйны асуудлыг энхийн гэрээ хэлэлцээрийн замаар шийдээсэй гэж бодож буйгаа дуулгаад яг энэ асуудлаар өмнө нь Монгол суугаа ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов түүний санал бодлыг сонсч байсныг дурслаа.

Намын даргын хувьд Украйны ард түмэн санал асуулгаар хувь заяагаа шийдэх ёстой. 1945 онд Монголын ард түмэн бичиг үсэг мэддэггүй нь хурууныхаа хээгээр хувь заяагаа шийдэж байсан гэж нь Элчин сайд И.К.Азизовтой  Крымийн санал асуулга болохын өмнөхөн уулзахдаа хэлж байснаа ярилаа.

Түүнчлэн М.Энхболд дарга  "Бээжинд болох уулзалтаар Торгоны замын тухай яригдах нь ойлгомжтой. Олон зуун жилийн өмнө Торгоны зам Монголын нутаг дээгүүр дайрч өнгөрч байсныг та бүхэн мэдэж байгаа байх" хэмээгээд  Монголд тавтай саатахыг хүсэн ерөөсөн юм.

Уулзалтад Монгол дахь ОХУ-ын Гадаад харилцааны яамны төлөөлөл болоод Монгол Ардын намын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Даваасүрэн,  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Г.Ганбаяр нар хамт байлцлаа.

Ц.Анир

Санал болгох

Сэтгэгдэл

top