Улс төрийн ажлаа аль эртнээс эхлэн дуу хуур, бүжиг наадам, спортын дасгал, зөв хооллох жор мэтээр олны инээд эгдүүг зэрэг хүргэж явсан Л.Гүндалай өчигдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан. Түүгээр ч зогсохгүй, мисс эхнэр Л.Аззаяагаа хүртэл улс төрд уруу татсанаа илэрхийлээд авлаа.
Баянзүрх дүүрэгт нэр дэвших гэж буй эрхэм горилогч маань хэвлэлийнхэнд "Орхон намаа байгуулсан. Энэ ч утгаараа, тус аймагт өөрийн хань, овог нэгтэй эхнэр Л.Аззаяагаа нэр дэвшүүллээ. Нэг биеийн минь хань, нимгэн дээлийн минь давхарга болсон миний хань намайг бүрэн орлоно. Намайг л гэж бодоорой" хэмээн аминчлан захижээ.
Монголын улс төрд гэр бүл, ах дүүс, хамаатан саднаараа "шавдаг" болсон энэ моод хэдий хүртэл үргэлжлэхийг ёстой бурхан ч мэдэхгүй биз. Гэргийгээ хүртэл улс төрд уруу татаж байгаа Л.Гүндалайг олон хүн шүүмжилсэн ч мань эр хээвнэг алхаж яваа гэдэг. МУГЖ, дуучин С.Жавхланг уйлуулан байж дууг нь булааж авчихаад тоогоогүй түүнд улс төрийн шүүмж харин ч нэг асуудал биш байлгүй дээ. Миссийн тэмцээнд оролцож, өөрт нь гурван охин төрүүлж өгсөн эхнэрээ УИХ-ын чуулганы танхимд харж баясах юу нь "буруу" гэж...
Б.Содон
www.breakingnews.mn