Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сандуйжав өнөөдөр "Хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөл” төслийн явцтай танилцлаа. Уг төслийг Монгол, Францын Засгийн газар хооронд 2008 оны 6-р сард гэрээ байгуулснаар эхлүүлсэн.
Төсөлд нийт 27 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 9 сая 535 мянган еврог Франц улсаас 9.5 тэрбум төгрөгийг нь Монгол Улсаас санхүүжүүлэх ёстой. Одоогоор уг төслийн ажил 82 хувьтай үргэжлжилж байгаа юм. Үлдсэн ажлуудын хувьд 2-р тунгаагуурын барилгын ажил болон гадна засал хийгдээгүй гэнэ.
Гэрээ байгуулсан ёсоор бол цэцэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөл нь өнгөрсөн оны 9-р сард ашиглалтад орох ёстой байсан боловч санхүүжилтээс шалтгаалж саатсан байна. Учир нь энэ онд төслийг санхүүжүүлэх хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөгөөр дутуу батлагдсан. Үлдсэн санхүүжилтийг ирэх онд гүйцээхээр болсон гэж албаны хүмүүс хэллээ.
Франц улсаас энэхүү төсөлд оруулах 9.5 сая гаруй еврогийн хөрөнгийг бохир ус цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжид зарцуулана.
Харин манай улсын Засгийн газраас барилга, угсралтын зардлыг гаргах юм. Хэдийгээр энэ ажил саатаж байгаа ч манай хотын одоо ажиллаж байгааа цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа хэвийн байгааг Засаг даргын орлогч онцоллоо.
Хамгийн гол нь энэхүү бүтээн байгуулалт нь 2030 он хүртэлх хотын бохирын асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа юм байна. Хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн өргөтгөл төсөл хэрэгжиж дууссанаар одоо ажиллаж байгаа цэвэрлэх байгууламжтай ижил хүчин чадалаар ажиллах боломжтой. Манай хотын одоогийн цэвэрлэх байгууламжаас ялгарах онцлог нь лаг боловсруулах байгууламжтайд оршиж байгаа юм байна.