|

Өөрчлөгдөн хөгжиж буй өнөөгийн Эрдэнэт

zulaa 2016/04/25 1366 0

Өөрчлөгдөн хөгжиж буй өнөөгийн Эрдэнэт

 

Өөрчлөлтийг хүмүүс өөр өөрийн өнцөгөөс харж, ойлгодог. Гэхдээ гарт баригдаж, нүдэнд тод үзэгдэх тэрхүү өөрчлөлтөнд л илүү ач холбогдол өгч, үнэмшил төрөх нь олонтаа болов уу. Итгэл үнэмшлийг улам нэмж, өдрөөс өдөрт мэдрэгдэх тийм л өөрчлөлт дунд бид өглөөг угтаж, оройг үдэх болсоор дөрөв дэх хавартай золголоо. Тиймээ, энэ бол Эрдэнэтийн өөрчлөлт бас хөгжил. Эрх чөлөөтэй иргэдтэй иргэншсэн-Орхон аймаг,Эрдэнэт хот, Эрдэм боловсролтой иргэдтэй оюунлаг-Орхон аймаг, Эрдэнэт хот, Эрүүл чийрэг иргэдтэй, экологи цэвэр-Орхон аймаг,Эрдэнэт хот, Ажилтай, орлоготой чинээлэг иргэдтэй-Орхон аймаг,Эрдэнэт хот, Аюулгүй орчинтой амгалан тайван-Орхон аймаг,Эрдэнэт хот гэсэн үндсэн 5 бүлэг, 17 чиглэлээр 101 зорилтыг тусган хэрэгжүүлэх Орхон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3-р хуралдаанаар 2012 оны 12-р сарын 26-ны өдөр, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2013оны 1-р сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4-р хуралдаанаар тус тус хэлэлцэн баталж байв. Тэр цаг үеэс хойш өнөөдрийг хүртэлх 3 жил гаруйн хугацаанд дээрх зорилт хөтөлбөрүүдэд тусгагдсан Эрдэнэт хотын дэд бүтцийн чиглэлээрх ажлууд хэрхэн хэрэгжиж, бодит байдал дээр ямар өөрчлөлтүүд дагуулсныг баримт, жишээгээр дүгнэн харъя.

 

Орон сууцны хороолол өнгө заслаа

Өөдөлж яваа айлын өнгө цаанаа л нэг өөр байдаг. Эрдэнэтийн орон сууцнууд нүүрээ угаасан хүүхэд адил өнгө орон цэмцийж байна. Анх баригдсанаас хойш нэг ч удаа будаж сэргээгээгүй орон сууцны хорооллуудын өнгийг сэргээж, шинэчлэн будах ажил 2015 оноос эхэлж, 2,3,6-р хорооллуудыг будаж дуусгасан бол энэ хавар 1,4,5-р хороолол, Вокзалын байрууд болон Дэнжийн гурван байрны гадна фасадыг будах ажил эхлэв. Эрдэнэт хотоо "Өнгөт хот” болгох энэхүү ажлыг Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн. Эрдэнэт үйлдвэр Уурхайчдын хотоо улам жавхаалаг болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаад Эрдэнэт хотын нийт иргэд талархалтай байна.


Сүүлийн 30 жил гар хүрээгүй байсан хот доторх авто зам шинэчлэгдэв

Эрдэнэтчүүдийн өдөр тутмын амьдралд хамгийн ойр тусдаг хүндрэлтэй асуудлын нэг нь хот доторх авто зам, машины зогсоолын ачаалал байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Одоогоос 30-40 жилийн өмнөх төлөвлөлтөөр байгуулагдсан "Орон сууцны хорооллуудын дундах авто зам, зогсоол”-ын багтаамж иргэд, оршин суугчдад хүрэлцээгүй болсон учраас шинээр төлөвлөх, өргөтгөж, шинэчлэх зайлшгүй шаардлагатай болсон байв. Тиймээс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрдэнэт хотын Орон сууцны хорооллуудын дундах авто замыг шинэчилж, зогсоолуудыг өргөтгөх ажлыг хийж гүйцэтгэснээр замын түгжрэл, машинаа тавих зогсоолгүй болох зэрэг эрсдлийг дагаж ирдэг иргэдийн гомдол ,бухимдал үгүй болж, хотын оршин суугчид сэтгэл тайван амьдрах таатай нөхцөл бүрдсэн юм.


Эрдэнэт хотын гэр болон орон сууцны хорооллын зарим гудамжны авто зам, байр хоорондын авто зам, уулзвар, зогсоолыг шинэчлэх, шинээр зам тавих, Жаргалант сумын авто замыг сайжруулах ажлын хүрээнд 3 жилийн хугацаанд улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар 13.4 км авто замыг шинээр барьж, 12.2 км хуучин авто замын хучилт , 10433 м2 авто замын нөхөөс, 734 босоо тэмдэг, 55180 метр хэвтээ тэмдэг шинээр хийж, Эрдэнэт хотын төв авто замын 3 уулзварын гэрлэн дохиог шинэчлэн 15 автобусны буудал шинээр барих, уулзвар өргөтгөх ажилд нийт 19.1 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Тухайлбал: Эрдэнэт хотын 1,2,3,4,5,6 дугаар хороолол, Дэнжийн 3 байр, Эко хороолол, Эрдэнэ-Хабитат, Хантай-Залуучууд, Баян-Өндөрийн гудамж, Наран-Шанд, Баянбулаг, Говил, Баянцагаан, Яргуйт багуудад авто замын шинэчлэлийг хийсний үр дүнд замгүй газрууд шинээр авто замтай болж, замууд өргөсөж, авто зогсоолын талбай шинээр нэмэгдэн, 1500 гаруй авто машинзогсох шинэ зогсоолтой боллоо. Хотын төвд болон гэр хороололд явган хүний замыг шинээр болон сэргээн засварлах шинэчлэх ажлыг эхлүүлж, нийт 56.5 мянган м2 явган хүний замыг шинээр тавьсан байна.


Уулзвар гарцыг өргөтгөж, камержуулалтын систем нэвтрүүлэв

Замын хөдөлгөөний соёл, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээний найдвартай ажиллагаа, камержуулалтын иж бүрэн систем зэрэг нь орчин үеийн хотын дүр төрхийг илэрхийлэх нэг чухал үзүүлэлт нь болдог. Энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд хийсэн ажлууд хотын хөгжлийг шинэ шатанд гаргалаа. Замын тэмдэг тэмдэглэгээ, гарц, хурд сааруулагч зэргийг орчин нөхцөлд нь тааруулж, шинэчилснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, зам тээврийн хэрэг, зөрчил гарах эрсдэл багасч байна. Эрдэнэт хотын олон мянган иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг илрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй нэг ажил бол камержуулалт юм. Хотын гудамж, талбайд нийт 190 гаруй камер суурилуулж, камеруудын ашиглалт хамгаалалтыг ханган ажиллаж буй нь аюулгүй орчинтой амгалан тайван Эрдэнэт хотын нэгэн тодотгол болж байна.


Хаяа тэлсэн Эрдэнэт

Эрдэнэт хот орон сууцны шинэ хорооллуудаар өргөжин тэлж байна. Аймгийн ИТХ-аас орон сууцны шинэ хорооллуудын төлөвлөгөөг баталж, барилгын салбарыг орон нутгаас дэмжиж, хамтран ажилласнаар 2013-2015 онд Орхон аймаг, Эрдэнэт хотод нийтдээ 1210 айлын орон сууц ашиглалтад орсон бөгөөд 603 айлын 9 орон сууцны барилга одоо үргэлжлэн баригдаж байна. Энэ нь өмнөх 4 жилтэй харьцуулахад 6 дахин олон орон сууц баригдсан үзүүлэлт юм. Эрдэнэт хотыг орон сууцжуулах асуудлыг тусган хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулснаар 7, 7а, Эко хорооллууд, 2а, 1а, Залуус, Төгөл зэрэг хорооллын барилгажилтын ажлууд үе шаттайгаар хийгдэж байна. Ипотекийн 8 хувийн зээл хэрэгжсэнээр орон сууцны борлуулалт нэмэгдэж, иргэдийн сар бүр төлдөг зээлийн эргэн төлөлтийн хэмжээ багасч, олон зуун айл өрх, орон сууцанд амьдрах боломжийг нээсэн чухал ач холбогдолтой ажил болсон юм.


Ногоон Эрдэнэт

Төрөлх хот Эрдэнэтээ ногоон бүс болгох, өөрөөр хэлбэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө оруулалт хийж, анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэт хот руу зүүн талаас орж ирэх зам дагуу ойн төгөл бүхий ногоон зурвас байгуулах ажил сүүлийн 2 жилийн турш хийгдэв. Гурван замын уулзвараас Эрдэнэт өртөө хүртэлх замын хойд хэсгээр 30 метрийн өргөнтэй, нийт 4 км-ийн урттай талбайд 6 эгнээгээр 2600 гаруй мод тарьсан байна. Тэдгээрийн 1800 нь сибирийн улиас, 800 нь агч мод юм. Мөн Баян-Өндөр хайрханы Хүрэн булгийн аманд 12 мянга орчим мод тарьж, арчилж, ургуулж байгаа нь байгалийн нөхөн сэргээлт, хотын ногоон ирээдүйд оруулсан том хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн Сархиа уулын энгэрийг ойжуулж, хотын доторх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, арчлан хамгаалах чиглэлээр Эрдэнэтчүүд ажиллаж байна. Эрдэнэт хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх орчин бий болгох, хүүхэд, залууст Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, бахархалт түүхийг таниулах зэрэг олон ач холбогдол бүхий "Эрдэнэт Цэцэрлэгт хүрээлэн Цогцолбор” баригдаж байна. Эрдэнэт хотын төвд цогцлох энэхүү Цэцэрлэгт хүрээлэнд Эрдэнэт хот, Монгол улсын 21 аймгийн бахархал, байгалийн өвөрмөц тогтоц, онцлогийг харуулсан иж бүрэн цогцолбор байгуулагдана. Энэ бол Эрдэнэт хотын нэгэн өнгө болж харагдах томоохон бүтээн байгуулалт болох юм.


Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл ашиглалтанд орно

Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажил эхлээд амжилттай өрнөж байгаа бөгөөд 2016 онд ашиглалтанд хүлээн авна.

Тус өргөтгөлийн ажил Монгол улсын засгийн газрын хөрөнгө оруулалт, Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэж байгаа юм. Цэвэрлэх байгууламжийн өргөтгөл нь Эрдэнэт хотын өргөжин тэлэх ирээдүйг харсан, том хотын суурь бэлтгэлийг хангасан чухал ажил. Өнөөгийн Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болсон бохир ус цэвэрлэх байгууламжийн хүндрэлийг Эрдэнэтчүүд тойрч гарах бэлтгэлээ ийнхүү базааж байна.



Хөрөнгө оруулалт хөрсөн дээр буусан жилүүд

Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалтууд Эрдэнэт хотын хөгжил дэвшилд түүхийн шинэ хуудас нээснийг тод тэмдэглэх учиртай. 2013-2015 онд Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК, үйлдвэрлэл технологи, зам тээвэр, харилцаа холбоо, байгаль орчин-экологи, эрүүл мэнд гээд бүхий л салбарт хамтран ажиллаж, томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн байна. Үүний хамгийн том жишээ бол Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдсан Япон улсын менежменттэй Медипас төв эмнэлэг юм. Энэхүү олон улсын оношлогооны төв ашиглалтад орсноор Эрдэнэт хотын төдийгүй Монгол улсын ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн ач тусаа үзүүлэх өргөн боломж бий боллоо. Түүнчлэн Орхон аймгийн цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, гудамж талбайн гэрэлтүүлэг, авто замын өргөтгөл, "Найрамдал” өндөрлөг, наадмын талбайн сэргээн засварлалт, орон сууцны хорооллууд болон авто зогсоолын үйлчилгээ, байгаль орчны цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийг дэмжих ажилд зориулсан олон хөрөнгө оруулалтууд өнөөдөр "хөрсөн дээр бууж”, бодит ажил болон хэрэгжсээр байна.


Ийнхүү Эрдэнэтчүүд бид олон эерэг өөрчлөлтийг дагуулсан их бүтээн байгуулалт, амжилтаар Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ойгоо угтаж байна. Цаашид ч бидний өмнө хийх бүтээх, төрөлх хотоо хөгжил дэвшлийн оргилд хүргэх эрхэм үйлсийн их харгуй үргэлжлэн зурайна.

М.Наран

 

Санал болгох

Сэтгэгдэл

top