Төрөлх хот Эрдэнэтээ ногоон бүс болгох, өөрөөр хэлбэл хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр орон нутгийн төсвөөс багагүй хөрөнгө оруулалт хийж, анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэт хот руу зүүн талаас орж ирэх зам дагуу ойн төгөл бүхий ногоон зурвас байгуулах ажил сүүлийн 2 жилийн турш хийгдэв. Гурван замын уулзвараас Эрдэнэт өртөө хүртэлх замын хойд хэсгээр 30 метрийн өргөнтэй, нийт 4 км-ийн урттай талбайд 6 эгнээгээр 2600 гаруй мод тарьсан байна. Тэдгээрийн 1800 нь сибирийн улиас, 800 нь агч мод юм. Мөн Баян-Өндөр хайрханы Хүрэн булгийн аманд 12 мянга орчим мод тарьж, арчилж, ургуулж байгаа нь байгалийн нөхөн сэргээлт, хотын ногоон ирээдүйд оруулсан том хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн Сархиа уулын энгэрийг ойжуулж, хотын доторх ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, арчлан хамгаалах чиглэлээр Эрдэнэтчүүд ажиллаж байна. Эрдэнэт хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх орчин бий болгох, хүүхэд, залууст Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, бахархалт түүхийг таниулах зэрэг олон ач холбогдол бүхий "Эрдэнэт Цэцэрлэгт хүрээлэн Цогцолбор” баригдаж байна. Эрдэнэт хотын төвд цогцлох энэхүү Цэцэрлэгт хүрээлэнд Эрдэнэт хот, Монгол улсын 21 аймгийн бахархал, байгалийн өвөрмөц тогтоц, онцлогийг харуулсан иж бүрэн цогцолбор байгуулагдана. Энэ бол Эрдэнэт хотын нэгэн өнгө болж харагдах томоохон бүтээн байгуулалт болох юм.