АН-ын ялагдлыг улстөрийн хүрээнд олон янзаар тайлбарлаж байна. Тухайлбал, Нийтлэлч Ц.Буянзаяа өөрийн цахим хуудастаа, "АН яагаад ингэтлээ ялагдав гэж хүн бүхэн дор дорноо л нэг юм бодож байгаа байх. Ихэнх нь өнгөрсөн 4 жилийн үйл явдлуудтай холбон бодож байгаа. Мэдээж тэр бүхэн гол нөлөөллийг үзүүлсэн. Хамгийн гол нь гарман дээр морио сольдоггүй гэдэгчилэн сонгуулийн босгон дээр өмнөх тогтолцоогоо өөрчлөн порпорцианаль хэлбэрийг байхгүй болгосонтой л холбоотой юм. Холимог хэлбэр хэвээр байсан бол АН -аас жагсаалт, тойрогтойгоо нийлээд дор хаяж 20 гаруй хүн сонгогдох байлаа. Мөн тойрог том байсан бол чансаатай улс төрчид нь байж л байх байлаа. Жижиг можаритор тогтолцоо угаасаа нэг тийш нь савлуулдаг гэдгийг эрхбиш мэдэж байсан баймаар л юм. Ямар ч үед АН-ын гишүүд дэмжигчид 30-аад хувьтай. Товчхондоо ардчиллын жилүүдэд олсон сонгуулийн тогтолцооны хамгийн том ололтоо буюу бүх сонгогчдын санал тусгалаа олдог порпорцианаль тогтолцооноос ухарсан учраас АН үнэмлэхүй ялагдлаа" хэмээн товч бөгөөд тодорхойгоор дүгнэжээ.
Тэгвэл ялагдлаа хүлээсэн намын дарга З.Энхболд хариуцлагаа үүрнэ гэдгээ мэдэгдээд байна. Үүнтэй зэрэгцээд дараагийн АН-ын дарга хэн байх вэ гэдэг асуулт яг одооноос сонирхол татаж эхлэв. Нийтлэлч Баабарын тухайд Х.Тэмүүжинд энэ боломж ойрхон байгааг сануулсан бол Хан-Уул дүүрэгт ялалт байгуулсан Лу.Болдыг АН-ын дараагийн дарга хэмээн ярилцах хүмүүс ч бас байна.
Түүнчлэн эрх баригчийн байр суурин дээрээс ганцхан өдрийн дотор сөрөг хүчин болж хувирсан АН-ын 11 гишүүнийг шинэ парламентэд хэн ахалж, бүлгийн дарга болох вэ гэдэг асуулт мөн л сонирхол татаж байна. Намдаа суудал авчирч хоёр дахь удаагаа гишүүн болох эрхээ баталгаажуулсан Ж.Батзанданг энэ үүргийг хангалттай гүйцэтгэж чадах нэгэн хэмээх үзэх нэг хэсэг байхад Баянгол дүүрэгт ямар ч цаг үед босоо гэдгээ нотолсон С.Эрдэнэд энэ үүрэг ногдож магадгүй гэх яриа гараад байна.
Х.Онон
http://www.zuvsongolt.mn/page/newsmore/3586