Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэсзаслын тасгийн эмч, докторант Д.Энхболдтой ярилцлаа.
Тасгийнхаа талаар танилцуулахгүй юу?
-Мэдрэлийн мэс заслын тасгийн суурь анх 1966 онд тавигдсан. 50 жилийн настай гэж бодоход би сүүлийн 22 жилд нь энэ тасагтаа ажиллаж байна. 1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг төгсөөд шууд энэ тасагт ирж ажиллаж байлаа. Намайг анх ороход манайх жилд 100 гаруй мэс засал хийдэг байсан бол өнөөдөр 1000 гаруйг хийдэг болсон. 22 жилийн хугацаанд тухайн тасгийн ачаалал 10 дахин нэмэгджээ. Хоёрдугаарт, тухайн үед арваад эмч ажиллаж байсан. Гэтэл өнөөдөр энэ тоо яг хэвээрээ байна. Энэ нь эмч нарын ачаалал их болсныг харуулж байгаа юм. Нөгөө талаараа мэс заслын үр дүнгийн тухай ярих нь чухал.
-Тухайлбал, юу вэ?
-Тухайн үеийн мэс заслын үр дүнг одоогийн мэс засалтай харьцуулахын аргагүй. Өнгөрсөн жил манайд мэс заслын дараа нас барсан, муудсан 30 гаруй хүн байсан. Ямар ч улсад Эрүүл мэндийн салбарт нь Мэдрэлийн мэс заслын алба, тусгай нэгж байдаг. Гэтэл манайд улсын төсвийн байгууллага учраас тасгийн хэмжээнд байлгаж байна. Уг нь дотроо олон салбартай. Тархины хавдрын, хүүхдийн, судасны, нурууны мэс заслын гэсэн тасагтай байх ёстой. Энэ тасгууд нь тус тусдаа хөгжихгүй зөвхөн энэ тасагт л хийж байна. Манай эрүүл мэндийн салбарт үүсч буй хууль зүйн байдал нь сонин байгаа юм. Зарим хэсэгт хувийн сектор хөгжиж болоод байна. Бид цаашаа яаж хөгжих вэ гэдэг асуудал байгаа. Монголчуудын хүсэл зорилго бол дэлхийн стандартад нийцсэн, өндөр төвшний эмнэлэг, эмч, үйлчилгээтэй болох. Үүнд яаж хүрэх вэ. Энэ замд хүрэх үнэхээр боломжгүй.
-Яагаад боломжгүй гэж?
-Манайх тархи, нурууны ийм мэс засал хийж байна гэж сурталчилгаа хийдэггүй. Яагаад гэвэл улсын эмнэлэг. Нэгдүгээрт, зардал байхгүй. Хоёрдугаарт, үнэгүй эмчилгээ хийдэг учраас иргэд дугаарладаг. Нөгөө талаар эмч нар нь төсвийн цалинтай учраас өөрсдийнхөө хийж бүтээснийг таниулах сонирхолгүй байдаг. Их ажил хийлээ, шинэ зүйл бүтээлээ, олон мэс засал хийлээ, хүнд өвчтөнийг эдгээлээ гээд цалин нэмэх систем байдаггүй. Хэрэв энэ бүгдээр нь уралдуулж, шалгаруулдаг бол жинхэнэ хүний төлөө эмнэлэг болох юм. Гэтэл өнөөдөр энэ нь хүний эсрэг болчихоод байна. Тухайлбал, ДОХ-ыг эмчилж чадахгүй байгаа. Тэр өвчнийг туссан хүн нас барахаас өөр яах юм бэ. Хүний бие, физиологийн нас хоёр өөр. Тэр дундаа манайх шиг хөгжлийн хэцүү үе шатандаа байгаа оронд дийлэхгүй өвчнийг алдах магадлал байна. Энэ тохиолдолд дандаа залуу эмч нараа буруутгадаг. Энэ нь сайн эмч болох боломжийг нь хааж байгаа юм. Мөн манай тасагт мэс засал хийлгэхээсээ илүү ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа юм. Ганцхан энэ тасагт биш эрүүл мэндийн салбар, улсын бүх эмнэлгүүд үнэгүй эмчилдэг учраас энд хэвтэж эм, тариа хийлгэх гэсэн олон хүн бий. Энэ тасгийг ийм байлгаад байгаа нь хэн нэгэнд хэрэгтэй. Яагаад гэвэл улсын төсвөөс мөнгө авч тендер зарлаад тоног төхөөрөмж оруулаад үйл ажиллагааг нь явуулдаг. Нэг эм, нэг багаж авахад тендер зарлана. Үүний тулд нэг компани байгуулна. Ямар ч шударга тендер байсан тэр компани ашигтай ажиллахын тулд тухайн улсаас нь авчраад өөрийнхөө үнийг нэмж ашгаа тооцдог.
- Гадаадад хийдэг архины мэс заслуудыг танай тасаг амжилттай хийж байгаа шүү дээ. Энэ талаар?
-Манайхан Солонгос руу их явдаг. Өвчтөн эмчээ, эмнэлгээ өөрөө сонгодог. Үүний ганц шалгуур нь чадвар. Тухайн эмч нэг эмчилсэн өвчтөнөө эхнээс нь үзсэн бол насан туршид нь хянадаг байх ёстой. Ялангуяа, тархи, нугасны мэс засал олон муу үр дагавартай. Тиймээс үүнийг тухайн эмч л хянана. Өрхийн эмчийн хяналтад гаргана гэж байхгүй. Яалаа гэж нугасны мэс засал хийлгэсэн хүнийг өрхийн эмч хянаж чадах юм бэ. Огт мэдэхгүй шүү дээ. Гэтэл манай хуулийн хяналт нь ийм. Нөгөөтэйгүүр гадны хүмүүс манай иргэдийн эрүүл мэндээр бизнес хийж байна. Монгол шиг ядарсан оронд бизнес хийж байгаа эмч бол яавч сайн эмч биш. Дэлхийн тархины мэс заслын эмч нар бараг бие биеэ танина. Тэр дундаа ийм оронд ирээд бизнес хийж байгаа бол тэр нэр хүндгүй эмч байгаа. Нэр хүндтэй болсон мундаг эмч нар хэзээ ч манайх шиг оронд бизнес хийдэггүй. Хэрэв цахим ертөнцөд гарч ирвэл ямар ч нэр хүндгүй болно. Тиймээс АНУ, БНСУ, Японоос сайн баг ирж тархины мэс заслыг үнэ төлбөргүй хийж байна. Манайд багийн ажиллагаа гэж бараг байхгүй. Яагаад гэвэл алтан гартай хүмүүс төрөх гээд байна.
-Алтан гартай эмч төрөхөд юу нь болохгүй гэж?
-Бидэнд худлаа ч гэсэн гавьяат, Хөдөлмөрийн баатар, анагаах ухааны доктор, профессор гэсэн цол хэрэгтэй. Энэ бол хувь хүний карьер. Үнэндээ хүний чадварыг үүгээр хэмждэггүй. Мэс заслын эмч хийх гэж байгаа хагалгаагаа төсөөлж боддог оюун ухааны, гарын, сэтгэлийн ур чадвар гэж байх ёстой. Энэ гурав нийлж байж эмч болдог. Одоо манайд нэг эх эндэхэд толгойг нь авъя, шоронд суулгая гэдэг. Алдаа гаргадаггүй эмч маш ховор. Алдахгүйн тулд багаар ажиллах ёстой. Нэг нь олж хараагүй юмыг нөгөө нь олж хардаг. Тэр баг сайн гэдэг нэрээ авч явахын тулд хичээж, алдаагүй ажиллах хэрэгтэй. Ингэж ажиллах зарчмаа өөрчлөхийн тулд зах зээлд шилжих ёстой. Бид хийсэн ажлаараа үнэлүүлэх юм. Эмч хүнийг үнэлэх үнэлэмж нь өвчтөнг яаж эмчилсэн бэ гэдэг нь чухал. Хэдэн хүн эмчилсэн, хэн байх нь хамаагүй, зөвхөн цол, зэргээрээ цалинжина гэсэн буруу систем манай эрүүл мэндийн салбарт байгаа. Би одоо ажилласан жил, цол, зэргээрээ цалингаа авдаг. Гэтэл надаас сайн эмч гарч ирж болно. Тэр боломжийг нь би хаагаад сууж байна. Би яагаад ч тэр эмчийг гаргахгүй. Яагаад гэвэл заавал дээр нь байж хөнгөн, аятайхан мэс заслуудыг өөрөө авч, ихэнх ажлаа тэр залуу эмчээр хийлгээд нэр хүндийг нь өөрөө авна. Нас баруулсан тухайгаа огт ярьдаггүй. Үнэндээ энийгээ л ярих ёстой. Алдаа гаргаж хүнийг тахир дутуу болгосон уу яагаад үүнийгээ нуугаад амьдрах ёстой юм бэ. Бид алдаагаа ярих ёстой.
- Сүүлийн үед "Грандмед", "Бумбангранд", "Очирваань" зэрэг мэдрэлийн эмнэлэг гарч ирсэн нь танай тасгийн ажлыг бага ч гэсэн хөнгөвчилж байгаа байх. Энэ талаар та юу хэлэх бол?
-Энэ эмнэлгүүдтэй улсын гурав, нэгдүгээр эмнэлгийг харьцуулах үндэслэлгүй. Нурууны мэс засал тархины мэс заслын хажууд хөнгөнд нь ордог. Хүн үхүүлэх боломж багатай, зовиур шаналгааг нь янз бүрийн аргаар явуулж болдог. Манайд Грандмед болон Солонгос, Хятад эмчтэй хувийн эмнэлгээр эмчлүүлээд эдгээгүй гэсэн олон хүн ирдэг. Грандмед эмнэлэг тархи, нугас, хүзүүний хавдраа эмчилж чадахгүй гээд манайх руу явуулдаг. Бид олон хүнд өвчнийг эмчилж байна. Манайх эмчилж чадахгүй бол эд нар Монголд эмчилж чадахгүй гэнэ. Тархины мэс заслын олон өвчин байгаа. Үүний нэгийг нь ч энэ эмнэлгүүд авч эмчлэхгүй. Хэрэв амархан мөнгө олохын тулд шүүрч аваад хийчихнэ. 50 жилийн түүхтэй эмнэлэгтэй Грандмедийг зүйрлэж болохгүй. Гэтэл эмч нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гардаг. Энэ бол бизнесийн зарчим. Гэтэл бидэнд үүнтэй тэгшхэн өрсөлдөх боломжийг хаасан. Грандмедээс муудсан хүн ирэхэд бид чимээгүй л эмчлэх ёстой. Тэгвэл Грандмед алддаггүй газар юм уу. Муу ч, сайн ч 50 жил ажилласан тасаг. Энэ хугацаанд хуримтлуулсан туршлагыг 3-4 жил ажиллаж байгаа эмч нартай зүйрлэж ярьж болохгүй. Тэгэхэд энэ тасгийг хангалттай унагах зүйлийг гаргаж ирж болж байгаа юм.
- Та түрүүн эрүүл мэндийн салбар буруу системээр яваад байна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Систем нь өөрөө хүнийг өвчин тусахаас хамгаалах систем биш учраас хүмүүс нь хүнд өвчтэй ирдэг. Ялангуяа, хөдөөний хүмүүс оношлогдохгүй, хүнд үе шатандаа ирдэг. Үүнийг бид ажлаа муу хийх шалтгаан гэж үздэггүй. Харин яавал сайн эмчлэх вэ гэж хичээдэг. Хичээж хичээж алдчихаар алдсан гурван өвчтөн дээр нь ажиллаад байдаг. Орон тоог нь хязгаарласан. Уг нь зах зээлд ажиллах эмнэлгийн орон тоо хэрэгцээгээрээ зохицуулагддаг. Нэг хүнд стандарт гэж байдаг. Энэ стандарт улсын эмнэлэгт огт хамаагүй. Энэ тасагт энэ 10 эмч л байна. 1000 өвчтөнийг эмчлэх ёстой. Нэг орон тоо, цалин нэмэхгүй. Монгол Улс мөнгөгүйдээ биш. Хүмүүсийн толгойг буруу эргүүлээд байна. Бид АНУ, БНСУ, Герман шиг эмнэлгийн үйлчилгээ хүсч байгаа нь үнэн. Бид сайн эмнэлэгтэй болохын тулд эрүүл мэндийн даатгалын системийг цогц байдлаар нь хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал өрсөлдөөн бий болно. Иргэд маань үнэгүй эмчлүүлж болох өвчнийг Бумбанграндад олон сая төгрөгөөр эмчлүүлж байна. Зүй нь энэ хүн үүнийг тохирсон өртгөөр нь эмчлүүлэх боломжтой. Нөгөө талаар энэ тасгийг хөгжүүлэхгүй байснаар гадагшаа явж эмчлүүлээд байгаа тэр олон хүнд өвчтэй хүнийг энд эмчлүүлэх бололцоог хааж байна. Ийм муухай системийг бий болгочихоод байгаа юм. Хамгийн аймаар нь эрүүл мэндийн системийг хянах боломжгүй болгож байна.
-Алдаа гаргасан эмч нарын талаар юу хэлэхсэн бол?
-Эх, хүүхэд хоёр нас барсныг зөвтгөж, хамгаалаагүй. Алдаа гаргасныг шүүх тогтоосон. Өдөр бүр хутганы ирэн дээр ажилладаг эмч нар нэгнийгээ хайрлаж явдаг. Хүнийг аваръя гэж зүтгэсэн байхгүй юу. 1-2 жилийн ял аваад хохироод дуусна. Үүнийг ар гэр нь хөөцөлдөөд яах юм бэ. Мэргэжлийн хүн биш. Үүнийг бид эмнэлгийнхээ журмаар шийднэ. Ингэхээр хяналтын систем хүртэл буруу тогтсон байгаа биз дээ. Эмнэлгийн ямар ч хэргийг ар гэр нь л хөөцөлддөг. Үнэн хэцүү, бид адилхан хүн шүү дээ. Хүн үхэх шиг хэцүү юм хаана байна. Тэгвэл хүн хариуцлагагүй байх шиг муухай юм хаана байна. Үүнийг системээр нь засах ёстой. Зах зээлийн энэ зарчимд шилжүүлчихвэл Грандмедийн алдааг бид шүүмжлэх ёстой. Бидний муу хийсэн зүйлийг эднийх илчлээд байгаа биз дээ. Тэгвэл мэргэжлийн төвшинд өрсөлдье. Дараа нь хэн хожих вэ гэвэл Монголын ард түмэн хожно. Ингэснээр хяналтын систем зөв тогтоно.
- Сүүлийн үедмэдрэлийн өвчнийг мэс заслаар бус ховс, бариа заслын аргааар эмчлэх болсон. Энэ хэр үр дүнтэй вэ?
-Ховс эмчилгээ байдаг юм уу, үгүй юү гэдгийг тогтоож, үр дүнг нь тооцох хэрэгтэй. Ямар шалгуураар тогтоож хүн эмчилж байна вэ гэдгийг манайх тогтоогоогүй. Бариач, хүнийг сүхээр цохиж эмчилдэг, хатгадаг олон хүн баталгаагүй эмчилгээ хийж байна. Зарим нь бүр эмнэлгийн ямар ч мэдлэггүй байх жишээтэй. Үүнийг нь судалж үзэх хэрэгтэй. Ханиадтай хүнийг эмчилсэн ч, эмчлээгүй ч эдгэнэ. Ховс нь үнэхээр эмчилгээний арга мөн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, ийм стандартаар явуулъя гэдгийг тогтоож өгөх ёстой. Үүнтэй адилхан манай тасагт хийж байгаа бүх эмчилгээ олон улсын стандартад очих ёстой. Үүгээр л уралдана. Хэн хэнээ хянадаг шударга системтэй болж жинхэнэ өрсөлдөөн бий болно. Өрсөлдөж байгаа хүмүүс бие биеэ хайрлах уу. Мэргэжлийн хяналтын байгууллагад тархины мэс заслын эмч байхгүй бол хэзээ ч хянаж чадахгүй. Яагаад гэвэл бүх юм нь хаалттай орчинд хийдэг мэс засал. Манай тасаг мэдрэлийн мэс заслын өвчтөнүүдийн 90 хувийг үнэ төлбөргүй эмчилдэг. Энд ажиллаж байгаа залуучууд бие сэтгэлээ зориулаад ажиллаж байгаа. Энэ бүхэн Ж.Хайрулла багшийн гавьяа. Сайн тосолгоотой машин яаж ажилладаг вэ түүнтэй адил бүгд нийлж ажиллаж байж хүний амь авардаг. Бидний үүнд юу саад болж байна вэ гэхээр систем. Үүнийг сайд хийж байсан хүн, нийгэм маань олж хардаггүй. Ингээд ярьчихаар энэ мөнгө авах гээд байгаа юм байна гэдэг. Би өөрөө ч гэсэн эмч хүн. Гэхдээ би баталгаатай, сайн эмнэлэг, эмчээр эмчлүүлэхийг хүсдэг. Дараа нь миний эрүүл мэндийн даатгалын 80 хувийг даатгал төлөөсэй гэж хүсч байна. Хүмүүс 100 хэдэн сая төгрөгийн үнэтэй машинаа даатгуулаад байгаа биз дээ. Тэгвэл машин хүнээс үнэтэй юм уу. Даатгалаа улсын болон хувийн байгууллагаас ч авч болно. Энэ мөнгөөрөө эх орондоо найдвартай эмчлүүлэхийг хүсч байна.
-Таны хоёр төсөл амжилттай хэрэгжиж байгаа гэж сонссон?
-Миний хувьд тархины мэс заслын бүх чиглэлээр ажилладаг. Докторын цолоо тархины судасны цүлхэнгийн мэс заслаар хамгаалж байгаа. 22 жилийн хугацаанд зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан 10 бүтээл, эрдэм шинжилгээний есөн өгүүлэл, үүнээс гадаад хэл дээр хоёр өгүүлэл нийтлүүлсэн. Гадаад, дотоодод тавьсан илтгэл 38 байна. Мөн хоёр төсөл хэрэгжүүлсэн. Нэг нь нурууны дискэн ивэрхийн бичил мэс засал. Хоёр дахь төсөл маань энэ жил дууслаа. Монголд бэхэлгээтэй нурууны мэс заслын аргачлалыг нэвтрүүлэх 360 сая төгрөгийн өртөгтэй төсөл. ЭМСЯ-нд хамгийн сайн төслөө хүлээлгэж өгсөндөө баярлаж явдаг. Хоёр төсөл хэрэгжсэнээр манайд нурууны багаж, тоног төхөөрөмж орж ирсэн. Сурахынхаа хажуугаар хэдэн залуусаа сургаж байна. Тархи бол хамгийн тансаг эрхтэн. Хүний тархи битүү ясан дотор байдаг. Хүн өөрийгөө хямдхан үнэлж байна. Эрүүл мэндийн даатгалд машин шигээ мөнгө төлж чаддаггүй. Юмыг үнэгүй байлгах тусам мөн чанараа алддаг.
Р.ОЮУН
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин