|

45 орчим тэрбум төгрөг ба Монгол банк

tonshuul 2015/02/12 1484 0

45 орчим тэрбум төгрөг ба Монгол банк

 

2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар ардчиллынхан олуулаа яллаа. Тэд намын дарга Н.Алтанхуягаар толгойлуулж "Шинэчлэлийн” гэх засгийн газраа эхмлэн байгуулав. Энэ засгийн газар шинэ, шинэ хөтөлбөр санаачилж ард олноо айх аюулгүй, амар тайван амьдруулах зорилготой. Эдгээр хөтөлбөрүүдийн нэг нь өргөн хэрэглээний бараа, товар болон ард олны амьдрах орчныг сайжруулах, иргэдээ нийгэмшүүлэх гэсэн "хүсэл” байсан ба түүнийг нь "үнэ тогтворжуулах хөтөлбөр” гэнэ.

Энэ хөтөлбөрийн хүрээнд 2013 онд Барилга хот байгуулалтын яамны сайд Ц.Баярсайхан Монголбанкны шинэхэн Ерөнхийлөгч Н.Золжаргал нарын хамтарсан А-2/06 тоот тушаал гарч монголын "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна.

Ингээд нилээд хэдэн ААН-ыг тусгайлан сонгон авч хэдэн зуун тэрбум төгрөгийн маш бага хүүтэй зээлийг олголоо. Гэтэл нөгөө зээл авсан аж ахуйн нэгж, компаний зарим нэг нь авсан зээлээ гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хэрэглэлгүй шал өөр бизнес эрхлээд явж байсан нь шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хийсэн шалгалт, шүүлтээр илэрчээ.

ШӨХТГ-аас үнэ тогтворжуулах гэрээний үүргийн биелэлтэд шалгалт хийхэд:

  1. "Монос констракшн” ХХК,
  2. "Монтул” ХХК,
  3. "Бүрд констракшн” ХХК,
  4. "Очир ням” ХХК,
  5. "Мост интернешнл” ХХК,
  6. "Орд гео” ХХК,
  7. "Төмөр транс” ХХК,
  8. "Таван богд трейд” ХХК,
  9. "Кью эс си” ХХК,
  10. "Пума” ХХК,
  11. "Анимук” ХХК,
  12. "Мөнгөн балгиа” ХХК,
  13. "Энх дөлгөөн далай” ХХК,
  14. "Баялаг говь” ХХК,
  15. "БОСБД” ХХК,
  16. "БТТ Инженеринг” ХХК зэрэг 16 компани нь гэрээний үүргээ зөрчиж, нийт 44,900,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан нь тогтоогдсон байна.

Дээрх байгууллагуудыг шалгуулахаар удахгүй хууль хяналтын байгууллагад хандахаар болоод байгаа бөгөөд гэрээний үүргээ зөрчсөн 16 компанийн хөтөлбөрийн хүрээнд авсан хөнгөлөлттэй зээлийг банкны зээлийн хүүгээр тооцон төлүүлнэ гэдгээ ШӨХТГ-ын дарга хэллээ.

Түүнчлэн эдгээр компаниудыг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлэх асуудлыг ч гэсэн хөндөж холбогдох байгууллагуудад тавихаар болжээ.

Хөнгөлттэй нөхцөлтэйгөөр авсан 45 орчим тэрбум төгрөгөө хувийн бизнес, ашиг сонирхолдоо зарцуулж ирсэн дээрх аж ахуйн нэгжүүд хуулийн өмнө хариуцлага хүлээж, торгууль шийтгэлээ хүлээн улсыг хохиролгүй болгох байх л даа. Гэвч эдгээр компанийг сонгон шалгаруулж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ирсэн албан тушаалтан, дээрх хоёр сайд хариуцлага хүлээх үү гэж хуулийнхнаас асуумаар байна.

Тэр тусмаа төр засгаа шинэчилж байна гээд төрийн төв банк нь энэ мэт бизнесийн үйл ажиллагаанд шууд утгаараа оролцож Засгийн газраас тавьж буй санал, санаачилгаар төрийн мөнгийг гарын сарвуугаараа савируулаад байж болдог юм болов уу гэсэн асуулт зүй ёсоор урган гарч байна.

Монгол банкны вэб сайтын танилцуулгад Монгол банкны тухай ингэж тодорхойлсон байна. Үүнд:

Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанкны төв нь Монгол Улсын нийслэлд байрлана. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ. Монголбанк Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараахь чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ:

Монголбанк өдгөө удирдлага /Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч/, 9 газар, 14 хэлтэс, 5 алба, 1 тусгай тасаг, 1 төлбөр тооцооны төв, аймаг орон нутаг дахь 5 хэлтэс, 12 салбар, Лондон дахь төлөөлөгчийн газартай, 430 гаруй ажиллагсадтайгаар төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, арилжааны банкуудын үйл ажиллагааг хянан чиглүүлж байна. Олон улсын түвшинд Монголбанкны хамтын ажиллагаа өргөжиж дэлхийн олон орны Төв банкуудтай ажил хэргийн холбоотой болоод байна” гэж бичжээ.

Харин нь Монгол банкны тухай хуульд, тус банкны үйл ажиллагаанд хориглох зүйл гэдэгт:

23 дугаар зүйл. Монголбанкны үйл ажиллагаанд хориглох зүйл

1. Монголбанкнаас дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

  • 1/ иргэн, хуулийн этгээдэд санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх;
  • 2/ ашиг олох зорилгоор хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө худалдан авах, худалдах;
  • 3/ Засгийн газар болон банк, Хадгаламжийн даатгалын корпорациас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалах,төлбөр тооцоо хийх, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;
  • 4/ хуулийн этгээдийн дүрмийн санд хувь оруулах, үнэт цаас худалдан авах, худалдах.
  • 5/ Засгийн газар, банкнаас бусад хуулийн этгээд, иргэнд зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргах;
  • 6/ хуулийн этгээд, иргэний дотоод, гадаадаас авах зээлийг дэмжих зорилгоор алт болон нөөц активыг барьцаалах;
  • 7/ улсын төсөвт тусгагдаж Улсын Их Хурлаар батлагдсан, энэ хуулиар зөвшөөрснөөс бусад, хуулийн этгээд, иргэний эдийн засгийн буюу арилжааны үйл ажиллагааг дэмжсэн тэнцлийн болон тэнцлийн гадуурх аливаа гүйлгээ хийх зэргийг тас хорьдог юм байна.

Харин энэ банкны Ерөнхийлөгч гэгч этгээд ямар эрх дархтай байж, ямар үүрэг хүлээдгийг бас сонирхлоо: 

28 дугаар зүйл. Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрх, түүнийг хэрэгжүүлэх баталгаа

1. Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • 1/ Монголбанк, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах;
  • 2/ банкны үйл ажиллагааны зохистой харьцаа, хэм хэмжээ, шаардлагыг тусгасан бодлого, санхүү бүртгэл, мэдээлэл, удирдлага, зохион байгуулалт зэрэг асуудлаар дүрэм, журам, заавар, тушаал гаргах;
  • 3/ Улсын Их Хурлын Байнгын Хороо, Засгийн газар, холбогдох бусад байгууллагатай шууд харилцаж Улсын Их Хурлын чуулган, Байнгын хороо, Засгийн газрын хуралдаанд өөрийн байр суурийг илэрхийлэх;
  • 4/ энэ хуулийн гурав, дөрөвдүгээр бүлэгт тодорхойлсон Монголбанкны үйл ажиллагааг явуулахад шаардлагатай тохиолдолд Засгийн газар буюу банкны нэрийн өмнөөс өөрийн хөрөнгийн хэмжээнд багтаан зээл, төлбөрийн болон банкны баталгаа гаргаж болно.
  • 5/ Монголбанкнаас үзүүлсэн ажил, үйлчилгээнд авах шимтгэл, олгосон зээлийн хүүгийн хувь, хэмжээг тогтоох;
  • 6/ Монголбанкны зохион байгуулалтын бүтцийг тогтоох;
  • 7/ банкны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөхөд түүний мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар зэрэг асуудлаар банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвшилцөх, шаардлагатай гэж үзвэл гүйцэтгэх захирлыг өөрчлөх тухай банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд зөвлөмж өгөх, банкны тухай хууль тогтоомжид заасан үндэслэлээр түдгэлзүүлэх, чөлөөлөх;
  • 8/ төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай асуудлын талаар Засгийн газарт мэдээлэх, түүнтэй хамтарч шийдвэр гаргах;
  • 9/ төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, санхүүгийн зах зээлийн байдлын талаар Монголбанкны дүгнэлт, саналыг Улсын Их Хурал, Засгийн газарт улирал тутам танилцуулах;
  • 10/ банкны шийдвэр банкны тухай хууль тогтоомж, Монголбанкны шийдвэртэй харшилж байвал түүнийг хүчингүй болгох;
  • 11/ банкны мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх,давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх арга хэмжээ авах;
  • 12/ энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжийн биелэлтийг иргэн, хуулийн этгээдэд шалган танилцаж, хуульд заасан арга хэмжээг авах, биелэлтийг нь бүрэн хангуулах талаар даалгавар өгч, гүйцэтгүүлэх;
  • 13/ банкны өөрийн хөрөнгийн зохистой хэмжээг хангах зорилгоор түүний бүтэц, хэмжээг өөрчлөх;
  • 14/ Монголбанкны ажилтны ёс зүйн дүрмийг батлах;
  • 15/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2. Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь баталгаагаар хангагдана:

  • 1/ төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд тохирсон цалин авч, шаардлагатай бусад хангамж эдлэх;
  • 2/ уналга, холбооны хэрэгслээр хангагдах;
  • 3/ гадаадад зорчих, байх хугацаанд дипломат эрх ямба, дархан эрх эдлэх;
  • 4/ хуулиар тогтоосон бусад баталгаа.

3. Монголбанкны Ерөнхийлөгчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай Улсын Их Хурлын даргад 24 цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих,түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, гэр орон, уналга, албан тасалгаа,биед нь нэгжлэг хийхийг хориглоно.

4. Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд улс,орон нутгийн албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.

5. Монголбанкны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд хуулиар хариуцуулсан үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаалыг хавсран эрхэлж болохгүй.

6. Монголбанкны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход түүнийг тодорхой ажил,албан тушаал эрхлүүлэх, тийм боломжгүй бол чөлөөлөгдсөнөөс хойш нэг жилийн хугацаанд амьдралын түвшинг нь бууруулахгүй байх арга хэмжээг Улсын Их Хурал авна гэж заажээ.

Одоо харин үнэ тогтворжуулах гэсэн "сайхан сэтгэлийн” санаачилга нь монголын төсөв, санхүүд ямар ашиг орлого оруулж, хор гэм учруулсныг зохих хууль хяналтын байгууллага нь мөрдөн шалгах ёстой ба эдгээр эрх дархтануудын хийсэн, хийж буй, хийхээр төлөвлөж байгаа элдэв хөтөлбөрийн ашиг шимийн өчүүхэн хэсэг нь ард олонд очиж, алданги хохирлын дааж давашгүй ачааны хүнд нь ард олны нуруун дээр ирдэг болохыг бид мэднэ.

Г.Чугаа

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top