|

Оюутолгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто” групп Норвегийн санд халдах эрхгүй…

saikhnaa 2016/08/16 728 0

Оюутолгойн хөрөнгө оруулагч  “Рио Тинто”  групп Норвегийн санд халдах эрхгүй…

 

Дэлхийн улс орнуудад түүхий эдийн болон түүхий эдийн бус баялгийн сангууд олон арван жилийн өмнөөс  байсаар ирсэн. Абу Дабигаас Сингапур хүртэл олон орнуудын Баялгийн сангуудын нийт хөрөнгө  5 их наяд ам долларт хүрсэн гэх тооцоог  "TheCityUk” гаргасан байдаг юм. Харин Тогтворжуулалтын сан, Хуримтлалын сан, Болзошгүй нөөцийн сан гэсэн 3 төрөлд хуваагддаг тэдгээр сангуудын нийт хөрөнгийн тэн хагас нь газрын тос болон бусад түүхий эдийн экспортоос цугласан байдаг аж. Тэрчлэн дэлхий дахины хамгийн том Баялгийн сангуудын нэг болох, нийт хөрөнгөөрөө  Абу Дабигийн сангийн дараа хоёрт ордог, ил тод удирдлагаараа Сингапурын сантай дүйцэхүйц сан болтлоо хөгжиж чадсан Норвегийн Газрын тосны сангийн хөрөнгө чамгүй өссөн мэдээ ирж л байдаг.

1990 онд Норвегийн Засгийн газар  "Газрын тосны сан” нэртэй тэтгэврийн санг газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэх зорилгоор байгуулсан байдаг.  Норвегийн Хойд далайн эрэг орчимд 1969 онд газрын тос олдсон нь уг санг байгуулах гол түшиц болж өгсөн бөгөөд улмаар Европдоо хамгийн том тэтгэврийн сан болж хөгжиж чаджээ. Энэ санд газрын тосны олборлолтын лицензийн төлбөр, газрын тосны татвар болон Засгийн газрын  хувь эзэмшдэг "СтатОйл” компанийн хувьцааны ноогдол ашиг төвлөрдөг. Сангийн хөрөнгийн удирдлагыг Төв банк нь хариуцдаг. Түүнчлэн  ойрын ирээдүйд шаардлагатай байгаа их хэмжээний тэтгэврийн найдвартай эх  үүсвэр болж байгаа аж. Дотоодын эдийн засагтаа халалт  үүсгэхгүй байх зорилгоор ихэнхи хөрөнгөө  гадагшаа эрсдэл багатай хөрөнгө  оруулалтад зориулж, олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 5 хувиа зарцуулдаг тус сан нь Төсвийн нэг  хэсэг болдог байна.

Энэ сангийн хөрөнгөнөөс ёс зүйн хувьд асуудалтай бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийдэггүй бөгөөд хомроголон устгах зэвсэг, тамхины үйлдвэрлэл, хүний эрхийг зөрчсөн, байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулах хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг худалдаж авахаас татгалздаг аж. Бүр хувьцааг нь худалдаж авахыг  хориглосон үзүүлэлтүүдийг "хангасан” компаниудын жагсаалт байдаг аж. Тэгвэл манай эдийн засгийн гол түшиц гэгдээд байгаа Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто группд энэ сан яаж байсан ч хөрөнгө оруулахгүй аж. Учир нь Рио Тинто группийг байгаль орчинд ноцтой хор хөнөөлтэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын жагсаалтад багтаачихсан байдаг аж.

За харин тус сангийн багцад хийсэн хамгийн сүүлийн өөрчлөлт нь Францын  Засгийн газрын бондыг 25 хувь,  Их Британийн  Засгийн газрын бондыг 13 хувиар бууруулж, Австралийн Засгийн газрын бондыг 4 дахин нэмэгдүүлсэн явдал юм байна.

Тэгэхээр Засгийн газрын баялгийн сан байгуулсан бол хэрхэн ажиллуулж, үр дүнд хүрч болдог вэ гэдгийг Норвегийн Сангаас харж болохоор аж. Ямар ч байсан тэд эрсдлийг багасгах тал дээр дорвитой анхаарч чаддаг нь ухаалаг хөрөнгө оруулалтыг хийж чаддагаас нь харагдана.

Эх сурвалж: Шуурхай.мн  Э.Болор

Линк: http://www.shuurhai.mn/122635

Санал болгох

Сэтгэгдэл

top