|

Цэргийн алба хаагчдыг ашиглаж орон нутгийн эрхийг хууль бусаар авах уу?!

saikhnaa 2016/10/11 621 0

Цэргийн алба хаагчдыг ашиглаж орон нутгийн эрхийг хууль бусаар авах уу?!

 

-Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа энэ цагт хугацаат цэргийн алба хаагчдыг ашиглаж, орон нутгийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байна гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Үнэхээр хөдөөгийн зарим сумдад орон нутгийн эрхийг хууль бусаар авах гэсэн нөхдүүд атгаг төлөвлөгөөгөө хэдийнэ хэрэгжүүлээд эхэлжээ-

Төрийн анхан шатны байгууллага болох сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох орон нутгийн ээлжит сонгууль болоход хагас сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Тэгвэл сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байгаа энэ цагт хугацаат цэргийн алба хаагчдыг ашиглаж, орон нутгийн эрхийг хууль бусаар авахыг санаархаж байна гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн Алтай, Үенч зэрэг сумын багуудад хугацаат цэргийн алба хаагчдыг хувааж, орон нутгийн сонгуулийн санал өгүүлэх шийдвэрийг дээрээс гаргажээ.
Үүнээс гадна УИХ-ын гишүүн асан Д.Батцогт өөрийн цахим хуудаснаа "Би Ховд аймгийн зарим сумдаар орж иргэдтэйгээ уулзлаа. Гэтэл Алтай, Үенч сумын багуудад хугацаат цэргийн алба хаагчдыг хувааж, орон нутгийн сонгууль өгүүлэх шийдвэрийг дээрээс өгсөн байна. Өөрөөр хэлбэл, хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 19-нд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд оролцож сонголт хийчихээд маргааш нь нутаг руугаа халагдаад явах нь. Монгол Улсын түүхэнд анх удаа хугацаат цэргийн алба хаагчдыг багуудад хувааж орон нутгийн сонгууль өгүүлэх гэж байна. Эрхэм Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт та өмнө хойчид байгаагүй энэхүү жишгийг болиулж өгнө үү. Орон нутгийн иргэд өөрсдөө ирэх дөрвөн жил орон нутгаа удирдах хүмүүсээ сонгохыг хүсч байна” гэжээ.

barimt_02121

barimt_154545

Эх сурвалжийн өгсөн энэхүү мэдээллийг УИХ-ын гишүүн асан Д.Батцогт хүртэл Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж өөрийн цахим хуудаснаа тавьснаас үзэхэд үнэхээр зарим нэр бүхий нөхдүүд орон нутгийн эрхийг хууль бус аргаар авахыг санаархаж, түүнийгээ хэрэгжүүлээд эхэлсэн бололтой. Энэ бүхнийг батлах бас нэгэн баримт бол Ховд аймгийн Үенч сумын Засаг дарга Э.Уртнасан аймгийнхаа Сонгуулийн хорооны дарга Л.Батбаярт хандаж, гомдол гаргажээ.
Тэрхүү гомдолд "Монголын ард түмэн бид Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох, сум болон орон нутгийн удирдлагаа томилох хариуцлагатай цаг мөчтэй золгож нам, улс төрийн хүчнүүд нутаг орон, ард түмнийхээ төлөө хийх ажлаа танилцуулан бодлогоороо уралдан сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдөө нутгийн иргэд нь өөрсдөө шууд, чөлөөтэй сонгох Үндсэн хуулийн зарчмыг ноцтойгоор зөрчиж, хугацаат цэргийн алба хаагчдыг багуудад хуваарилан орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдаж байна гэх иргэдийн гомдол ихээхэн гарч байна” гэжээ.
Тэрбээр аймгийн Сонгуулийн хорооны даргад хүргүүлсэн гомдлынхоо төгсгөлд "Уг хугацаат цэргийн алба хаагчдыг Сонгуулийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 31.11 дэх хэсэгт заасны дагуу ядаж тухайн харьяалах Хөх-Үзүүр багийн хэсгийн хороонд бүртгэхгүй уулын мухарт байгаа багт хуваарилсан нь орон нутгийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдаж байна гэсэн иргэд сонгогчид ихээхэн гомдолтой бухимдалтай байгаа тул уг асуудлыг судлан үзэж, хуулийн хүрээнд шийдвэрлэн хариу өгөхийг хүсэе” гэсэн байна.
Уг нь бол иргэн, төр хоёрыг холбогч анхан шатны байгууллагын дарга нарыг сонгох орон нутгийн сонгууль ямар ч улстөржих шаардлагагүй албан тушаал байлтай. Учир нь, энэхүү местинд сонгогдсон нөхдүүд тухайн сум, баг, дүүрэг, хорооныхоо иргэдийн төлөө хэлэхээсээ илүү хийдэг, явдаг жинхэнэ "хар ажилчид” байдаг. Гэтэл энэ удаагийн орон нутгийн ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг харах нь ээ хэтэрхий залуу, хувь хувьдаа улс төрийн имижийг хэдийнээ бүрдүүлчихсэн нөхдүүд өрсөлдөж байна. Энэ ч утгаараа улстөржих шаардлагагүй албан тушаалд очихыг хүссэн тэд эхнээсээ энэ мэтчилэн хууль бус үйлдлийг "далд” хэлбэрээр зохион байгуулж байгаа нь харамсалтай.

Эх сурвалж:

Санал болгох

Сэтгэгдэл

top