|

Thediplomat.com: Хятадын зээл Монголын хямралын гарц биш

saikhnaa 2016/10/26 509 1

Монголын эдийн засгийн нөхцөл байдал, УИХ-ын даргын өмнөд хөршид хийсэн айлчлалын талаар дэлхийн зарим хэвлэл  хэрхэн дүгнэн бичиж буйг "Монгол дэлхийн хэвлэлд” булангаараа тоймлон хүргэж байна.  

 

Thediplomat.com: Хятадын зээл Монголын хямралын гарц биш

 

 

Thediplomat.com: Хятадын мөнгө Монголын эдийн засгийн хямралыг шийдвэрлэж чадахгүйн учир

 

"Хятадын мөнгө яагаад  Монголын эдийн засгийн хямралыг шийдвэрлэж чадахгүй вэ” гэсэн гарчиг бүхий нийтлэлийг "Thediplomat.com” сайтад  Александер Бенард нийтэлжээ. Тус нийтлэлд "Энэ сарын эхээр Монгол Улсын Сангийн сайд болон Монгол банкны Ерөнхийлөгч Вашингтонд айлчилж, улсад нь тулгараад буй санхүүгийн дарамтыг хөнгөлж, Олон улсын валютын сангаас зээл авах талаарх анхны яриа хэлэлцээрийг хийсэн. Монголын талаас ОУВС-аас хэдий хэрийн зээл хүсч байгаа нь олон нийтэд хаалттай байгаа ч, 1.5 тэрбум ам.долларын зээл яригдсан гэсэн таамаг бий.

 

Одоогоор ОУВС хүсэлтийг хянан хэлэлцээд Монголд дахин үнэлгээ хийх техникийн багаа илгээхээр төлөвлөжээ.

 

Дунд болон урт хугацаандаа Монголын өрийг шийдвэрлэх боломжтой. Тус улсын хувьд ирэх жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ эргэн сэргэх үед дотоод дахь хөрөнгийн урсгал нэмэгдэнэ гэдэгт найдлага тавьж буй. Үнэн хэрэгтээ зөвхөн энэ жил л нүүрсний үнэ 150 хувь хүртлээ өсч, зэсийн үнэ тогтворжсон. Гэхдээ 2016 онд ашиг нь гарахгүй. Ойрын хугацаанд Монголын төлбөрийн тэнцэл алдагдсан нь бэрхшээл учруулж байна. Тиймээс Монголд ойрын хэдэн жилд таатай нөхцөл бүрдүүлэх санхүүгийн гүүр хэрэгтэй. Гэхдээ Хятад хэр хэмжээний  санхүүжилт хийх  бэ.

 

Монголын зарим хэвлэлд Хятадын Засгийн газар дөрвөн тэрбум ам.долларын зээл олгох санал тавьсан гэх мэдээлэл нийтлэгдсэн байв.  Хятадын энэ  зээл нь Монголд  улс төрийн болон худалдааны хөшүүрэг болж магадгүй. Харин Хятадын хувьд ганц Азид төдийгүй Африк, Азийн зарим бүс дэх асар том зах зээл дэх давуу талаа  улам бататгах боломжийг олгоно. Үнэн хэрэгтээ Хятадын саналыг "Нэг бүс, нэг зам” санаачилгатай холбон ойлгох хэрэгтэй. 

 

Тус санаачилгын хүрээнд Хятад Азийн  газар нутаг дагуу өөрийн стратегийн болон худалдааны ашиг сонирхлоо ахиулах замыг хайж байгаа юм. Монголын хувьд Хятадаас үзүүлэх зээлийг  тус улсын эдийн засагт шаардлагатай байгаа эдийн засгийн коридорын дэд бүтцийг  санхүүжүүлэхэд ашиглах бөгөөд улмаар Хятадын компаниудтай дэд бүтцийн бүтээн байгуулалтын гэрээг  хийх болно. Энэ нь Монголын эрдэс баялгыг Хятадын төрийн өмчит компаниуд давуу эрхтэйгээр худалдан авна гэдэгтэй утга нэг юм.

 

Тэр ч байтугай Хятад Монголын гурав дах хөршийн бодлогод оролцож, АНУ, Европтой харилцах харилцаанд хязгаар тогтоож ч магадгүй. Учир нь Монгол АНУ, Европтой стратегийн сайн харилцаатай байх аваас Хятад, Орос гэсэн хөрш хоёр улсын эсрэг хөдөлж болзошгүй учраас тэр. Нөгөө талаар ОУВС Монголын өнөөгийн нөхцөл байдлыг шийдвэрлэх санхүүжилт олгоно гэдгээ нээлттэйгээр илэрхийлсэн. 

 

Ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын зээлээр ойрын хоёр жилийн өрийн дарамтыг шийдвэрлэх санал тавьж буй. Энэ сонголтыг хийх тохиолдолд Засгийн газар зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэн "бүсээ чангалах” хэрэгтэй болно.  Гэхдээ эдгээр сонголтын алийг нь ч хийсэн ОУВС Монголын олон нийтэд нэр  үл таалагдахаар барахгүй  буруутан болж хувирч магадгүй юм” гэжээ.

 

Akipress.com: Си Зиньпин эрх баригч хоёр намын харилцааг сайжруулахын уриалжээ

 

Киргизын "Akipress.com” сайтад синьхуа агентлагын мэдээлэлд тулгуурлан дээрх гарчиг бүхий нийтлэл тавигджээ. Үүнд "БНХАУ-ын дарга Си Зиньпин  Монголын УИХ-ын болон МАН-ын дарга М.Энхболдыг  хүлээн авч уулзах үедээ хоёр улсын эрх баригч намын хоорондын харилцаа болон засаглалыг илүү тодорхой болгохыг уриалсан тухай "Синхуа” агентлаг мэдээлсэн байна.

 

Тэрбээр Хятад-Монгол хоёр улсын харилцаа дууны хурдаар сайжирч, хоёр орон тус тусын гадаад бодлогоо сайжруулан нэг нэгэндээ найр тавих болсныг онцолжээ. Мөн Си дарга Хятадын Коммунист нам болон Хятадын Засгийн газар Монгол улстай урт хугацааны хэтийн төлөв болон стратегийн байр сууринаас хандаж, стратегийн түншлэлийн харилцаагаа сайжруулахаа амласан байна.

 

Түүнчлэн, хоёр талын дээд төвшний харилцааг хадгалж, улс төрийн эрх баригч намын  харилцаа холбоог гүнзгийрүүлэхээс гадна чухал асуудлаа зөвөөр зохицуулж, холбогдох гол сонирхол хийгээд томоохон асуудлаа шийдвэрлэхэд нь нэг нэгийгээ дэмжихийг уриалсан аж. 

 

Өнгөрөгч долдугаар сард УИХ-ын даргаар томилогдсоноосоо хойш анхны айлчлалаа М.Энхболд Хятадад хийсэн бөгөөд тэрбээр айлчлалын үеэр "Нэг бүс нэг зам” санаачилга болон Хятадын хөрш улс руугаа чиглэсэн найрсаг дипломат харилцааны талаар ярьжээ. 2013 онд Си Зиньпин "нэг бүс нэг зам” санаачилгыг гаргаж, торгоны замын эдийн засгийн бүс, 21 дүгээр зууны далайн толгоны замыг хөгжүүлэх санал гаргасан байдаг.

 

Энэ хүрээнд Европ, Африкийг Азитай холбосон эртний худалдааны зам дагуу дэд бүтцийг бий болгож, худалдаа арилжаа хийх юм.  М.Энхболд Монголын улс төрийн хүчнүүд өөр өөр үзэл сурталтай ч Хятадтай харилцаагаа бэхжүүлэх явдлыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрнө гэдгийг онцолж байлаа. Түүнчлэн, Коммунист намтай нөхөрсөг харилцаатай байхын зэрэгцээ ойр дотно харилцаатай байхыг хүсч буйгаа нэмж хэлсэн байна” гэсэн байв.

 

BBC: Монгол Улс "Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй

 

Английн "BBC” агентлагт Оюутолгой төслийн талаар болоод Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ийм нийтлэл тавигдсан байлаа. Энэхүү мэдээлэлд "5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтыг эн тэргүүнд тавин ажиллаж байгаа учраас Монгол Улс "Оюутолгой” төслөөс 10 жилийн хугацаанд ногдол ашиг хүртэхгүй гэж "Рио Тинто” групп мэдэгдэв. "Оюутолгой” бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлмэгц дэлхийн хамгийн том таван зэсийн уурхайн нэг болох юм. Монголын уул уурхайн түүхэн дэх хамгийн том энэ орд тус улсын ДНБ-ний гуравны нэгийг дангаараа бүрдүүлэх боломжтой аж.

 

"Оюутолгой” бол урт хугацааны төсөл гэдгийг бид мартаж болохгүй. Ордын дэд бүтцийг бий болгоход тав, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд 7-9 жилийн хугацаа хэрэгтэй гэж тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак ярьж байна.

 

"Бидний ажил дуусах хүртэл буюу ирэх 10 жилийн хугацаанд хэнд ч ногдол ашиг төлөхгүй. Энэ оны эхний хагаст манай компани

 

"Оюутолгой” ордоос 53 сая долларын цэвэр орлого олсон” гэж тэрбээр мэдэгдсэн байна.  "Рио Тинто” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийнхөн энэ долоо хоногт Монголд очихдоо Хятадын хилээс 80 км зайд орших "Оюутолгой” ордод зочилсон байна. Мөн Жан-Себастьян Жак энэ долоо хоногийн эхээр Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай уулзжээ. Энэ хамтарсан төсөлд талууд хоорондын харилцаа ямар түвшинд байгаа талаар бид нээлттэй ярилцсан гэж тэрбээр дурдаад "далд уурхайн бүтээн байгуулалтын ажил урагштай байгаа бөгөөд одоогийн байдлаар 1600 хүн уг төсөл дээр ажиллаж байгаа бол оны эцэст ажилчдын тоо 2400-д хүрнэ гэлээ” хэмээжээ.

 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Санал болгох

Сэтгэгдэл

top