Ийм зарыг хаа нэгтээгээс олон харсан байх. Зарын сайт, сонинд өөртөө итгэлтэй охидыг ажилд авна, өндөр цалинтай, гадаадад ажилд зуучилна гэх олон зарыг харж, ажилд орохыг хүсэгчид ч их. Үүнээсээ болоод гэмт хэргийн золиос болох нь бий. Тиймээс ийм зарыг харж ажилд орохоор уулзах, улмаар тэдгээр хүмүүсийн үгэнд итгэх вий гэдгээс болгоомжлох цаг хэдийнэ иржээ.
Саяхан "Өндөр цалинтэй ажилд өөртөө итгэлтэй залуу охидыг авна” гэсэн зарын цаана охидын биеийг үнэлүүлдэг байсан хэрэг гарсан. Баянгол дүүргийн 3-р хорооны харьяат Г гэх эмэгтэй АНУ-д байрлах насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст шууд холбогдсон студи нээсэн байна. Уг студид ажиллах охидыг ажилд авч, цахим орчин камер ашиглан гаж үйлдлүүд хийлгэдэг байсан аж. Тэрбээр энэ хууль бус үйлдлээ зургаан жил хийжээ.
Энэ төрлийн гэмт хэрэг анх удаагийнх биш. Хэдэн жилийн өмнө гэхэд удаа дараа БНХАУ-д Монгол охидын биеийг үнэлүүлэхээр авч явах ажлыг иргэн Х зохион байгуулсан хэрэг гарч байв. Охидын биеийг үнэлүүлэхдээ долоо хоногийн дотор нэг сая төгрөгтэй болох ажил бий гэж худал хэлэн Хятадад аваачдаг байсан байна. Энэ мэт худал зарын цаана охидын биеийг хүчээр үнэлүүлэх, цоожтой өрөөнд түгжих гээд ноцтой асуудлууд их гардаг. Шүүхээр ч ийм хэргүүдийг шийдвэрлэсээр байна. Иймд охид бүсгүйчүүд худал зард хууртагдахгүй байхыг анхааруулж байна. Мөн хялбар аргаар, богино хугацаанд өндөр цалин авах боломжгүй гэдгийг ажил хайгч бүсгүйчүүд ч санахад илүүдэхгүй шүү.
М.Болор