|

Эрдэнэтийн телевизүүд иргэдийн үгэн зарыг үнэ төлбөргүй цацахаар боллоо

bayaraa 2015/01/13 1055 0

Эрдэнэтийн телевизүүд иргэдийн үгэн зарыг үнэ төлбөргүй цацахаар боллоо Манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 10 гаруй телевизүүдээс Чөлөөт уран бүтээлийн НБТВ HD телевиз болон "Тусгал-1”, "Тэнгэр”, "ETV”, "MBS”, "ТВ-10” гэсэн 6 телевизийн удирдлагуудаас санаачлан эдийн засгийн хямралтай байгаа энэ үед иргэдэд бага ч болов тус дэм болох зорилгоор хуулийн хүрээнд зарлагдах бүх төрлийн үгэн зарыг үнэ төлбөргүй цацах шийдвэрийг гаргалаа.

        Хэдийгээр хувийн телевизүүдийн орлогын нэг хэсгийг үгэн зарын үйлчилгээ эзэлдэг боловч үгэн зарыг үнэ төлбөргүй явуулснаар телевизүүд зөвхөн ашгийн төлөө бус иргэдэд хүрсэн чанартай нэвтрүүлэг, мэдээ мэдээллүүдийг хүргэхийн төлөө ажиллах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг гэдгийг онцолж байлаа. "Хямралыг хамтдаа давъя” уриан дор эхэлсэн энэхүү санаачилга хэдхэн хоног яваад дуусахгүй эдийн засгийн хямрал дуусаж хэвийн байдалд ортол үргэлжилнэ.

     Тусгай дугаараар үгэн зарыг авахгүй бөгөөд тухайн иргэний өгөх зарын үгийн тоо болон үргэлжлэх хоногийн хугацаа тодорхой хязгаартай байх юм.

       Мөн үгэн зарыг үнэ төлбөргүйгээр цацах дээрх 6 телевизийн гадуур зарын цэгүүдэд зар авахгүй ба зар өгөх иргэд өөрийн биеэр тухайн телевизүүдэд очиж зараа өгөх юм. Үнэ төлбөргүйгээр үгэн зарыг цацах үйлчилгээ зөвхөн хувь хүн буюу иргэдэд хамааралтай бөгөөд ААН, байгууллага албан газрууд үгэн зарыг тарифын дагуу төлбөрөө төлөөд зараа явуулна. Эдгээр телевизүүдийн удирдлагуудын зүгээс хувийн компаниудаас гаргаж байгаа энэхүү санаачилгыг дэмжин цаашид ч мөн иргэдэд чиглэсэн энэ мэт ажлыг хэрэгжүүлэхийг үндэсний хэмжээний томоохон компаниудад уриалж байгаа юм.
 

 

Сэтгүүлч: Н.Цэнд-Аюуш

эх сурвалж: erdenet.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top