БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хон Гю-тай МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлчид уулзаж ярилцлаа.
-Нью-Йорк хотноо хуралдаж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганы 3 дугаар хорооны хуралдаанаар 11 дүгээр сарын 15-нд БНАСАУ-ын хүний эрхийн асуудалтай холбоотой тогтоол батлагдлаа. Энэ талаар Та байр сууриа илэрхийлнэ үү?
-Та бүхний сайн мэдэж байгаачлан одоо Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганы 3 дугаар хорооны хуралдаан болж байгаа бөгөөд энэ хурал дээр огт байхгүй хэргийг тулган хүлээлгэж манай улсын ард иргэдийн хүний эрхийн асуудлыг хэлэлцлээ.
Дайсагнасан хүчнүүд хилийн чанадад явуулж байгаа манай эдийн засгийн үйл ажиллагааг "хөрөнгө босгож байна”, "хөдөлмөрчдийн хүний эрхийг зөрчиж байна” гэх зүйлээр гүжирдэн шалтаглаж, хааж боохоор хорт явуулга явуулж байна. Түүний нэг сонгодог жишээ бол Америкийн ятгалгаар Европын холбоо ба Япон хоёр эвсэж "хүчээр хөдөлмөр эрхлүүлж шулан мөлжүүлж байгаа Хойд Солонгосын ажиллах хүчинд санаа зовж байна” гэсэн тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71-р чуулганы 3 дугаар хорооны хуралдаанаар баталлаа.
Манай хөдөлмөрчид, ажилчид бол хэний ч тулгалт шахалтгүйгээр өөрсдийн хүсэл зорилго, хэрэгцээ шаардлагын дагуу хилийн чанадад хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд мөн тэд өөрсдийнхөө хүслийн дагуу эрхэлж буй ажлаа орхин нутаг буцах эсэхээ шийдэх бүрэн эрх эдэлдэг.
Тэдний хөдөлмөр эрхлэх болон ажиллаж амьдрах орчин нөхцлийг хангах тухай асуудал нь тухайн орны Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж, дүрэм журамд үндэслэн компани хооронд хийж буй гэрээний эн тэргүүнд тавигддаг чухал заалт юм.
-Манай улсад БНАСАУ-ын иргэд хөдөлмөр эрхэлдэг. Ойролцоогоор танай улсын хичнээн иргэн ажиллаж, амьдарч байна вэ?
-БНАСАУ ба Монгол Улсын хооронд байгуулсан мэргэжилтэн, ажиллах хүч солилцох тухай гэрээ хэлэлцээрийн дагуу эдүгээ манай 2500 орчим мэргэжилтэн, ажиллах хүч Монгол Улсад барилга угсралт, хөнгөн аж үйлдвэр, эрүүл мэнд зэрэг салбарт хөдөлмөр эрхэлж, ажиллаж амьдарч байгаа.
Энэ хүмүүс албан ёсны виз авч Монгол Улсын аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээнийхээ дагуу хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд хүн амын орлогын албан татвар, ажлын байрны төлбөр зэрэг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу татвар, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг.
Манай ажиллах хүчний дийлэнх нь барилга угсралтын салбарт ажиллаж байгаа. Үүнээс гадна замын барилга, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Мөн Солонгосын дорно дахины эмч нар Монголд эрүүл мэндийн үйл ажиллагаа, үйлчилгээ явуулж байна.
-Монголоос гадна өөр хэдэн оронд БНАСАУ ажиллах хүч гаргадаг вэ?
-Ази, Африк, Дундад Ази, Европын олон оронд манай ажилчид хөдөлмөр эрхэлж байгаа. Тэр дундаа Африкийн орнуудад олон хүн ажиллаж байна. Тухайн улсын Засгийн газартай гэрээ хийж, түүнийхээ хүрээнд хувийн компаниудтай гэрээ байгуулан, манай ажиллах хүч илгээдэг.
-БНАСАУ гадаадад ажиллах хүч илгээх асуудлаар дотооддоо ямар бодлого баримталдаг вэ?
-Манай улс хилийн чанадад ажиллах хүчин илгээх зөвшөөрлийг дотоодын тухайн компанид олгохдоо гагцхүү ажиллах амьдрах орчин нөхцөл нь бодитойгоор бүрэн хангагдсан нөхцөлд л олгодог хатуу дүрэм журамтай улс.
Ажиллах хүчний ар гэрийн ахуйн амьдралыг тэдний харьяалагдаж байгаа компани бүрэн хариуцан даадаг бөгөөд үүнийг хатуу чанд сахихыг хуулинд баталгаажуулан зааж өгдөг.
Хөдөлмөр эрхлэх орчин нөхцлийн тухай асуудал бол тэдний ажиллаж байгаа тухайн орны Хөдөлмөрийн тухай хуулиар бүрэн баталгаажсан байдаг тул үнэн чанартаа "хүчээр хүнд хөдөлмөр эрхлүүлж байна”, "шулан мөлжиж байна” гэх зэрэг нь бодит үнэнд нийцэхгүй гүжир гүтгэлэг юм. Тиймээс Элчин сайд би БНАСАУ-ын хүний эрхийн асуудлаарх зарчимч байр суурийг илэрхийлэх шаардлагатай болж байна.
-Тэгвэл БНАСАУ-ын иргэдийн хүний эрхийн асуудлаар яагаад хөндөж ярих болов? Энэ талаар Та ямар бодолтой байна вэ?
-Америк болон барууны орнууд олон мянган цагаач иргэдийнхээ ахуйн амьдралыг шийдэж чадахгүй, яахаа мэдэхгүй байгаа мөртлөө тухайн орны хуулийн дагуу зохих гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллаж амьдарч байгаа манай хөдөлмөрчдийг "хүний эрхийг зөрчиж байна” хэмээн гүтгэж байгаа нь үнэн хэрэг дээрээ манай ажиллах хүчин илгээх бодлогыг хааж боох гэсэн улс төрийн далд санаа зорилго агуулж байна.
Тэдний хүний эрхийн асуудлаар түрий барьж манай ажиллах хүчний хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа явдал нь ажилчин ардын хууль ёсны хөдөлмөр эрхэлж ахуй амьжиргаагаа залгуулах эрх чөлөөг түрэмгийлэн булаан авч байгаа хүмүүнлэг бус ёс суртахуунгүй үйлдэл мөнөөс мөн бөгөөд эсрэгээрээ энэ мэтээр манай хөдөлмөрчдийг доромжилсныхоо төлөө уучлал гуйх ёстой.
Америк зэрэг дайсагнасан хүчин наанаа хүний эрхийн асуудлаар манай ажиллах хүчин илгээх бодлогыг харлуулан муулж цаагуураа дэлхийн улс орнуудад бидэнтэй эдийн засгаар хамтран ажиллахгүй байхыг ятган сэнхрүүлэх гэж хайран цагаа дэмий үрж байхын оронд Америкийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хийгээд хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал, Европын холбооны өмнө тулгамдаад байгаа олон мянган дүрвэсдийн болон цагаач иргэдийнхээ асуудалд илүү санаа тавих нь дээр юм.
-Ярилцлагаа хоёр орны харилцааны асуудлаар үргэлжлүүлье. Монгол Улс, БНАСАУ-ын дипломат харилцааны түүх хэрхэн өрнөсөн талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
-Хагас зуу гаруй жилийн түүхтэй хоёр орны хоорондын найрсаг харилцаа бол Солонгосын ард түмний Агуу их жолоодогч нөхөр Ким Ир Сен болон Ким Жөн Ир нар Монгол Улсын үе үеийн төр, засгийн тэргүүн нартай хамт бий болгож өгсөн үнэт зүйл юм. Уг найрсаг харилцаа өнөөдөр хоёр орны ард түмний эрх ашигт нийцэн сайтар хөгжиж байна.
Бид хоёр орон маань хүнд бэрхшээлтэй үед харилцан дэмжин тусалж ирсэн баярлууштай сайхан уламжлалтай байгаадаа нэн баяртай байдаг. Монголын Засгийн газар ба ард түмэн нь манай ард түмэнд эх орноо чөлөөлөх дайны үед болон дайны дараах сэргээн босголтын жилүүдэд өнчин хүүхдийг ивээлдээ авч сурган хүмүүжүүлэх болон сэтгэл санаа эд материалын тусламж дэмжлэг үзүүлсэн бөгөөд сая манай орны хойд хэсэгт тохиолдсон байгалийн гамшигтай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн юм.
-Өнөөдөр манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байна гэж Та үздэг вэ? Ямар ямар салбарт голлон хамтарч ажиллаж байна вэ?
-Өнгөрсөн хугацаанд хоёр орон маань улс төр, эдийн засаг, соёл зэрэг олон салбарт хоёр талын харилцааг бэхжүүлэн хөгжүүлж ирсэн бөгөөд олон улсын тавцан дээр хүний эрхийн асуудал зэрэг олон асуудлаар нягт хамтран ажиллаж ирсэн. Манай Элчин сайдын яамны автомашины дугаар 03. Энэ нь Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон орны дарааллыг харуулж байгаа юм. Хоёр улсын тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан төр засгийн тэргүүн нар харилцан баяр хүргэж, цахилгаан мэндчилгээ солилцдог бөгөөд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал мөн үр дүнтэй явж байна. Хоёр улсын хоорондын улс төрийн харилцаа бусад орнуудаас илүү өндөр түвшинд байгаа. Эдийн засгийн хамтын ажиллагаа хоёр орны ард түмний эрх ашигт нийцэн хоёр талдаа харилцан үр ашигтайгаар явж байна.
-Та Монгол Улсад Элчин сайдаар ирээд 3 жил гаруй хугацаа өнгөрчээ.Хоёр орны харилцааны ирээдүйн төлөв, хөгжлийг хэрхэн төсөөлдөг вэ?
-Урт удаан жилийн түүх бүхий Монгол Улстай найрамдалт харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай нам, Засгийн газрын хувирашгүй байр суурь бөгөөд хоёр орны ард түмнүүдийн эрх ашигт бүрэн нийцэж, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад бас нааштай хувь нэмэр болж байна.
Бид Монгол Улсын Засгийн газар ард түмэн бие даасан олон тулгуурт гадаад бодлого явуулж дэлхийн олон улс орнуудтай улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, улс орныхоо гадаад нэр төр, байр суурийг өсөн дээшлүүлэхийн төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргаж байгааг үнэлж байна.
Цаашдаа хоёр талын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд явуулахаар зорьж байгаа. Хоёр орны хоорондын спортын харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж байгаа нь хоёр орны тамирчид харилцан зорчиж, тэмцээн уралдаанд орж, хамтарсан бэлтгэл хийж байгаагаас харагдаж байна. Урлаг соёлын хамтын ажиллагааны хувьд, БНАСАУ-д зохиогддог Хаврын урлагийн наадамд Монголоос жүжигчид, циркийн болон урлагийн хүмүүс очиж амжилттай оролцож байгаа. Манай улсын циркийнхэн, урлагийнхан ч Монголд ирж айлчлан тоглолт хийсэн.
-2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч БНАСАУ-д айлчлах үед ярьсан гол асуудал бол БНАСАУ-ын Үнсан, Ражин зэрэг усан боомтуудыг ашиглан Монгол Улс далайд гарцтай болох талаар байсан. Энэ яриа хэлэлцээр одоо ямар шатандаа явна вэ?
-Манай тал Монголын талд Үнсан далайн боомтыг ашиглах эрхийг нь өгсөн. Одоогийн байдлаар Монголын талаас Үнсан далайн боомтод хөрөнгө оруулж, хөгжүүлэх талаар судалж байгаа гэсэн мэдээлэл бидэнд байгаа. Ирэх жил эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, техникийн салбарт хамтарч ажиллах БНАСАУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын зөвлөлдөх комиссын хуралдааныг хийхээр төлөвлөсөн. Энэ хуралдааны үеэр далайн боомтыг ашиглах асуудлаар илүү дэлгэрэнгүй хэлэлцэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Ярилцсан Ш.Батболд
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал