Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.11.29/ хуралдаан 10 цаг 05 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан ч Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, зарим гишүүд ажлын шаардлагын улмаас хуралдаанд оролцох боломжгүйгээс хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг маргаашийн хуралдаанаар хийхээр түр хойшлуулав.
Дараа нь Засгийн газраас 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм. Иймээс хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулан байгуулж ажиллуулжээ.
Байнгын хорооны ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Л.Энхболд танилцуулсан юм. Ажлын хэсэг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналуудыг анхаарч тусган хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 6 саналын томьёолол, мөн дагалдах хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй нэг сл бэлтгэсэн байна.аналын томьёоло
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, Ц.Нямдорж, Ш.Раднаасэд нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авав. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, төрийн өндөр албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүд гадаад улсад данс эзэмшихийг хориглох нь Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөнө гэж төсөл санаачлагч үзэж байгаа. Тэгээд ч одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч нь гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгө орлого, дансыг мэдүүлэх зохицуулалттай. Мөн төрийн өндөр албан тушаалтан нь гэр бүлийн гишүүн, төрөл садныхаа нэр дээр данс нээсэн, хөрөнгө нуусан нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл Эрүүгийн хуулиар зохих ял шийтгэл хүлээлгэх боломж нээлттэй байгаа.
Манай улсад одоогоор төрийн өндөр албан тушаалтнууд гадаад улсад данс нээх, хөрөнгө эзэмших асуудал нь хуулийн ямар нэг зохицуулалтгүй байгаа тул энэ хууль батлагдсанаар тэдэнд хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломж бүрдэх юм. Өмнө нь ийм зөрчилд гаргасан улстөрчид ёс зүйн хариуцлага хүлээсэн гээд өнгөрдөг байсан бол цаашдаа хууль зөрчсөн төрийн өндөр албан тушаалтнуудын талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах, албан тушаалаас нь эгүүлэн татах, огцруулах зэргээр хуулийн хариуцлага хүлээлгэдэг болох ач холбогдолтой гэдгийг хэллээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийг энэ байдлаар нь цааш явуулах боломжгүй тул Засгийн газар төслөө татаж аваад дахин боловсруулж оруулж ирэх хэрэгтэй. Наад зах нь оффшор бүс гэдгийг зөв ойлгох ёстой. Оффшор бүсийн гол зарчим нь мэдээлэл гаргаж өгдөггүй, хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй байдаг явдал. Ер нь эрхийн туслалцааны талаархи гэрээгүй орнуудтай харилцан мэдээлэл авах боломжгүй тул үүнийг харгалзаж үзэх учиртай. Мөн өөрийн нэр дээр биш бол гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа нэр дээр данстай байж болно гэсэн санаа цаана нь агуулагдаад байгааг анхаарах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан манай улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын 80-аад хувь нь оффшор бүсээс орж ирдэг гэсэн баримт байдаг тул болгоомжтой хандаж гадны хөрөнгө оруулалтад муугаар нөлөөлөхгүй байхад анхаарах нь чухал гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан хуулийн төслийг хойшлуулах, дахин бодож нягтлах гэсээр цаг алдаж болохгүй, одоо хэлэлцээд нэг тийш нь болгох нь зүйтэй, харин одоо төрийн өндөр алба хашиж буй хүмүүс гадна нуусан хөрөнгө мөнгөө оруулж ирвэл өршөөх, ил тод байдлын тухай хуульд хамруулах заалтыг төсөлд нэмж тусгахад болохгүй юмгүй гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар ажлын хэсэг гишүүдээс гаргасан саналыг төсөлд аль болохоор тусгаж чамбайруулах чиглэлээр олон талаас нь харж нухацтай хандсан. Мөн УИХ-ын Тамгын газарт захиалга өгч судалгаа хийлгэн 10 гаруй улсын туршлага, жишигтэй танилцсан. Судалгаанаас үзэхэд Европын ихэнх орнууд гадаадад данс эзэмшихтэй холбоотой асуудлыг ил тод байдлын тухай хуулиараа зохицуулсан байдаг юм байна. Тэдгээрт хамаарах албан тушаалтнуудын жагсаалт гаргаж, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, данс хөрөнгөтэй холбоотой мэдээллийг ил тод бүртгэж, мэдээлдэг байна. Иймээс ажлын хэсэг хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 38900 төрийн албан хаагчийн тоог хумих замаар гадаадад данс эзэмшихийг хориглох албан тушаалтнуудын жагсаалтыг Хууль зүйн байнгын хороо гаргадаг байх нь зүйтэй гэж үзсэн гэдгийг хэллээ.
Ингээд хуралдаан даргалагч Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхлэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ажлын хэсгээс гаргасан цөөн хэдэн саналаар санал хурааж шийдвэрлэснээр олигтой хууль болж чадахгүй, зохицуулалтгүй, тодорхой бус олон асуудал цаана нь үлдчихгээд байна. Иймээс ажлын хэсгийг дахин хэд хоног ажиллуулж хэрэгжих боломжтой, олон түмний хүлээлтэд нийцсэн хууль болгоход анхаармаар байна гэсэн санал гаргасан юм. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүдийн саналыг тусгаж төслийг чамбайруулах үүднээс хэлэлцүүлгийг түр хойшлуулахад ажлын хэсэг татгалзах зүйлгүй, гол нь ямар асуудлыг хэрхэн зохицуулах шаардлагатай талаар гишүүдээс чиглэл өгөх нь зүйтэй байна гэсний дагуу УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, О.Батнасан, Б.Дэлгэрсайхан, М.Оюунчимэг, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил нар саналаа хэлснээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт дахин бэлтгэж санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.