|

“ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ИРГЭД “БАТЛАМЖ” –АА ГАРДАН АВЛАА

saikhnaa 2016/11/29 800 0

Засгийн газрын 2015 оны 6-р сарын 15-ы өдрийн 248-р тогтоолыг үндэслэж Засаг дарга 2016 оны 9-р сарын 12-ы өдөр А/448 дугаар захирамж гаргаснаар манай аймагт "Түрээсийн орон сууц” хөтөлбөр хэрэгжихээр болсон. Тэгвэл хөтөлбөрт хамрагдахаар болсон 34 айл өнөөдөр Засаг даргаас "Батламж”-аа гардан авснаар орон сууцандаа орлоо. Манай аймаг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд "Орон нутгийн хөгжлийн сан”-аас хоёр тэрбум төгрөг баталсан. Уг хөрөнгөөр  Дэнж багт байрлах "Баян-Өндөр” хороололд 34 айлын орон сууц худалдан авч иргэдэд түрээслүүлэхээр болсон. 


   Өнөөдөр батламж авч буй 34 иргэн нь өргөдөл гаргасан 400 гаруй хүнээс сугалаагаар тодорсон юм. Аймгийн Засаг дарга тэдэнд хандаж хэлсэн үгэндээ "Түрээсийн орон сууц хөтөлбөрт нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг хамруулахаар журамласан. Бид үүний дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, төрийн алба хаагч, залуу гэр бүл, өрх толгойлсон эцэг эхчүүдийг хөтөлбөрт хамруулж байна. Түрээсийн орон сууцанд орж буй та бүхний амьдралд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе” гэсэн юм. Тэгвэл дээрх 34 өрхийн төлөөлөл ярихдаа "Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсанаар амьдрах орчин нь бодитоор сайжирч байгааг онцлоод түрээсийн төлбөр хямд байгааг сайшааж байлаа. 

   Дашрамд дурдахад, Дээрх иргэд  орон сууцныхаа 1 м.кв талбайн сарын түрээсийн төлбөрийг 4000 төгрөгөөр тооцож төлнө. Энэ нь нэг өрх сард 100 гаруй мянган төгрөг төлнө гэсэн үг юм. 

http://erdenet.mn/medee/d/161100044

Санал болгох

Сэтгэгдэл

top